MONGOLIA FASHION WEEK 2025 арга хэмжээ зохион байгуулна

Moderator
2025/06/17

2025 оны 7-р сарын 2-8-ны өдрүүдэд “MONGOLIA FASHION WEEK 2025” арга хэмжээг Улаанбаатар хотод зохион байгуулах гэж байна. Тус арга хэмжээг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Монголын загвар урлагийн холбоо ТББ, Оёдлын салбарын нэгдсэн мэргэжлийн холбоо хамтран зохион байгуулж буйгаараа онцлогтой.

Арга хэмжээний зорилго нь хувцас загварын салбарт үйл ажиллагаа явуулж буй байгууллага, хувь уран бүтээлчдийг дэмжих, салбарын оролцогч талуудыг нэгтгэн, нэгдсэн зохион байгуулалтад оруулах, дотоодын зах зээл дэх хувцас загварын борлуулалтыг нэмэгдүүлэх, олон улсад үндэсний хувцасны өв соёлыг сурталчлах юм. Мөн ажлын байр нэмэгдүүлэх, нийгмийг соён гэгээрүүлэх, соёлын бусад салбаруудтай уялдаа холбоотой ажиллахыг зорьж байна.

Төслийн хүрээнд хувцас загварын салбарын нэгдсэн мэргэжлийн холбоог байгуулж, дизайнер, модель, үйлдвэрлэгч, сургууль, судлаач зэрэг бүх оролцогчийг хамруулах, салбарын хөгжлийн бодлого, стандарт, чиг хандлагыг тодорхойлон төрийн бодлогод тусгах ажлыг эхлүүлнэ. Монгол туургатны дизайнерууд, моделиуд, уран бүтээлчдийг хамруулан үндэсний өв соёлыг харилцан түгээх, соёлын хамтын ажиллагааг өргөжүүлэхээр төлөвлөжээ.

Түүнчлэн үндэсний хувцасны загварыг соёлын дипломат харилцаанд түлхүү оруулах, сошиал медиа, олон улсын платформуудыг ашиглан брэнд хөгжүүлэлт хийх, ЮНЕСКО зэрэг олон улсын байгууллагатай хамтран ажиллах зэрэг олон улсын чиглэл бүхий үйл ажиллагаа өрнөнө. Арга хэмжээг аялал жуулчлалтай уялдуулан гадаад жуулчдад зориулсан “Fashion Tour” хөтөлбөр хэрэгжүүлэхээр бэлтгэж байна.

Монгол моделиудын ур чадварыг нэмэгдүүлэх сургалт, хамтын ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлж, Ази, Европын загварын агентлагуудтай хамтран олон улсын тайзанд гаргах боломжийг бий болгоно. Энэ хүрээнд мэргэжлийн модель бэлтгэх академи, платформуудтай стратегийн түншлэл байгуулах ажил хийгдэж байна.

Энэ жил зохион байгуулах “MONGOLIA FASHION WEEK 2025” арга хэмжээний оролцогч орон, дизайнер, үзэгчдийн тоог өмнөх жилээс хоёр дахин нэмэгдүүлэх, үзэсгэлэн, шоу, эвентүүдийг зөвхөн Улаанбаатарт бус орон нутгуудад зохион байгуулахаар төлөвлөж байна.

Уг арга хэмжээ нь соёлын өв уламжлалыг таниулах, үндэсний хувцасны дархлааг бий болгох, загварын боловсролыг дэмжих, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх, дотоодын үйлдвэрлэл, борлуулалтыг дэмжих, Улаанбаатар хотыг Төв Азийн загварын нийслэл болгох зорилтыг агуулж байна.

Мөн залуучуудын оролцоог дэмжиж, тэднийг олон улсад гаргах замаар салбарын хүний нөөцийг бэхжүүлэх, дэлхийн болон дотоодын экспертүүдийн илтгэл, мотивацийн арга хэмжээ зохион байгуулах юм. Арга хэмжээний хүрээнд Америкийн алдарт бизнесмэн, мотивацийн илтгэгч Крис Гарднерийн “Аз жаргалын эрэлд” илтгэлийг олон нийтэд хүргэхээр төлөвлөжээ.

Монголын загварын бүтээлүүдийг урлаг, спортын салбаруудаар дамжуулан олон улсад сурталчлахын зэрэгцээ дотоодын үйлдвэрлэгчдийн худалдааг дэмжих үзэсгэлэн, загварын шоуг Сүхбаатар дүүргийн 1-р хороо, Цэдэнбалын талбайд зохион байгуулна.

Энэхүү арга хэмжээний эцсийн үр дүн нь салбарын мэргэжлийн холбоог бүрдүүлж, салбарын хөгжлийн нэгдсэн төлөвлөгөөг боловсруулах, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих, төрийн бодлогын түвшинд дэмжлэг авах үндэсний хөтөлбөрийг боловсруулж, Монголын хувцас загварыг олон улсын тавцанд гаргах боломжийг өргөжүүлэхэд чиглэж байна.

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна