Ж.Батзандан: Казак хүмүүсийн нүдээр И.Оспан бол баатар

Moderator
2019/07/02

Өнгөрсөн амралтын өдөр Ж.Бат-зандан гишүүн өөрийн цахим хаягаар шууд бичлэг хийж, дахин тайлбар өглөө. Ингэхдээ “Баян-Өлгий аймагт 200 гаруй казах иргэнтэй уулзсан. Казах иргэдийн асуултад хариулах явцад надаас “И.Оспан болон Х.Чойбалсан нарын уулзалтын түүхийн тухай мэдэх үү” гэж асуусан. И.Оспаныг бид мэдэлгүй яах вэ. Бид “Байтаг богд” киноноос эхлээд л монголчуудыг хэрхэн зовоож байсныг мэднэ.

Олон хүний амь бүрэлгэж, мал сүргийг нь дээрэмдэж байсныг ч мэднэ. Гэхдээ казах иргэдтэй уулзаж байгаа тохиолдолд “И.Оспаныг алуурчин, дээрэмчин байсан” гэж хэлэх ямар ч боломжгүй байсныг ойлгоорой.Тухайн үед надаас “И.Оспан баатар уу” гэж асуусан. Ер нь казах иргэд И.Оспан баатар гэж ярьдаг юм. Казах хүмүүсийн нүдээр И.Оспан бол баатар. Харин монголчууд бид И.Оспаныг ямар хүн байсан гэдгийг бүгд мэднэ. 1940-өөд онд баруун хязгаар ямар хүнд байсныг мэднэ. Намайг И.Оспан баатар гээд хэлэхээр залуучууд уурлаад байгаа юм. Залуучуудтай би санал нэг байна. Монголчууд хэзээ ч И.Оспаныг баатар гэж хэлэхгүй.

Гэхдээ Баян-Өлгий аймагт очиж, казах иргэдтэй уулзахдаа тэдний соёл, уламжлалд хүндэтгэлтэй хандаж, тэдний хэлээр ярихгүй бол болдоггүй юм. Тиймээс Ж.Батзандан гишүүн чинь Баян-Өлгий аймагт очихдоо И.Оспан баатар, Х.Чойбалсан гуай хоёрын уулзалтын тухай ярьсан юм. Тухайн үед уулзалтыг Оросын талаас зохион байгуулсан. Ингэхдээ Х.Чойбалсан гуайгаар дамжуулж И.Оспанд зэвсэг өгсөн байдаг.

И.Оспан энэ буу зэвсгийг ашиглаж, тухайн үед Хятадыг удирдаж байсан Чан Кайши болон хятадуудтай дайн хийсэн байдаг. Харин сүүлдээ Х.Чойбалсантай хийсэн тохирооноосоо буцаж, дээрэмчин, уулын амьдрал руу шилжсэн гэдгийг бүгд мэдэж байгаа. Тэгэхээр “Ж.Батзандан гишүүн И.Оспаныг баатар гэж хэллээ” гэж уурлаад байгаа залуучуудыг ойлгож байна. Маш зөв. Гэхдээ Баян-Өлгий аймагт очоод казах иргэдтэй уулзаж байх үед И.Оспаны талаар муу хэлэх ямар ч боломж байдаггүй юм.

Хэрвээ би асуултад “И.Оспан баатар чинь алуурчин, дээрэмчин, муу хүн байсан” гэж хэлбэл уулзалтаас хөөгдөөд гарах байсан. Харин УИХ-ын гишүүнийхээ хувьд Казахстан, Монголын харилцаанд сэв суулгахгүйн тулд, казах иргэдтэй уулзах үеэр хэлсэн үгийг минь Улаанбаатарт монголчуудтай уулзахдаа хэлсэн юм шиг мушгин гуйвуулж байна. Ингэж гуйвуулахгүй байхыг хүсэж байна.

Үндэсний цөөнхийн асуудал их эмзэг байдаг. Тэгэхээр бид маш хянамгай, ухаалаг хандах ёстой гэж хэлмээр байна. Ж.Батзандангийн чинь ярьсан үг казах иргэдтэй уулзахдаа хэлсэн үг юм шүү” гэв.