Б.Бат-Эрдэнэ сайд олимпоор халхавчилж Ж.Хатанбаатарынхаа хууль бус үйлдлийг далдлахаар ажиллаж эхлэв үү

Moderator
2024/03/12

Б.Бат-Эрдэнэ сайдаа, олимпоор далимдуулж, допингийн эсрэг байгууллага чинь сүрдүүлэг хийгээд байгаа юм биш үү. Хариуцсан сайдын хувьд санаачилгатай ажиллаж, анхаарах ёстой юм биш үү.

Учир нь, УБЕГ 2024 оны хоёрдугаар сарын 20-ны өдрийн шийдвэрээр Монголын Үндэсний допингийн эсрэг байгууллага ТББ-тай хамаарал бүхий 2017 оноос хойших бүх бүртгэлийг хүчингүй болгоод байгаа.

Тодруулбал, АТГ-ын хүсэлтийн дагуу Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагын ТББ-ыг байгуулахдаа удирдах зөвлөлийн нэр бүхий гишүүдийн гарын үсгийг хуурамчаар үйлдэж, удирдах зөвлөлөөр чөлөөлсөн талаарх гомдлыг шалгасан байна.

Ингэхдээ Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнд хүсэлт гаргасан бөгөөд тус хүрээлэнгээс гарын үсгийн шинжээчийн дүгнэлт хийсэн аж.

Гэтэл УБЕГ-ын дээрх шийдвэрийн эсрэг доктор Ж.Хатанбаатар, түүний авч ирсэн шинэ тэргүүн хурандаа Ц.Уугангэрэл нар гомдол гаргажээ.

Уг нь аливаа захиргааны актад гомдол гаргах нь иргэн, хуулийн этгээдийн хуулиар олгогдсон эрх боловч тухайн гомдлоос харвал шийдвэрийн агуулгаа ойлгоогүй юу эсвэл ойлгохыг хүсээгүй юу эгээ л ширэн нүүрлэнэ гэгч болж.

Тодруулбал, тэдний гаргасан гомдлын гол агуулга нь “Биднийг зайлуулбал монголчууд олимпод цагаан тугын доор жагсана шүү” гэх маягийн сүрдүүлэг бүхий байжээ.

Үнэхээр тэд байхгүй бол ийм эрсдэл үүсэх эсэх талаар эхлээд товч ойлголт өгөхийг оролдъё.

Дэлхийн Допингийн эсрэг байгууллагаас баталсан “Гарын үсэг зурагчдыг дүрэмд нийцүүлэх” олон улсын стандарт гэж бий. Гарын үсэг зурагч гэдэг нь манай улсын хувьд Үндэсний олимпийн Хороо, Үндэсний Паралимпийн Хороо, Үндэсний допингийн эсрэг байгууллагыг хэлдэг.

Дэлхийн допингийн эсрэг дүрэм, шинжилгээ авах болон бусад шаардлагатай олон улсын стандартын шаардлагыг мөрдөөгүй, алдаагаа засаагүй тохиолдолд олимпийн таван цагаригт цагаан туган дор тэмцээнд оролцох, төрийн дууллаа эгшиглүүлэхийг хориглох хүртэл шийтгэл бий. Спортын ертөнцийн хамгийн том жишээ нь Оросын Холбооны Улс.

Харин МОНАДА шиг хуурамч гарын үсэг зурах болон бусад тохиолдлоор байгууллагын удирдлагыг хууль бусаар авсан бол дээр дурдсан шийтгэл хүлээнэ гэсэн зохицуулалт дүрэм, олон улсын стандартад байхгүй.

Энэ бол цэвэр тухайн улсын дотоод асуудал. Тиймдээ ч АТГ, улсын бүртгэлийн газар зохих хууль дүрмийнхээ хүрээнд арга хэмжээ авч байгаа нь энэ.

Үүнийг хөндлөнгөөс харахад засаг харин ч бурууг илрүүлж, алдааг засах зоригтой зөв алхам хийж байгаа мэт харагдаж байна.  

Гэтэл эрхэм хурандаа тэргүүтэн “бид буруугүй” хэмээн ширэн нүүрлэж, үл мэдэгдэгч болж явна.

Монгол Улсын захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйл /Хууль бус захиргааны актыг хүчингүй болгох/-ийн 48.2.4. зүйлд “захиргааны актыг гаргуулахдаа хууран мэхлэх, айлган сүрдүүлэх, авлига өгөх буюу бусад хууль бус аргыг хэрэглэсэн;” гэж заажээ. Өөрөөр хэлбэл ийм тохиолдолд улсын бүртгэлийн шийдвэрийг хүчингүй болгоно гэж заасан байна.

Мөн хуулийн 48.3. зүйлд “Захиргааны байгууллага энэ хуулийн 48.2.1, 48.2.2, 48.2.3, 48.2.5-д заасан тохиолдолд захиргааны актыг гаргасан өдрөөс хойш таван жилийн дотор хүчингүй болгож болно.” гэсэн заалт бий.

Өмнөх зүйлд заасан зөрчил нотлогдсон бол 5 жилээс өмнө гарсан шийдвэр ч байсан цуцалж болно гэсэн үг. 

Харин энэ сарын 6-нд 8236771 хуулийн регистртэй хуулийн этгээд буюу үндэсний допингийн эсрэг байгууллагын хэргийг шалгаж дуустал ямар нэг бүртгэл нэмж хасах ажилд хориг тавьсан шийдвэр гарч.

Тиймээс Ж.Хатанбаатар, Ц.Уугангэрэл нарын амь тэмцэж буй бололтой. Үүсээд буй нөхцөл байдлаас харахад Б.Бат-Эрдэнэ сайд ч эрх мэдлийнхээ хэмжээнд улсын бүртгэл, АТГ-д нөлөөлөхийг оролдож эхлэв үү гэж хардах үндэслэл бий болсон мэт.  

Хэрэв тийм бол дүгнэлтийг үндэслэн шийдвэр гаргасан хяналтын байцаагчийн ажил яах вэ, гомдлын дагуу шинжилгээ хийсэн шүүхийн шинжээчийн тайлбарыг худлаа гэж үзэх үү? Ажлаа зохих ёсоор хийсэн АТГ-ын мөрдөгчийн буруу болох уу?

Ямартай ч улсын бүртгэлийн байгууллагын одоо хүчин төгөлдөр байгаа шийдвэрээр 2007 онд байгуулагдаж байсан бүрэлдэхүүн сэргэсэн нь үнэн. Эрхэм хурандаа тэргүүтэн хэн ч биш болсон нь үнэн.

Үүнийг холбогдох байгууллагууд нь мэдэж байгаа гэдэгт найдъя. 


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.