Хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаяр нь хөгжмийн зохиолчдын шинэ залуу үеийн төлөөлөл юм. Түүний уран бүтээлийг нийтэд нь:
1. Дан хөгжмийн уран бүтээл
2. Дууны уран бүтээл гэж ангилж болно. Дан хөгжмийн уран бүтээлүүд дотор симфони уран бүтээл, цөөхүүл болон гоцлол хөгжимд зориулсан уран бүтээлүүд нь хөгжимчдийн урын санд багтсан бөгөөд монголын мэргэжлийн хөгжмийн нэгэн өнгө төрхийг илэрхийлдэг.
Дан хөгжмийн ихэнх зэмсгүүдэд зориулсан концерт туурвисанаас дурдвал: морин хуурт 5, ятгад 2, ёочин, шанз, хуучир, эвэр бүрээ, их хуурт тус бүр 1 концерт зориулан зохиожээ. Энэ удаад тэрбээр лимбэ, найрал хөгжмийн концерт туурвижээ. Монгол хөгжмийн зохиолч болохын хувьд үндэсний хөгжмийн зэмсгүүдэд зориулсан олон бүтээлүүдээр урын сангаа баяжуулж байгаа нь сайшаалтай. Түүний бүтээлүүд уламжлал шинэчлэлийг хослуулсан, өрнийн хөгжмийн зохиомжийн шинэлэг арга хэрэглүүрүүдийг өргөн ашигласан, аялгуу дуурслын хувьд яруу бөгөөд хөгжимчнийг хөгжимдөхөд боловсруулгыг хийсэн, хөгжимдөх арга барилыг хөгжүүлэхүйц шинэлэг өнгө аястай байдгаараа онцлогтой.
Ш.Өлзийбаярын лимбэ, найрал хөгжмийн концерт нь нэг ангитай. Хөгийн хувьд Соль минор, хэмийн хувьд 6/8. Концерт яруу тансаг удаан хэсгээр эхлэхдээ лимбэ хөгжмийн олон янзын нугалаа хугалаа, уран эгшиглэгээ нь найрал хөгжмийн дуурьсалтай зохирон сүлэлдэнэ. Ингэхдээ дэвсгэр хөгийг олонтаа солин баяжигдана.

Хурдан хэсэг нь 3/8 хэмд эрч хүчтэйгээр эхлэхдээ лимбэ хөгжмийн онцлог болох хэлний давхар цохилго болон форшлагийг өргөн ашигласан байна.


Цаашид орж ирэх туслах сэдэв аялгуу нь найрал хөгжимтэй өрсөлдөн өрнөнө.

Хурдан хэсгийг залгаад 12 эгшигтийн цуваа /серийная техника/ орж ирнэ. XX зууны хөгжмийн их сэтгэгч, Австрийн хөгжмийн зохиолч А.Шонбергээс үүдэлтэй зохиомжийн энэ аргыг З.Хангал, Х.Билэгжаргал нарын бүтээлээс харж болох авч Монгол хөгжимд төдийлэн түгээмэл бус.

12 эгшгийн үл давтагдах зарчмаар бичигдсэн энэ хэсэг найрал хөгжимтэй ээлжлэн өрнөсөөр каденци орж ирнэ.

Концертын гол сэдэв аялгуу болон лимбэний өвөрмөц онлогуудыг харуулсан энэ хэсэг нь аажмаар эхний намуухан сэдэв аялгуутай холбогдон дуурьсна.

Үүний дараа хурдан хэсэг дахин давтагдахдаа төгсгөл нь өөрчлөгдөн хөгжсөөр оргил хэсэгтээ хүрэн концерт өндөрлөнө.

Хөгжимчнөөс тус бүтээлийг хөгжимдөхөд зохиолын хэмжээг нарийн мэдэрч хэмнэлийн өөрчлөлтүүд, тэдгээрийн онцлог, ялгааг илэрхийлэхэд, хэллэг(штрих)- ийн авиажих хэлбэрийг эгшиглээний шинж, хүчдэлийн ялгарамжтай уялдуулан илүү тодорхой, оновчтой сонгож хөгжимдөхийг шаарддаг онцлогтой.
Зохиолын хэсгүүдэд буй урт тухайлбарууд, холбоосууд, пассажууд, хурдан хэсгийн хүчтэй, хүчгүй хувийг илэрхийлэхэд амьсгааны хуваарилалт, оновчтой зохицуулалт чухал байна. Энэ нь хөгжимчний хөгжимдөх арга барилыг сайжруулахад, амьсгааны зөв бөгөөд оновчтой хуваарилалт хийж сурахад онцгой үүрэгтэй. Түүний энэхүү бүтээл классицизмын үеийн Венийн сонгодог дэгийн В.А.Моцартын бүтээлд илрэх гялалзсан, хөнгөн, тунгалаг өнгө аястай. Ийм ч учраас хөгжимчнөөс гялалзсан, нарийн тунгалаг эгшиглээ шаардсан бүтээл болсон.
Дүгнэлт
Энэхүү концертоос Ш.Өлзийбаярын өөрийн онцлогтой хөг аялгуу, сэдвийн чамбай боловсруулалт, зохиолын нэвт гарах шугам /лейтмотив/, найрал хөгжим дахь сонирхолтой кластер аккордууд, гоцлол хөгжимчнөөс өндөр ур чадвар шаардах штрих, хэм хэмнэлийн олон талт байдал,болон тансаг монгол аялгуу зэргийг сонсч болно. Түүний бусад зохиолууд шиг найрал хөгжмийн сонирхолтой зэмсэгжүүлэлт, гоцлол болон найрал хөгжмийн тэнцвэрт харьцаа зэрэг нь энэ төрөлд ихэд туршлагагжиж байгааг харуулж байна. Ш.Өлзийбаяр нь “концерт” хэмээх гоцлол хөгжмийн хамгийн том төрлөөр өрнийн хөгжмийн зэмсгүүд болох төгөлдөр хуур, морин хийл зэрэгт концерт туурвисан. Энэ нь монголын дан хөгжмийн салбарт хөгжмийн зэмсэг бүрт зориулсан бүтээл туурвиж буйгаараа урлагийн боловсролын салбарт онцгой ач холбогдолтой. Түүний бүтээсэн концертууд хөгжмийн урлагийн сургалтын урын санд чухал байр суурь эзэлдэг. Тэрээр нэгэн удаагийн уралдаан тэмцээнд зориулж бус сургалтад үр өгөөжөө өгөх, байнгын эргэлтэд орох, суралцагчдын төвшинг ахиулах, урын сангийн баяжилт зэрэг олон талын үр өгөөжийг бодолцож туурвидаг зэрэг нь цаашид монгол хөгжмийн зохиолч бүрийн бодолцох ёстой үзүүлэлт юм. Иймд Ш.Өлзийбаярын тус бүтээлийг сургалт, урын санд онцгой үүрэгтэй байж чадах шилдэг бүтээл гэж дүгнэлээ.
Хөгжим сүдлаач, СУИС-ийн УБХАГ-ын дарга, доктор: .................Э.Зулцэцэг
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
COP17 өндөрлөж байна
“Уул уурхайн үйл ажиллагаанд өртсөн газрыг нөхөн сэргээх замаар хүлэмжийн хийн шингээлтийг нэмэгдүүлэх боломж”-ийг хэлэлцэв
Мэргэшсэн залуу судлаачдын технологийн шийдлийг байгаль орчны хяналттай холбоно
СОР17 хурлыг зохион байгуулсан 8 сард нийт 141 мянга гаруй жуулчин Монгол Улсад иржээ
Солонгосын Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин дурсгалын мод тарилаа
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
СОР17: Өнөөдөр Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талууд сүүлийн хурлаа хийнэ
Сэтгэгдэл бичигдээгүй байна