Г.Жаргалсайхан: Нийслэлийн малчид хоршоо байгуулж, сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна

Moderator
1 цаг 12 минутын өмнө

Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Рашаант хэсгийн Ухны аманд Хөдөө аж ахуй эрхлэгчдийн сургалт, хөгжлийн төвийг БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны агентлаг (КОЙКА)-ийн санхүүжилтээр барьж, ашиглалтад орууллаа. Тус төв нь 1540 ам метр талбай бүхий сургалт, хурлын танхим, дотуур байр, хоолны заалтай, хоногт 40 хүн байрлаж суралцах хүчин чадалтай. Цахилгаан эрчим хүчний хэрэглээнийхээ 50 хүртэлх хувийг хангах боломжтой 50 кВт-ын нарны эрчим хүчний үүсгүүртэй юм.

Төвийн үйл ажиллагаатай нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Г.Жаргалсайхан танилцаж, цаашдын төлөвлөгөөг хэлэлцлээ.

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Г.Жаргалсайхан “Хөдөө аж ахуй эрхлэгчдийн сургалт, хөгжлийн төв нь "Агро сити" эдийн засгийн тусгай бүсийн нэг хэсэг болж үйл ажиллагаа явуулна. Нийслэлийн зургаан дүүрэгт 5800 орчим малтай өрх, 450 мянга гаруй мал байна. Харин саалийн үнээнүүдийн зөвхөн 16 хувь нь өндөр ашиг шимтэй үйлдвэрийн үхэр байгаа нь өрхийн орлого өсөхгүй байх нэг шалтгаан гэж судлагдсан.

Тиймээс мал аж ахуй, газар тариалан эрхэлж байгаа өрхүүдийн орлогыг нэмэгдүүлэхийн тулд энэхүү төвийг түшиглэн иргэдийг сургах, сүүний болон махны чиглэлийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх, хоршоо, фермерийг дэмжих бодлого барьж ажиллаж байна.

Өнөөдрийн байдлаар Хөдөө аж ахуй эрхлэгчдийн сургалт, хөгжлийн төвийг түшиглэн 106 өрх хоршоо байгуулж, хоногт 3 тонн сүү боловсруулж байна. Ингэснээр малчид сүүгээ зах зээлийн үнээр нийлүүлж, зургаан төрлийн сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж нэмүү өртөг шингэсэн орлого олох, жилийн эцэст ногдол ашиг хүртэх боломж бүрдлээ. Цаашид энэхүү туршлагыг Хан-Уул дүүрэг, Баянзүрх дүүрэгт нэвтрүүлэхээр төлөвлөж байна” гэв.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна