Бэлэн гоймонгуудаас хорт хавдар үүсдэг


Манай улс сүүлийн жилүүдэд импортын хүнсний бараа бүтээгдэхүүнийг олон нэр төрлөөр оруулж ирэхийн хэрээр хүнсний аюулгүй байдлын асуудал ч ихээр гарах болсон.Хүүхэд залуусын дунд хамгийн ихээр хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүний нэг болох бэлэн гоймон энэ сэдэвт байнга өртдөг. Хямд өртөгтэй, хялбархан болдог гоймон нь оюутан залуусын гол хэрэглээний нэг хэлж болно.  Бэлэн гоймон нь манай улсад голчлон Хятад улсаас дамжин орж ирдэг билээ. Үүний хэрээр олон нэр төрлийн гоймон хэр чанартайг төдийлөн мэдэхгүй.Ямартаа ч мэргэжлийн хяналтын газраас өнгөрсөн хугацаанд Хятадаас оруулж ирдэг Даху Ван зэрэг хэд хэдэн гоймонд шинжилгээ хийн худалдаанд гаргахыг хориглож байсан билээ.Хүмүүсийн дунд нийтлэг ухагдахуун болсон Солонгос гоймон бол Нонгшим юм. Үүнийг хятад бүтээгдэхүүнээс арай чанартай гэж хэлдэг ч сүүлийн үед арай өөр мэдээлэл гарч эхэллээ. Саяхан  БНСУ-ын томоохон хүнс үйлдвэрлэгчийн нэг болох   “Нонгшим”  компанийн бэлэн болон аягатай гоймонгуудаас  хүний эрүүл мэндэд нөлөөлөхүйц хортой бодисууд илэрснийг Өмнөд Солонгос дахь монголчуудын сайтад мэдээлсэн байна. Өнгөрсөн зун, зургадугаар сард хийсэн шалгалтаар дээрх зөрчил илэрч, нэн даруй  зөрчлийг арилгах арга хэмжээ авах шаардлага хүргүүлсэн ч компанийн зүгээс өнөөг хүртэл тодорхой арга хэмжээ аваагүй аж.  Иймээс хэрэглэгчдэд анхааруулан сануулах үүднээс БНСУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслээр энэ талаар өчигдрөөс эхлэн цацаж эхэлжээ.

 

Халуун усанд хийсэн даруйд идэхэд бэлэн болдог “инстант” гэгдэх бүх төрлийн  бэлэн гоймонг Цельсийн  350-400 градусын өндөр халуунд чанаж  үйлдвэрлэдэг байна.  Ингэж бэлтгэх явцад гоймонд хүний биед хорт хавдар үүсгэгч “Benzopyrene” хэмээх бодис үүсдэг болохыг илрүүлжээ.

 

Нэг кг бэлэн гоймон тутамд  2,0-4,7 микрограмм  “Benzopyrene” бодис агуулагддаг юм байна.  Энэ нь хэвийн хэмжээнээс 3-7 дахин их болохыг сайтын мэдээнд анхааруулжээ.

Монголд оруулж ирдэг “Нонгшим”  гоймонгийн дийлэнх нь солонгос шошготой ч Хятадад үйлдвэрлэсэн гоймон байдаг. Хятад гоймонгоос дээр хэмээн хэрэглэдэг Оросын “Ролтон” гоймон ч хавдар үүсгэгч бодистой гэсэн яриа ч гарсан.

Нэгэнт бэлэн гоймонг өндөр температурт чанаж бэлтгэхэд хавдар үүсгэгч бодис үүсдэг нь нотлогдсон тул аль улсад үйлдвэрлэснээс үл хамааран эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй болох нь ийнхүү тогтоогджээ. Тиймээс эрүүл мэндээ хамгаалъя гэвэл бэлэн гоймон хэрэглэхээс татгалзах нь зөв болж таарч байна.