Баянгол дүүргийн МАН-аас нэр дэвшигчид С.Эрдэнэ гишүүний ХАМААТНУУДЫГ халз мэтгэлцээнд дуудлаа.


Баянгол дүүргийн МАН-ын хорооноос мэдээлэл хийлээ. Тэд тус дүүрэгт АН-аас орон нутгийн сонгуульд С.Эрдэнэ гишүүний ойр тойрны  14 хүн нэр дэвшээд буй талаар тэд сэтгүүлчдэд хандсан юм. Сүүлийн үед “С.Эрдэнэ гишүүний ар гэрийнхэн  Баянгол дүүргийг хувьчилж авахаар зэхэж байна” гэх мэдээлэл нэлээд гарсан боловч  МАН-ын хорооныхон төдийлөн анхаарал хандуулаагүй байна.  Гэтэл “Зууны мэдээ” сонин дээр Баянгол дүүргийн АН-аас С.Эрдэнэ гишүүний 17 хүн нэр дэвшиж байна гэсэн жагсаалт гарсан нь тэднийг ийнхүү хэвлэлийнхэнд хандахад хүргэжээ.  Тодруулбал, гишүүний эхнэр, хүүгээс өгсүүлээд түүний бие төлөөлөгч хүртэл Баянгол дүүрэгт нэр дэвшээд байгаа аж.

 

 Хэдийгээр төрөл төрөгсдөөрөө нэг газар нэр дэвшиж болохгүй гэсэн хууль байхгүй боловч УИХ-ын гишүүн эрхэм ийнхүү хамаатан, садынхаа хүмүүсийг дэвшүүлж байгаа нь дэндүү ёс зүйгүй үйлдэл,  төрийн албыг гэр бүлжүүлэх бодлого барьж байгааг тэд шүүмжилж байв. Түүнчлэн Аймаг,сум, дүүргийн  иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн тавдугаар зүйлд    “Чөлөөтэй, тэгш, шууд сонгоно гэж заасан байдаг.  Энэ хуулийн заалтыг С.эрдэнийн ойр тойрынхон үл тоомсорлож байгааг Баянгол дүүрэгт бусад намаас нэр дэвшигчид хэлж байна.   

 

 

Тэд С.Эрдэнэ гишүүний ойр тойрныхныг  мэтгэлцээнд дуудаж байгаагаа энэ үеэр дуулгасан юм. Ингэхдээ тэд цэвэр мөрийн хөтөлбөрөөрөөр мэтгэлцэх хүсэлтэй байгаагаа хэлж байв. Ингээд  АН-аас нэр дэвшигч дээрх хүмүүст мэтгэлцэх хүсэлтээ өнөөдөр хүргүүлэхээр болсноо хэлсэн юм. Уг мэтгэлцээнийг энэ сарын 19-нд нээлттэй хийх хүсэлтэй байгаагаа ч дуулгасан.  Мэтгэлцээнийг Линкольн, Дугласын зарчмаар явуулах аж.  Энэхүү нээлттэй мэтгэлцээнд С.Эрдэнэ гишүүний хамсаатнууд дүүргээ яаж хөгжүүлэх талаараа ярих уу эсвэл гэр бүлийнхнээ хэрхэн ажиллуулахаа ярих уу гэдэг нь тэдэнд нэлээд сонирхолтой байгаа гэнэ.Мэтгэлцээнийг бүх ард түмний өмнө ил тод хийх нь зүйтэй гэж тэд   үзжээ.