Талийгаачийн ар гэрийнхэнд өнөөдөр камерын бичлэг үзүүлнэ

Moderator
2023/11/15

Зэвсэгт хүчний 326-р ангид алба хааж байсан 21 настай цэрэг энэ сарын 12-13-ны өглөө амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. 

Цэрэг нас барсан хэргийн талаар Мөрдөн байцаах албаны дарга, цагдаагийн хурандаа Н.Мишигдорж "Цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд 2023 оны арваннэгдүгээр сарын 13-ны өглөө 06.21 цагт ХУД-ийн 12 дугаар хороо Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн цэргийн байранд хугацаат цэргийн албан хаагч "Д" гэгч нас барсан байна гэсэн дуудлага мэдээлэл ирүүлсний дагуу мөрдөн байцаах алба, ХУД-ын цагдаагийн хоёрдугаар хэлтэс, НЦУГ-ын Шуурхай удирдлагын хэлтсийн үзлэгийн баг хэргийг газар мөрдөн шалгах, хойшлуулшгүй ажиллагаа явуулсан. Эрүүгийн хянан шийдвэрлэх хуулийн дагуу мөрдөн шалгах ажиллагаа тасралтгүй явагдаж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчүүдээс мэдүүлэг авах тухайн анги байрлал байгаа хяналтын камеруудад үзлэг хийх, талийгаачийн үхлийн шалтгааныг тогтоохоор шүүх шинжилгээ хийх, цэргийн алба хаагчдын ундны ус, тухайн өдрийн идсэн хоолноос дээж авч мөрдөн шалгах ажиллагааг тасралтгүй явуулж байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад 2023 оны арваннэгдүгээр сарын 12-ны өдөр талийгаач нэгдүгээр салааны 25 байлдагчийн хамт өглөөний бослоготоо босоод биеийн тамирын дасгал хөдөлгөөн хийх, өглөөний цайндаа орох, биеийн тамирын зааландаа бүжгийн сургуулилт хийх, гадна цас цэвэрлэх, оройн хоолондоо орох, оройн тоондоо хамрагдах гэх мэт тухайн ангийн цагийн хуваарийн дагуу үйл ажиллагаанд оролцсон. Мөн өдрийнхөө 22.34 цагт амралтын байр руугаа орсон байдаг.

Энэ сарын 13-ны өглөө 06 цагт бослого зарлахад талийгаач босоогүй. Очоод үзэхэд нас барсан байдалтай байсан. Энэ дагуу цагдаагийн байгууллага, эмнэлгийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн. Энэ дагуу мөрдөн шалгах ажиллагаа явагдсан. Одоогоор шинжээчийн дүгнэлт гараагүй. Цэргийн байранд байгаа найман камерын бичлэгт үзлэг хийсэн. Талийгаачийн ар гэр, өмгөөлөгчтэй холбогдож, камерын бичлэгийг өнөөдөр 13 цагт үзүүлэхээр болсон " гэлээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна