Дэд сайд парламентад дэндүү “жулдана”

Moderator
2024/06/05

Өмнөх хоёр ч удаагийн УИХ-ын сонгуульд МАН-аас “бор халзан хонь” дэвшсэн ч ялалт байгуулахаар байлаа гэдэг үг дэлгэрсэн. Гэтэл энэ удаа ч МАН-ын зарим хүн тэр үгийг хэрэгжинэ гэж бодсон бололтой. Тодруулбал, өдгөө ХХААХҮ-ийн дэд сайд М.Ганхүлэг УИХ-ын сонгуулийн VII тойрог буюу Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймагт нэр дэвшихээр болоод байгаа. МАН гэхдээ энэ удаа залуучуудаа дэмжинэ гэхдээ байгаагаа зарим боловсон хүчнээ хаяж, ажил, улстөрийн байтугай амьдралын ч туршлага суугаагүй, ёстой л “өсөхийн өлөн” нь ч дарагдаагүй нөхрийг нэр дэвшүүлээд байх шиг ээ.

Үнэндээ мань М.Ганхүлэг дэд сайд болсноос хойш “толгой даан” шийдвэр гаргасан нь үгүй. Харин ч Х.Болорчулуун сайдыгаа дагаж, нэр дэвшиж буй тойргийн малчдадаа зүсээ л нэлээд сайн таниулсан.

М.Ганхүлэгийг анх 2022 онд МАН дэд сайдаар томилсон. Чимээгүйхэн явсан тэр 2023 оны намар хуримаа хийснээ, тун удалгүй өмнөд хөршид ажлаар явахдаа эхнэрээ дагуулан, энд тэндхийн уулзалтад оролцжээ. Салбарынхан мань М.Ганхүлэгийн тэрхүү үйлдлийг хараад ёстой, мэл гайхаж, цэл хөхөрнө гэдэг болж.

Эгээ л дэд сайдаар томилогдоход нь “залуу боловсон хүчин” гэж магтаж байсан нь эсрэгээрээ “айлын эрх хүүхдийн тоглоомын талбар нь хөдөө, аж ахуй” болж хувирсан хэрэг.

Яаж ч бодсон “Монгол-Хятадын экспо 2023” гэх өргөн хүрээний арга хэмжээнд салбарын дэд сайд нь эхнэрээ хөтөлчхөөд, энд тэнд зураг даруулаад явах чинь албан ажлын хүрээнд зохимжгүй үзэгдэл биз дээ.

Тэр ч утгаараа “хэт багаасаа шат алгасах” үзэгдэл МАН-ын залууст нүүрлэсэн ч манай улсын парламентад байж боломгүй явдал болчих гээд байгааг нам биш юм гэхэд сонгогчид нь саналаараа сануулдаг баймаар байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна