Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал /2026.10.18/ Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалтын талбайд ажиллаж, тулгарсан асуудлыг нь шийдвэрлэхээр болов.
Тус станцын барилга угсралтын ажил 2025 оны долоодугаар сард эхэлсэн, 40 гаруй хувийн гүйцэтгэлтэй байна. Засгийн газар Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлж, 2026 оны тавдугаар сард УИХ баталснаар санхүүжилт саадгүй болж, бүтээн байгуулалт нь эрчимжжээ. Төслийн талбайд дотоод, гадаадын 600 гаруй хүн ажиллаж байна. Станцыг 2030 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. Ажил эрчимжсэн тул энэ хугацаанаас өмнө дуусах боломжтой гэдгийг төслийн нэгжийн ерөнхий инженер Ж.Лувсандандар хэллээ.

Бүтээн байгуулалтын ажлыг цаашид саадгүй урагшлуулахын тулд түр горимоор оруулж ирсэн тоног төхөөрөмж, техник хэрэгслийн Монгол Улсын нутагт байлгах хугацааг төсөл хэрэгжиж дуусах хүртэл сунгах хуулийн зохицуулалт шаардлагатай. Мөн гаалийн баталгаат агуулахын зөвшөөрлийн асуудлыг шийдвэрлүүлэх хүсэлтэй байгааг төслийн багийнхан танилцууллаа.
Ерөнхий сайд тус станцыг төлөвлөсөн хугацаанд нь, батлагдсан зураг төсөл, техникийн шаардлага, стандартад нийцүүлэн барьж дуусгах нь бидний зорилт. Засгийн газар холбогдох яам, агентлаг, орон нутгийн удирдлага, захиалагч, гүйцэтгэгч байгууллагуудын хамтын ажиллагаа, уялдаа холбоог хангаж, тулгамдсан асуудлыг шуурхай шийдвэрлэж ажиллахаа илэрхийлэв. Мөн тоног төхөөрөмжийн нийлүүлэлт, барилга угсралтын ажлын явц, чанар, хөдөлмөрийн аюулгүй байдлыг тогтмол хянаж ажиллахыг холбогдох байгууллагын удирдлагуудад үүрэг болгов.

Ерөнхий сайд, “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц” төслийн хэрэгжилт, бүтээн байгуулалтын явцад байгаль орчны хамгаалал, усны нөөцийн зохистой ашиглалт, хөдөлмөрийн аюулгүй байдал, орон нутгийн иргэдийн эрх ашгийг нэн тэргүүнд тавих, аливаа асуудлыг иргэдэд ойлгомжтой, ил тод мэдээлж, холбогдох санал хүсэлтийг шуурхай шийдвэрлэх нь төслийн хэрэгжилтэд ч, төрд итгэх иргэдийн итгэлд ч чухал ач холбогдолтойг тэмдэглэв.

Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг нийт 90 МВт суурилагдсан хүчин чадалтай байхаар төлөвлөсөн. Ашиглалтад орсноор Баруун бүсийн болон Алтай-Улиастайн эрчим хүчний систем дотоодын найдвартай эрчим хүчний эх үүсвэрээр хангагдана. Баруун бүсийн эрчим хүчний системд төсвөөс олгодог татаас буурна. Ховд аймгийн Эрдэнэбүрэн, Буянт зэрэг суманд усалгаатай газар тариалан хөгжүүлэх, үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх боломжтой болно. Усан сан үүссэнээр орон нутгийн уур амьсгал, бэлчээрт эерэг нөлөө үзүүлнэ, загас үржүүлгийн аж ахуй, аялал жуучлалын бүс байгуулах нөхцөл бүрдэнэ.






ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалтад тулгарсан асуудлыг шуурхай шийдвэрлэнэ
Ирэх тав хоногийн цаг агаарын мэдээ танилцуулж байна
УДШ-ийн нийт шүүгчийн хуралдаан маргааш болно
Ирэх сараас хөгжлийн бэрхшээлтэй иргэний тэтгэвэр, асаргааны тэтгэмж нэмэгдэнэ
Евроазийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхий сайдаас хүслээ
"Шинэ Ховд" үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ
Бусдыг хуурч мэхлэн, гар утсыг нь авч зугтаасан этгээдийг илрүүллээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна