​Хамгийн түрүүнд...

Moderator
2023/12/15

Өчигдрийн буюу 12 дугаар сарын 14-ний өдрийн УИХ-ын нэгдсэн чуулган овоо ярих юмтай, өрнүүн болж өнгөрлөө гэж дээр дооргүй л ярьж байна.

Өмнө нь ингэж  чуулганы хуралдааныг анхаардаг байсан ч юм уу үгүй ч юм уу.

Сайдууд өөр өөрсдийн салбарын асуудлаа л ярихаас улс орны асуудлыг төдийлэн тоохгүй байгаа юм шиг дүр зураг ажиглагддаг тэр л зарчмаар явж байсныг ч бас хэлэх хэрэгтэй байх.  Гэхдээ өчигдөр УИХ-ын даргын уур хүрсэн үү, яасан жаахан цухалдангуйгаар  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын сайдуудыг жавтийдав.

Тэрбээр “Засгийн газрын сайд нар гал унтраах байдлаар ажилладгаа боль. Y цахилгаан станц, Тавантолгойн цахилгаан станц,  Газрын тосны үйлдвэр яасан. Үл үзэгдэгч хүчийг хэн гэдгийг нь мэдэж байгаа шүү дээ. Шийдвэртэй арга хэмжээг авч ажиллах хэрэгтэй байна.


Б.Чойжилсүрэн сайд аа, эрчим хүчний асуудлыг 20 жил ярьж байна. Эрсдэлийг бууруулах менежменттэй байх  чухал...

Цаад газраас шатахууныг чөлөөтэй нийлүүлж байгаа. Гол нь тээвэр ложистикийн саатал, дайн байлдааны нөхцөл, дотооддоо зохиомол хомстол үүсгэж байна. Гадаадын зарим компаниуд асар ихээр дизель түлш нөөцөлж, зохиомол хомстол үүсгэж байгаа гэх мэдээлэл бий...” гэв.

Гэхдээ энэ үг  УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатарт хамаарч буйг бултаараа  мэдэлгүй яахав дээ.

Спикер цааш  үргэлжлүүлэн “Шатахууны нөөцтэй болох хэрэгтэй. НИК-ийн нөөцийн савыг төмрийн хогонд явуулж  байна гээд гадаадад зарчихсан. Улсын стратегийн нөөцтэй бай. Үүнийг Засгийн газар, Монгол банкнаас сайтар ярилцаж санхүүжүүлэх хэрэгтэй. Баруун, зүүн бүсэд шатахууны нөөцтэй байсан. Үнэ тогтворжуулах тухай хууль ч баталж өгсөн...” гэв

Үнэндээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт бүтэлтэй сайд тун ховор гэдгийг зөвхөн УИХ-ын дарга ч хэлээд байгаа юм биш.  Ард түмэн огцруул, явуул гэж хэлсээр бараг цөхөрсөндөө чулуугаар шидэлж мэдэхээр болоод байгаа нь ч нууц биш.

Хэрэв цухалдсан иргэд чулуу нүүлгэхдээ хүрвэл халаалт муу, гэрэл цахилгаан тасалдаж эхэлж байгаа тул Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнг, шатахуунгүй болж Приус машинаа гудамжинд түрээд явж байгаа учраас  УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар 2-ыг л хамгийн түрүүнд оньлох байх даа.


Одоо яая гэхэв дээ.  


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.40.49
    2023/12/15

    Ganboldiin Gantuya gadaad hariltsaanii yamnd bugsuuruu ajild orson ynhan

    Хариулах