ХИТ-н Д.Даваанямыг сүүлчийн замд нь үдэж өглөө


 

Бидний хайртай анд, Монголын нэгэн авьяаслаг сэтгүүлч, МУСТА Дашдондогийн Давааням 8-р сарын 11 өдөр 41 насандаа энэ хорвоог зуурдаар орхиж, бидэнд нөхөж баршгүй гарз тохиолдон, Монголын тэнгэрт нэгэн тод од харван одлоо. Ирээд буцах нь үнэн энэ орчлонд ижилдэн явсан анд минь биднээсээ дэндүү эрт буцчихлаа.

Д.Давааням 1971 онд Улаанбаатар хотод төрж, арван жилийн 75 –р сургуулийг дүүргэн, 1989-91 онд Ардын армийн 124 ангид байлдагч, түрүүч, ахлагч цолтойгоор эр цэргийн алба хааж, эх орноо батлан хамгаалж байсан Монгол цэрэг билээ.

1995 оноос Монголын радиогийн “Хөх тэнгэр” радио станцад хөтлөгч, редактороор ажиллаж, 1998 онд Радио Телевизийн Дээд сургуулийг сэтгүүлчийн мэргэжлээр төгссөн юм. Оюутан ахуй цагтаа Монголын үндэсний телевизэд ХИТ нэвтрүүлгийг санаачилсан нь олон жилийн туршид ХИТ байх хөгжим мэдээллийн хөтөлбөрийн анхдагч нь болсон юм.

Анд минь телевизийн урлагт хүчин зүтгэж явахдаа “Даваа гаригийн үдэш Даавкатай хамт”, “ Оддын үдэш”, “Тоглолтын цаг” шууд нэвтрүүлэг, “Цэнхэр дэлгэц”, “Мишээл” теле сэтгүүл, “Гэрэлтэй цонх” хөтөлбөрийг санаачлан бэлтгэж байсны зэрэгцээ, Монголын үндэсний телевизийн продюсер, Үдшийн хэмнэл студийн редактор, ХИТ энтертайнмент студийн захирал, АСА арилжаа сурталчилгааны албаны даргаар ажиллаж байв. Тэрбээр телевизийн урлагт хүчин зүтгэхийн зэрэгцээ олон шоу тоглолтын санаачлагч, зохион байгуулагч, авьяаслаг продюсер байсан юм. Даваанямын хамгийн сүүлчийн томоохон бүтээл нь “9009” бүрэн хэмжээний уран сайхны кино байлаа.

Даваанямын хөгжмийн урлагт оруулсан хувь нэмэр нь, Монголын төдийгүй дэлхийн хөгжмийн урлагийн амьд нэвтэрхий толь болж явсан бахархам авьяас хөдөлмөр нь, олон олон залуу уран бүтээлчдийг урлагийн замд хөтөлсөн зүтгэл нь бидний сэтгэлд үүрд хоногшин үлдэх болно.

Давааням зөвхөн хөгжмийн нэвтэрхий толь төдийгүй тал талын өргөн мэдлэгтэй, өөрийгөө байнга хөгжүүлэгч, телевизийн төлөө зүрх сэтгэлээ зориулсан нэгэн байлаа. Бүхий л сэтгэл зүрхээ зориулж явсан ХИТ хөгжмийн хөтөлбөр нь Монголын үзэгчдийг хөгжмийн урлагаар хүмүүжүүлж байсан юм. Өнөөдөр түүнийг хэн ч орлож чадахгүйгээр цэнхэр дэлгэцнээ орон зай нь үгүйлэгдсэн хэвээр...

Алдаж онох амьдралын нугачаанд унаж босож явсан анд минь чиний бахархам авьяас, онцгой мэдрэмж, ил цагаахан дүр чинь бидний төдийгүй Монголын үзэгчдийн сэтгэлд мөнхийн залуугаараа үлдэх болно. Зурагт гэрэлтэн асах зулын хоймор бүхэнд чиний явсан тод замыг гэрэлтүүлэх сэтгэлийн зул асах болтугай. Мөнх хөх тэнгэр, мөнхүү ногоон газар шороондоо амгалан нойрс доо.
Ум сайн амгалан болтуга.