АТГ-т очсон Б.Энхбаярын хэрэг хаачив?

Moderator
2024/11/27

Албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал олж авсан баримтыг олны нүднээс нууцлан авч үлдэх боломж бараг үгүй. Ийм нэг албан тушаалаа илт урвуулан ашигласан түүх хуулийг сахин мөрдүүлэх чиг үүрэгтэй ажилладаг ХЗДХ-ийн сайд нарыг тойрсонгүй. Тодруулбал, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр ХЗДХ-ийн сайдаар есхөн сар ажиллахдаа хоёр компанийн өмч хөрөнгийн маргааныг хуулийн дагуу биш сайдын “Албан даалгавар” нэртэй хувийн үзэмж шингэсэн албан бичгээр шийдвэрлэж, Монгол Улсад урд өмнө байгаагүй жишиг тогтоожээ.

Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайдаар томилогдож байхад Монгол Улсад бүртгэлтэй “Аюуд” болон БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Хуашенконстракшн Монгол” гэсэн хоёр компанийн дунд өмчийн маргаан үүсэж, талууд гомдлоо бүх шатны төрийн байгууллага, хуулийн байгууллага, яам тамгын газарт илгээж байжээ.

2008-2009 онд Сүхбаатарын талбайн урд талд хөрөнгө нийлүүлэн босгосон “Аюуд” тауэр оффисын барилгад маргаан үүсэж, талууд эзэмших хувь дээрээ муудалцсан бөгөөд ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр олон нийтэд “Гадаадын хөрөнгө оруулалттай компанийг хохироосон ноцтой хэрэг үүссэн” тухай сүр дуулиантай мэдээлж байсан билээ.

Б.Энхбаяр энэхүү мэдэгдэлдээ “Аюуд” тауэрын төсөл “Хуашенконстракшн Монгол” компанийн хөрөнгө оруулалтаар боссон. Гэтэл монголчууд нийлээд луйвардаж авсан агуулгатай зүйл ярьж, хөрөнгө оруулагчдын эрхийг хамгаалахаа амлаж байв. Гадаадын хөрөнгө оруулагчдын эрхийг хамгаалах нь зүй ёсны хэрэг мөн ч Б.Энхбаяр энэ удаа асуудлын нарийн шалтгааныг ХЗДХ-ийн сайдын байр сууриар хянаж, хуульд нийцүүлэх талаас харж, хянаж үзсэнгүй. Цэвэр өөрийн ашиг сонирхол, хувийн үзэмжээр шийдсэн нь түүнийг АТГ-ын босгоор алхахад хүргэсэн байдаг.

Хоёр компани 2009 онд анх гэрээ хийхдээ “Аюуд” тауэрийн барилга дууссаны дараа оруулсан хөрөнгийн хэмжээгээр хувь эзэмшинэ. Хэрвээ талууд энэ асуудал дээр тохиролцохгүй бол маргааныг Хонконг дахь Олон улсын арбитрын шүүхээр шийдвэрлүүлнэ гэсэн гэрээ байгуулж байсан. Мөн Хятад талын хөрөнгө оруулагчдын мэдээллийг хянасан УБЕГ болон ХХЕГ-ын албан бичгүүд байдаг. Шат шатны Иргэний хэргийн шүүхэд гаргасан өргөдөл, ЗГХЭГ-ын дарга, ХЗДХ-ийн сайд нарт илгээсэн захидал гэх мэт олон арван баримтууд байсан хэдий ч Б.Энхбаяр энэ хэрэг дээр том алдаа гаргаж сайдын албан даалгавар гэгчийг “үйлдвэрлэчихсэн” аж. Угтаа бол сайдын Албан даалгавар Монгол Улсын хуульд нийцүүлэн гаргах учиртай доод албан тушаалтандаа өгч буй үүрэг даалгавар юм. Гэвч Б.Энхбаярын бичсэн Албан даалгавар нь хоёр компанийн өмчийн маргаан дундуур шууд яваад орчихсон. Нэг компанийн өмчийг нөгөөд нь шүүхийн шийдвэргүйгээр шууд шилжүүлэн өгөх, Улсын бүртгэлд яг ингэж бүртгэж авахыг тулгасан тулгалт байжээ.

Энэхүү албан даалгаварт Монгол Улсын Иргэний шүүх, Хонконг дахь Олон улсын арбитрын шүүх дээр өрнөж буй маргааныг үл тоомсорлосон, шууд Улсын бүртгэлийн Ү-2203024452 дугаартай 14 мянга гаруй м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн зохих хувийг “Хуашенконстракшн Монгол” ХХК-д өгөх үүрэг бий гэсэн үг. Маргалдагч талуудын өмчийг сэргээх шийдвэрийг хуулийн дагуу зөвхөн шүүх л гаргадаг. Гэвч Б.Энхбаяр ХЗДХ-ийн сайдын албан тушаалыг урвуулан ашиглаж, шүүхийн эрх мэдлийг булаан авч хэрэгжүүлсэн нь энэ асуудлын цаана авлига, албан тушаалын хэрэг нуугдаж байж мэдэх сэжүүр тийш хөтөлжээ.

Тиймээс өмчийн маргаан үүсгэж яваа хоёр талын нэг нь болох “Аюуд” компани энэ оны нэгдүгээр сард ХЗДХ-ийн сайд асан Б.Энхбаярыг АТГ-т шалгуулахаар өгсөн билээ. АТГ-д өгсөн тус компанийн гомдолд ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглалаа. Улс төрд нөлөө бүхий этгээд хоёр хуулийн этгээдийн хоорондын маргаанд шууд оролцож байгаа нь Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчиж байна гэсэн мөрүүд тэмдэглэгдсэн байдаг.

Өнгөрсөн хугацаанд АТГ сайд асан Б.Энхбаярт холбогдох хэргийг шалгаж буй талаараа ямар нэгэн мэдээлэл өгсөнгүй. Шударгын дүр эсгэж яваа Б.Энхбаяр ч гадаадын хөрөнгө оруулагчийг хамгаална гэж ярихаасаа болгоомжилдог болсон нь илт харагдаж буй.


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.212.119.30
    2024/11/28

    Үнэний төлөө явсан сэтгүүлчийг яллаад явуулсан шүүх нь яагаад энэ хулгайчаа яллахгүй байгаа юм бэ

    Хариулах