​ Тооноор орогсод тогоогоо хагалах вий

Moderator
2024/05/17

УУХҮ-ийн дэд сайд Б.Уянга говийн бүсэд нэр дэвшихээр санаархаж явна. Энэ эмэгтэй хэн бэ, хаанаас хэн гаргаж ирсэн бэ гэдэг асуудал их сонин. Намтар түүхийг нь сөхвөл ердөө 3.6 сарын ажлын туршлагатай, 38 нас хүрч байгаа гээд гараад ирнэ. Харин юу хийж бүтээсэн бэ гэдэг нь одоогоор тодорхой бус.
Нимгэхэн түүх намтартай энэ бүсгүй бол МАН-ын тооноор нь орж ирсэн, Н.Оюун-Эрдэнийн гэх тодотголтой залуу, халуухан хүүхнүүдийн нэг.
Залуу хүн ажиллаж, зүтгэж болно. Гэхдээ хийсэн бүтээсэн зүйлгүй хэрнээ нэр хүндтэй сургуульд сурсан, гоё сайхан биетэй, ганган чамин эрвээхэй шиг байснаараа улстөрд давуу байдал үүсгэж болох уу.
Тэрбээр Үндэсний геологийн албаны дэд даргаар 2020 оны 10 дугаар сард томилогдсон. Байгуулагдаад гуравхан сар болсон том чухал албаны дэд даргыг Засгийн газрын хуралдаанаар томилоход, ажил огт хийж байгаагүй, бүр төрийн алба гэдгийн талаар төсөөлөл ч үгүй хүүхнийг тавьж буйд МАН-ын гишүүд, салбарынхан дургүйцэж “Насаараа ажиллаж буй шилдэг мэргэжилтнүүд, залууст боломж олгохгүй байна, татаас түлхээс хэтэрлээ” гэх шүүмжлэлийг хүчтэй өрнүүлсэн.
Энэ томилгоо Төрийн ажлын залгамж халаа, мерит зарчим энэ тэрийг шууд нулимж, МАН-д хүчээ өгч, унаж боссон бүх үед нь хамт байсан гишүүдийн дургүйг хүргэсэн.
Өнгө мөнгө, танил талаараа хаа хүрч болдгийг харуулсан Б.Уянга ширэн нүүрлэж явсаар 2024 оны нэгдүгээр сард Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдаар томилогдоход МАН доторх дургүйцэл, шивэр авир яриа тогооноосоо хальж олон нийт ч дургүйцлээ илэрхийлсэн.
“Ямар ч ажлын туршлагагүй амeрикт сурсан гээд л хэдэн хүүхдийг учиргүй татаж “тооноор” шидэх юм. Нөгөө хэд нь үнэхээр туршлагагүйтэх ч юм, хар бор бага албан тушаалаас нь эхэлж хийж үзээгүй болохоор үүлэн дээр хөвж байгаад унана даа. Гадаадын том их сургуульд сурсан нь давуу тал юм бол МАН-д тийм эмэгтэй олон бий”, “Ийм мулгуу юмнуудыг төрд оруулчихаар яаж өөдлөх вэ. Харвард төгсөхөөр ухаантай болчихдог, бүхнийг мэддэг, чаддаг гэж нэг эндүүрэл яваад байна даа”, “Залуу бүсгүй байна. Америк боловсрол ч яахав шинжлэх ухаан талаасаа нэг юм хэлнэ биз. Нөгөө талаасаа юм юм дутна. Монгол сэтгэлгээ, эх оронч үзэл, хэрсүү ухаан хэрэгтэй шүү”, “Mining week дээр нэг сэтгүүлч салбарын талаар ганц асуулт асуухад хариулж чадахгүй унаж байсныг санаж байна. Энэ хүүхэн салбараа ойлгож таниулж, ард түмэндээ зөвөөр ойлгуулж чадах уу?”, “Харвардууд төрийн эрхэнд овоорч байж хагаравдаа. Сэвтэй "Шаазан" хагарахдаа амархан. Монгол Төрд Харвардын мэдлэг тийм ч их тохирохгүй” гэж хатуухан хэлж байсан үгс цагаан дээр хараар бичээстэй байж байгаа.
Гэтэл одоо энэ хүүхэн УИХ-ын сонгуульд нэр дэвших гэж улайрч явна. Тэр “Би биш бид илүү их үнэ цэнийг бүтээнэ” гэсэн хоосон үгтэй болчхоод хэдэн 100 хувилан цацсаар удлаа. Би хийсэн гэх юмгүй хүн ингэхээс ч яах вэ дээ.
Оны эхэнд томилогдсон дэд сайдын албаа ч олигтой залгуулж амжаагүй, хийж бүтээсэн зүйлгүй атлаа сандал суудлыг төлөө үхэн хатан гүйж, мөнгө хайр найргүй цацан тойрог авах гэж зүтгэхийн учир юу вэ. Хувийн бизнес бүү хэл ажил хөдөлмөрийн түүхгүй байж яаж ингэж бийлэгжүү, бярдуу болов, уяхан дуутай, сулхан ажилтай хүүхнүүдээр МАН яг яадаг юм бэ, төрийн ажилд залуу, гоё ганган, нарийхан бэлхүүстэй байх чухал уу. Бас л их муу жишээ, муухай үзэгдэл шүү.
Намынхаа үнэт зүйл, үзэл санааны төлөө хар бор ажлаас нь эхлээд зүтгэсэн бусад гишүүд, эмэгтэйчүүдэд квот олдохгүй, өнгө мөнгөний өмнө хүчгүйдэж байхад тооноор нисч унагсад ингэж адгаж, даварч байж хоол иддэг тогоогоо татаад унагах вий дээ. Сонгууль тоглоом биш шүү.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна