Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэр Чехийн элчин сайдын зүүн урд байрлах ашиглалтад ороогүй 15 давхар барилгын лифт унаж хүний амь эрсэдсэн талаар өмнө нь манай сонин мэдээлж байсан билээ. Одоогийн байдлаар холбогдох албаныхан хөдөлмөрийн аюулгүй ажиллагаанд нь судалгаа хийхийн зэрэгцээ Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэст эрүү үүсгэн шалгаж байгаа юм байна. Энэхүү “Embassy tower” гэх орон сууцыг “Бодь групп”-ын захиалгаар “Сейф фелд” ХХК барьжээ.
Эх сурвалжийн хэлснээр гүйцэтгэгч компани нь “Бодь групп”-ийн охин компани юм байна. Харин Солонгос Улсаас цахилгаан шат, урсдаг шат, урсдаг зам авчирч, угсралт, засварын ажлыг гүйцэтгэдэг “ТИССЕН” ХХК-ийн ажилчид энэ барилгын лифтийг угсарч байхад нь осол гарсан байна. Тэд барилгын нэгдүгээр давхрын лифтэнд угсралт хийж байжээ. Гэтэл 13 дугаар давхраас лифтний тэнцвэржүүлэгч буюу тус бүр 40 кг жинтэй гурван төмөр хавтан унасан байна. Үүний улмаас лифтний инженер 30 настай Т нас барж, угсралтын туслах ажилтан 25 настай Т, 27 настай Ө нар хүнд гэмтжээ.
Одоогийн байдлаар хохирогчдыг ГССҮТ-д хэвтүүлэн эмчилж байгаа аж. Осол гарах болсон шалтгааныг мэргэжлийн хяналтын байцаагчаас тодруулахад барилгын гүйцэтгэгч компани лифт байрлах хонгилд зураг төсөлд тусгагдаагүй арматурын төмрүүдийг сараалж болгон хийсэн байжээ. Харин лифт угсралтын компани ажлаа эхлэхдээ арматурын төмрүүдийг нь тасалж авах ёстой гэсний дагуу авсан байна. Гэвч хөндий хонгилд тэдгээр арматурыг авч байсан ажилчин өөрөө гишгэх газаргүй болох тул давхар бүрт нэг хөндлөн төмөр яалт ч үгүй үлдээд байсан байна. Харамсалтай нь үлдсэн арматурын нэг дээр тэнцвэржүүлэгчийн булан савлалтандаа цохьсоны улмаас ийнхүү хавтангууд унажээ.
Лифтний хүндрүүлэгч хавтан
Гэхдээ МХЕГ-ын Өргөх механизмын улсын ахлах байцаагч Н.Буйдангийн хэлснээр гүйцэтгэгч компанийн хийсэн арматур нь барилгын зураг төсөлд тусгагдаагүй ч буруутгаж болохгүй шийдэл байсан аж. Учир нь барилгад лифтийг суулгахаас өмнө хонгилын хаалгыг хаадаг ч хүн унаж амиа алдах тохиолдол цөөнгүй гарч байсан байна. Тиймээс “Сейф фелд” ХХК-ийн барилгачид хонгил уруу хүн унахаас урьдчилан сэргийлж сараалж хийсэн байж. Уг нь зөвшөөрөгдсөн зураг төслийн дагуу барилгыг барих учиртай. Энэ нь барилгын тухай хуульд ч бий. Гэтэл “Бодь групп”- ийн охин компани зургаа зөрчсөн байна.
Энэ арматурыг булангаар нь цохижээ
Үүнийг нь мэргэжлийнхэн байж болохуйц шийдэл гэж байгаа ч өмнө нь тэгж хийж байгаагүй учраас лифт угсралтын компанийнхан туршлагагүйтсэн байж болох юм. Ер нь тэнцвэржүүлэгч хавтан унаж хүний амь хөнөөсөн осол манай улсад битгий хэл бусад улс оронд ч бүртгэгдээгүйг Н.Буйдан хэлж байна. Харин “ТИССЕН” ХХК-ийн ажилчид одоогийн байдлаар манай улсад мөрдөгдөж буй технологийн карт буюу ажлын дарааллын дагуу лифт угсралтыг хийж байсан аж. Тиймээс тэнцвэржүүлэгч хавтанг нэмэх бүртээ унахааргүй болгон бэхэлгээ хийж байхыг заавал мөрдөх ажлын дараалалд цаашид албан ёсоор тусгах хэрэгтэй гэж мэргэжлийнхэн дүгнэжээ.
Хүн цохисон хавтан
Өөрөөр хэлбэл, лифтийг бүрэн угсарсны дараа буюу хавтангуудыг тусгай ховил бүхий хүрээнд нь өрж дуусгаад бэхэлгээ хийн хүлээлгэж өгөх ёстой аж. Түүнээс биш “Угсарч байх явцдаа байнга бэхэлгээ хийх ёстой” гэж заавал мөрдөх ажлын дараалалд тусгаагүй байдаг гэнэ. Дашрамд дурдахад, сүүлийн долоо хоногийн дотор Баянзүрх дүүргийн 25 дугаар хороонд байрладаг Сангийн дэд сайд С.Пүрэвийн удирддаг “Гангар инвест” ХХК-ийн барьж буй 300 айлын 16 давхар барилгаас хоёр хүн унаж, нэг нь нас барсан. Барилгын 12 давхрын гадна талын пасадны ажлыг 36 настай Б, 25 настай М нар хийж байсан аж. Гэтэл өргүүр тавцангийн олс тасарсны улмаас М унаж, газар дээрээ нас барсан байна.
Хохирогч энд байсан байна
Харин Б гэмтсэн буюу эх сурвалжийн хэлснээр гар нь тохойн хэсгээрээ тасарч ГССҮТийн сэхээн амьдруулах тасагт хүргэгдэн эмчлүүлж байгаа аж. Мөн өнгөрөгч бүтэн сайн өдөр нийслэлийн Хан-Уул дүүргийн арваннэгдүгээр хорооны нутаг, ХААИС-ийн баруун талд баригдаж буй барилгаас хүн унаж нас барсан байна. Тодруулбал, дөрвөн давхрын гадна талд ажиллаж байсан 25 орчим насны залуугийн бүсэлсэн бэхэлгээ нь тасарсны улмаас унажээ. Энэ мэтчилэн барилгын осол бараг өдөр бүр гарч байна. Уг нь хөдөлмөрийн аюулгүй байдал хангуулах, зөвшөөрөлгүй барилгын үйл ажиллагааг зогсоох зэрэг олон ажлыг нийслэлээс зохион байгуулж буй ч төдийлөн амжилтад хүрэхгүй байна.