News paparazzi : Хятадууд яагаад зэрлэг амьтан иддэг вэ

Moderator
2020/04/24

  • Зэрлэг амьтны зах зээл 1990-ээд оноос эрчимтэй хөгжиж, хөрш зэргэлдээ орнуудаас Хятад руу амьтдыг хэдэн саяар оруулж буй
  • Өнгөрсөн зууны дунд үе, түүнээс ч өмнөх өлсгөлөнгийн ой санамж арчигдаагүй байна

Гүрвэл, сармагчин гэх мэт амьтдыг өрнөдөд голдуу амьтны хүрээлэнд хардаг бол дорнын орнуудад тавган дээр байх нь элбэг. Хятадын гал тогооны уламжлал эртнээс амьтан хийгээд байгаль хамгаалагчдын эсэргүүцэлтэй тулгарсаар ирсэн. Тэр тусмаа шинэ коронавирусийн дараа нян судлаачид түгшүүрийн харанга дэлдэж эхэллээ. Хятадууд яагаад зэрлэг амьтан идэх дуртай, үүнийг зогсоох эрх баригчдын хүчин чармайлтын талаар “РИА Новости” агентлаг мэдээлжээ.

Түүхэн уламжлал

Зэрлэг, болон ховор амьтнаар хийсэн хоолны нэрийг Хятадаас орчуулбал “зэрлэг амт” гэсэн утгатай. Хятадын өмнөд нутаг ийм амттанаар алдартай ба зөвхөн уламжлалаас шалтгаалсан гэвэл учир дутагдалтай. Өнгөрсөн зууны дунд үе, түүнээс ч өмнөх өлсгөлөнгийн ой санамж арчигдаагүй байна. Боомт болон хилээр дамжин зэрлэг амьтдыг Гуаньси, Юннань, Цинхай мужуудын амьтны зах, хүнсний лангуунд хүргэдэг. Санал асуулгаас үзэхэд, нутгийн иргэдийн хагас нь байгаль хамгаалах шаардлагатай гэсэн авч 60 хувь нь “зэрлэг амт” амталж үзсэн гэжээ. Цаашилбал, ховор хоол амтлагчдын олонх нь бага боловсролтой тосгоныхон бус сайн цалин, өндөр боловсролтой залуус байдаг аж. Хэдэн мянган жилийн турш хятадууд шувуу, могой, хоёр нутагтан амьтдыг хоолонд хэрэглэхийн сацуу эмийн орц болгон ашиглаж буй. Арьс, өдөөр нь хувцас, гоёл чимэглэл хийнэ. Иймээс өрнөдийнхөн яагаад үүнд дургүйцдэгийг тэр бүр ойлгодоггүй болов уу. Гэтэл сүүлийн үед орлого, боловсрол дээшилсэн байтал яагаад ховор амьтны эрэлт нэмэгдэв. Учир нь зэрлэг амьтнаар хийсэн хоол, эмийн зүйл, нэр төрийн хэрэг болжээ. Гүрвэл, тогос, яст мэлхийг гэрт тэжээдэг бол амьд могой, сармагчинг зэрлэг амьтны зориулалтаар худалдаалдаг. Эмчилгээнд барын яс, баавгайн доньд, бугын эвэр, тэр бүү хэл паразитаар дүүрэн зарааны махыг хүртэл ашигладаг. Зааны соёо, зээрийн гавал, матар, барын арьс зэрэг нь үнэ цэнтэй дурсгалын зүйл болдог. Зэрлэг амьтны зах зээл 1990-ээд оноос эрчимтэй хөгжиж, хөрш зэргэлдээ орнуудаас Хятад руу амьтдыг хэдэн саяар оруулж буй. Бүс нутгийн сүүн тэжээлтний 70 хувьд нь 20 жилийн өмнөөс устах аюул нүүрлэсэн. Өөр нэг хориотой мөртөө эмчилгээний зүйл бол хүрэн байвгайн савар юм. Хатаасан саврыг эрт дээр үеэс хамгаалах ид шидтэй гэж үзсээр ирсэн. Гэхдээ дээрх зүйлсийг хоолны цэсэнд оруулбал шүүхийн хаалга татахад хүргэж болзошгүй.



Хэцүү тэмцэл

Хууль бус наймааг зогсоох хэрэглүүр эрх баригчдад огт байсангүй. Амьтны хар зах болон экологийн талаарх мэдээлэл хомс. Түүнчлэн уг асуудлыг шийдэхэд оролцдог бүтцүүдийн дотоод хийгээд гадаад уялдаа холбоог сайжруулах шаардлагатай байлаа. 2002 онд суусрын төрлийн зэрлэг амьтнаас хүнд халдварласан ханиад анхны түгшүүрийн дохио болж байв. Дэгдэлт бас л өмнөд Хятадаас эхэлжээ. Энд зэрлэг амьтдын махтай хоолыг Michelin зоогийн газрын цэснээс олж болно. Коронавирусээс ердөө жилийн өмнө жуулчдыг зэрлэг тагтаа, могойн мах амталж үзэхийг санал болгож байв. Үнэнийг хэлэхэд, хятадууд өөрсдөө ч өмнөдийнхний заншлыг шоглох нь бий. “Тэд ширээнээс бусад хөлтэй бүхнийг иддэг” хэмээн хошигнодог. Хамгийн гол нь зөв бэлтгэх аргыг бодож олох ёстой гэнэ. Хятадын хоолны хачирхалтай заншлыг урлагт хүртэл тусгадаг. Нобелийн шагналт зохиолч Мо Янь үүнийг нэгэн романдаа ой гутмаар дүрслэн бичжээ. Орон нутгийн удирдлагын авлига хийгээд хүч мөхөсдсөн байдал зэрлэг амьтны наймааг өндөр орлоготой, сайн зохион байгуулагдсан бизнес болгосон юм. 

Удтал хүлээгдсэн хорио

Гэвч эцсийн эцэст хууль эрх зүйн хүрээнд дэвшил гарлаа. Өнгөрсөн нэгдүгээр сард Хятадын 19 эрдэмтэн нээлттэй захидал илгээж, зэрлэг амьтны наймаа ба хүнсэнд хэрэглэх явдлыг хориглохыг уриалжээ. Тухайн үед Хятад улсын дарга Ши Жиньпин төр засаг энэхүү асуудлыг ойлгож байгаа боловч одоохондоо шийдэж чадахгүй байгаагаа хүлээн зөвшөөрөв. Тэрбээр Засгийн газарт хандаж, зохих хууль журмыг чангатгах чиглэл өгсөн юм. Хоёрдугаар сард Ойн зохицуулалт ба хөдөө аж ахуйн яамнаас тогтоол гаргаж “Энэхүү захирамжийг хэвлэгдсэнээс хойш цар тахал бүрэн дарагдах хүртэл зэрлэг амьтны худалдаатай холбоотой ямар нэгэн үйлдэл хийхийг” хориглосон байна. Бээжин дэх Гринпис байгууллага уг шийдвэрийг хэрэгжүүлэхэд хүндрэлтэйг тэмдэглэв. Хятадын уламжлалт анагаах ухааныг хууль бус гэж үзэх үү гэдэг асуулт тавигдсан юм. Гэсэн хэдий ч улс даяар явуулсан кампанит ажлын хүрээнд гуравдугаар сарын эхний байдлаар 92 мянган зэрлэг амьтан, 5000 кг бэлэн бүтээгдэхүүн, түүний дотор макак сармагчин, тогос шувуу, зэрлэг гахай, суусар зэрэг амьтныг хураан авчээ. Үүний зэрэгцээ зурагтын дэлгэцээр зэрлэг амьтныг хүнсэнд хэрэглэхээс татгалзахыг сурталчилсан мэдээ, дүрс бичлэг байнга үзүүлж байна. Хятад болон Зүүн Өмнөд Азийн орнуудад нохойн махыг хүнсэнд хэрэглэдэг талаар яривал нэлээд урт түүх болох учир энэ удаад дурдахаас түдгэлзлээ.