Хуульдаа хүртэл тусгаад өгчихлөө, одоо иргэд ухамсарлах хэрэгтэй

Moderator
2024/02/19

Бид өнөөдрөөс яг 12 жилийн өмнө буюу 2012 онд Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/-ын  зөвлөмжийг шүүмжилж, хүчтэй эсэргүүцэж байж билээ. Тэгвэл тэрхүү шүүмжлэлийг эргэн санацгаая.

“Умайн хүзүүний хорт хавдрыг үүсгэгч “Папиллома” гэх вирусын тархалт дэлхийн хэмжээнд 12 хувьтай байдаг. Харин Монгол Улсад 30-аас дээш хувьтай байдаг нь дэлхийн хэмжээнд дээгүүрт орох үзүүлэлт байв. /Энэ тоо өдгөө 35-аас дээш  хэмжээнд хүрээд буй юм./

Иймд ДЭМБ-аас Монгол улсад умайн хүзүүний хорт хавдрын эсрэг вакцин нэвтрүүлэхээр болсон. Ухамсартай, үр хүүхдийнхээ эрүүл мэнд, ирээдүйг бодсон цөөн тооны аав, ээж, асран хамгаалагч нар  хүүхдүүдээ вакцинд хамруулаад амжсан. Гэтэл “Умайн хүзүүний хорт хавдрын эсрэг энэ вакцин үргүйдэлд хүргэдэг” гэх мэдээлэл тарсан тул олны эсэргүүцэлтэй тулгарч тухайн үед вакцинжуулалтыг зогсоож байв.

Гэхдээ тэр үед 2 аймаг 2 дүүргийг  сонгосон нь “Туршилт явуулж байна” гэх хэл ам дагуулсан нь ч үнэний ортой.

           

    

            

Гэсэн ч мэргэжлийн байгууллагууд эмч, эрдэмтэн судлаачид хэл амнаас айгаад ажлаа бүр ор тас орхичхоогүй нь мэдээж. Тэгвэл 5 жилийн дараах судалгаагаар вакцин хийлгээгүй 10 охин тутмын  1-д  хавдар үүсэх эрсдэл өндөр буюу 16 дугаар хэв шинж илэрсэн байна. Харин 11 жилийн дараа буюу 2023 онд хийсэн судалгаагаар вакцин хийлгэсэн эмэгтэйчүүдэд хавдрын шинж тэмдэг илрээгүй, вакцин хийлгээгүй 8 эмэгтэй тутмын 1-д шинж тэмдэг илэрсэн байна. Энэ судалгаанд 23-26 насны эмэгтэйчүүдийг хамруулсан байдаг.

Зөвхөн эл мэдээллээс  харахад л  бидний 12 жилийн өмнө ад үзээд байсан вакцин ямар хэрэгтэй байсан нь харагдаж буй  юм.

Тиймээс Дархлаажуулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж хуульчилж өгсөн учраас иргэнийхээ үүргийг ухамсарлаж "Умайн хүзүүний хорт хавдрын эсрэг вакцин"-д хамрагдахыг уриалж байна.

Дашрамд дуулгахад дэлхийн 150 гаруй улс Үндэсний хэмжээний товлолт дархлаажуулалтдаа энэ вакциныг хамруулсан байдаг ажээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна