“Бусдын буруугаас охиноо алдсан бид гомдолтой байна”

Moderator
2019/07/29

Замын хөдөлгөөнд анхаарал болгоомжгүй, жолоочийн хариуцлага ухамсарлаагүй оролцсоны улмаас олон зуун хүн хохирсоор байна. Бусдын буруугаас болж авто осолд өртөнө, гэр бүлийнхнийхээ алтан амийг алдана гэдэг итгэхийн аргагүй гашуун зовлон. Ялангуяа амралт, зугаалгын улиралд гэр бүлээрээ орон нутагт зорчих тоо нэмэгддэг энэ үед жолооны ард сууж яваа хүн бүрт сэрэмжлүүлэг болгох үүднээс хүнд хагацалтай нүүр тулсан гэр бүлийнхэн болсон явдлын талаар дараах мэдээллийг өгөхийг зөвшөөрлөө. 2019.07.14. Оройн 17.00 цагийн орчимд Хөвсгөл аймгийн нутаг дэвсгэрт “Тоёота приус” маркийн хоёр автомашин мөргөлдөж, 29 настай эмэгтэй газар дээрээ амиа алдсан харамсалтай осол гарчээ. Талийгаач тухайн үед нөхөр, хүүгийнхээ хамт Хөвсгөлд амарч явсан бөгөөд өөрөө амиа алдаж, нөхөр, хүү хоёр нь хүнд гэтлийн улмаас Гэмтэл, согог судлалын үндэсний төв /ГССҮТ/-д хэвтэн эмчлүүлж байна. Талийгаачийн гэр бүлийнхний ярьснаар эсрэг урсгалд зорчиж явсан машины жолооч зүүрмэглэсний улмаас осол болж, ийм нөхцөл байдалд хүргэжээ. Талийгаач бүсгүйн ээж О.Оюунчимэг “Хүний амь насанд хүрсэн жолооч одоо хүртэл бидэнтэй холбогдоогүй. Хүний ёс гэж зүйл алга болжээ. Бусдын буруугаас болж бүхэл бүтэн хүнээ алдсан бид гомдолтой байна” гэж ярьсан юм.

Эх сурвалж: zindaa.mn