Л.Оюун-Эрдэнэ: Өнгөрсөн 30 жилийн алдаа оноог тунгааж, ирээдүйн 30 жилийг зөв тодорхойлно

Moderator
Өчигдөр 10 цаг 21 минут


“Монголын Эдийн засгийн чуулган-Бүсчилсэн хөгжил” чуулган өнөөдөр үргэлжилнэ. Тус чуулганыг нээж, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хэлсэн үгнээс онцлох хэсгийг хүргэж байна.
Манай Засгийн газар байгуулагдсан цагаасаа өнгөрсөн 30 жилийн үйл явцад бодитой дүгнэлт өгөхийг эрмэлзэж, 30 жилийн алдаа оноог тунгааж, ирээдүйн 30 жилийг зөв тодорхойлох нийгмийн хүсэмжлэлд зөв хариу үйлдэл үзүүлж, тогтолцооны суурь реформуудыг цаг алдалгүй хийхэд голлон анхаарлаа.
Энэ онд Улсын Их Хурлын сонгууль анх удаа бүсчилсэн тойргоор явахаар болж, Засгийн газар 2024 оныг “Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил” болгон зарласан. Энэхүү форум Улсын Их Хурлын сонгуулийн өмнө болж байгаа нь улс төрийн намуудын мөрийн хөтөлбөр илүү прагматик байхад, мөн мэдээллийн хувьд тэгш гараанаас эхлэх, бодлогын мэтгэлцээнд тулгуурлах тал дээр туйлын чухал ач холбогдолтой юм.
Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг шинэчлэн батлуулж, бодитоор хэрэгжүүлснээр эдийн засгийн тэргүүлэх чиглэлүүдэд тулгуурлаж хөрөнгө оруулалтыг төлөвлөснөөр шинэ төвлөрлийн бүс, эдийн засгийн олон тулгуур, орон нутагт эдийн засаг тэлэх суурь бий болж, Улаанбаатар хот руу чиглэсэн шилжилт хөдөлгөөн, агаарын бохирдол, түгжрэл зэрэг бидний тулгамдсан асуудлууд шийдвэрлэгдэх болно.
Үндсэн хуулийн өөрчлөлтийн үр дүнд анх удаа парламентын сонгуулийг холимог тогтолцоогоор, бүсчилсэн тойргоор явуулах болсноор тойрогт шүтсэн төсвийн хөрөнгө оруулалтыг хязгаарлаж, үр ашиггүй хөрөнгө оруулалтыг цэгцэлж, улсын хөгжлийг тодорхойлох стратегийн ач холбогдолтой зорилгууддаа төвлөрч, тогтвортой хэрэгжүүлэх боломж бүрдэж, бүсчилсэн хөгжлийн бодлого бодитоор хэрэгжих болно.
Улсын төсвийн хөрөнгө оруулалтыг сонгогдсон тойрогтоо ахиухан тавиулахын төлөө ил, далд лообий, бие биеэ шантаажилсан улс төр, сонгуулиас сонгууль дамжсан амлалтуудын төлөөсөнд Монгол Улсын төсөв элсэнд асгасан ус шиг замхарч, олон улсын хөрөнгө оруулагчид, хувийн хэвшлийнхний алдагдсан боломжийг мартах ёсгүй.
Энэ удаагийн Эдийн засгийн форумын гол зорилго бол жалга довны сэтгэлгээний хана хэрмийг нурааж, бүсчилсэн хөгжлийн реформын шинэ сэтгэлгээг эхлүүлэх юм. Хөгжлийн олон түгжээ гагцхүү бидний оюун санаанд байгаа. Шийдэл ч мөн адил...
Чадварлаг хүний нөөцийг орон нутагт ажиллах сонирхлыг нэмэгдүүлэх, тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд 2024 оны дөрөвдүгээр сараас төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлж, нийтлэг төрийн үйлчилгээний албан хаагчдын үндсэн цалинг 20 хувь, бусад төрийн албан хаагчдын цалинг 10 хувь нэмнэ. Мөн орон нутгийн нэмэгдлийг хөдөөгийн сумдад үндсэн цалингийн 40 хувиар, аймгийн төв, нийслэлийн алслагдсан гурван дүүргийн төрийн албан хаагчдад 20 хувиар тооцож олгоно.
Орон нутагт ашигт малтмалын орд газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах, уул уурхай эрхэлдэг аж ахуйн нэгжүүдээс орон нутагт олгодог хандив тусламжийг Орон нутгийн хөгжлийн санд төвлөрүүлж, иргэдийн оролцоог хангах эрхзүйн зохицуулалтыг бий болгоно.
Өнөөдөр бид 30 жилийн алдаа оноог хэлэлцэж, тогтолцооны реформыг хамтдаа эхлүүлж, ирэх 30 жилийн үндэс суурийг тавьж байна. 30 жилийн дараа шинэ үеийнхэн цуглаж, ирээдүйгээ тодорхойлох үед бидний энэ үеийг Монгол Улсын эрчимжсэн хөгжлийн гарааг эхлүүлж, хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг бүрэн шийдвэрлэсэн хэмээн дүгнээсэй гэж хүсэж байна.


Бүсчилсэн хөгжлийн бодлогыг хэрэгжүүлсний үр дүнд хөдөөгөөс хот руу биш, харин хотоос хөдөөг зорьсон их нүүдэл эхэлнэ гэдэгт итгэлтэй байна.


Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.40.139
    2024/02/05

    30 jil baitugai 4 jilee harah chadvargui uomnuud odoo uo gj hudlaa yrih ve.Nymbaatar n olon gazar chuleeleed surguuli emneleg barilaa ehellee gd.Dornogoviin Neptiin uildveriig EK.UIH iin songuuliin buren shou bolgoson.Odoo egsen $ bhgui.ovoolson shoroo.

    Хариулах
  • 202.9.46.120
    2024/02/03

    Оюунэрдэнийн 3 номыг уншлаа. Улс орны нийгмийн өнөөгийн байдалд, аль ч намын байр сууринаас хандаагүй бодитой дүгнэжээ. Э/з ийн форумд хэлсэн үг нь ч баталж бна.

    Хариулах
  • 192.82.92.42
    17 цагийн өмнө

    Худлаа шоудсаар! Боловсролын салбарыг самарсан улс еедлехгуй!!!

    Хариулах
  • 27.123.213.66
    Өчигдөр

    Одоо боль хөөе, суудлын бөглөөс болж байхаар мэдлэг боловсролтой, сэтгэлтэй чаддаг хүнд нь суудлаа тавьж өг, худ худ үгэнд чинь итгэх ч арга алга, зүгээр зайлаад өгөөч

    Хариулах