Ах, дүү хоёрын зүрх шимшрэм гэрэл зургийн түүх

Moderator
2020/01/20

Дэлхийн II дайны төгсгөл үеийн эмгэнэлт нэгэн түүх энэ гэрэл зурагт шингэж үлджээ. Японы Хиросима, Нагасаки хотуудад америкчууд атомын бөмбөг хаясны дараа Хиросима хотод 146 мянган хүн, Нагасакид 80 мянган хүн тус тус амиа алдсан нь хүн төрөлхтөний түүхэн дэх хамгийн эмгэнэлт түүхүүдийн нэг яах аргагүй мөн.

1945 оны наймдугаар сарын 6-9-ний хоорондох хэдхэн хоног милитарист Японы эзэнт гүрэн, түүний ард түмэнд хар дарсан өдрүүд байлаа. Учир нь наймдугаар сарын 6-нд америкчууд Хиросимад атомын бөмбөг хаясан бол ердөө хоёр хоногийн дараа, наймдугаар сарын 9-нд ЗХУ Японтой дөрвөн сарын өмнө байгуулсан харилцан үл довтлолцох гэрээгээ цуцалж БНМАУ-ын хамтаар дайн зарласан. Мөн тэр өдөр буюу наймдугаар сарын 9-нд Нагасаки хотод АНУ хоёр дахь атомын бөмбөгөө хаяж 80 мянган хүний амийг хөнөөв.

Яг тэр үед л энэ гэрэл зургийг авсан аж. Жое О’ Доннел хэмээх америк гэрэл зурагчин эр яагаад ч юм Нагасаки хотод явж таарсан ба цөмийн бөмбөг хаясны дараахан үй олон амиа алдагсдын цогцсыг шатаах зууханд хийж нэг ёсны цэвэрлэгээ хийж байх үед нас барсан дүүгээ чандарлахаар үүрч яваа хүүтэй таарчээ.

Хүү өөрөө түлэгдсэн боловч огт уйлахгүй, харц нь зоримог, тууштай харагдаж байсан гэнэ.

Хожим Жое О’Доннел зургаа хэвлэлд нийтлүүлэхдээ тайлбарт нь “Би арав орчим настай хүүг алхаж байгааг харсан. Тэр нуруун дээрээ дүүгээ үүрсэн байсан юм. Би ихэвчлэн ах эгч нарынхаа нуруун дээр тоглож байгаа хүүхдүүдийг харсан. Гэвч ахынхаа нуруунд баглуулсан энэ хүүхэд өөр байсан. Ах нь гутал өмсөөгүй, хөл нүцгэн байлаа. Түүний царайнд зовлон мэдрэгдэж байсан ч хүү хөмхийгөө зуусан, зоримог харагдаж байлаа. Ах нь таваас арван минут орчим хөдөлгөөнгүй анхааралтай зогсоно. Удалгүй тэнд ажиллаж байсан хүмүүс хүүг анзаарч нуруунаас нь хэдийнэ мөнх нойрссон дүүг нь авч чандарласан ба тэнд нас барагсадтай багахан төдий ч ёс хийх, чандарыг нь хэн нэгэнд нь саванд хийж өгөх ямар ч боломжгүй байлаа. Гайхалтай нь хүү дүүгээ чандарлахыг нүдээ цавчилдгүй харж зогсоод чимээгүйхэн алхаж одсон юм” гэсэн байдаг.

Ингэснээр сэтгэл шимшрэм энэ зураг олон нийтэд ил болж дайныг тэр тусмаа цөмийн бөмбөгийг үзэн ядах, эсэргүүцэх сэтгэлгээг ард түмнүүдийн дунд дэлгэрэх ихээхэн нөлөө үзүүлсэн гэрэл зурагт тооцогдож ирсэн билээ. Сүүлд нь хүүгийн амьдралаар сэдэвлэсэн “Гэрэлт цох гэсэн хүүхэлдэйн киног 1988 онд Япон улсад бүтээсэн байдаг юм. Сэцүко болон Сэйта нарын ээж агаарын довтолгоонд үрэгдэж, тэд дайнд оролцохоор явсан аавыгаа хайж явсан ч харамсалтай нь дүү нь нас барсан байдаг. Дайн эргэн тойрон дахь бүхнийг нь хэрхэн сүйдэлж байгааг харсан ч өөрсдийн гэнэн цайлган, сайн сайхан зан чанар, хайр энэрэлийг хадгалж үлдэж, юу ч үгүй болсон ертөнцөд дутуу дутуугаа нөхөн тэмцэж байгаа ах дүү хоёрын тухай гарах бөгөөд тун алдартай анимэйшн болж чаджээ.

Ийм их зовлон бэрхшээл нуруун дээрээ үүрсэн Японы ард түмэн өнөөгийн хөгжил дэвшилд хүрч чадсан нь гайхалтай хэрэг ажгуу. Дайны зовлон энэ ард түмнийг хатуужуулсан нь тэр болой.