Б.Буджаргал таван өдөрт 700 км зам туулаад байна

Moderator
2019/08/31

Хэт холын зайн гүйлтийн Дэлхийн гурван удаагийн аварга Бямбаагийн Буджаргал энэ өдрүүдэд  тасралтгүй зургаан өдөр гүйх тэмцээнд оролцож байна. Дэлхий, тивийн олон амжилт тогтоож байсан манай тамирчин энэ удаа “Зургаан өдрийн гүйлт”-ийн дэлхийн рекорд амжилтыг шинэчлэн тогтоох том зорилго өмнөө тавьжээ. Одоо энэ рекордыг “Гүйлтийн Бурхан” хочит Австралийн грек гаралтай тамирчин Янис Курос 2005 онд 1036 км гүйсэн амжилтаар эзэмшдэг.

АНУ-д Уисконсин Милуоки хотод болж байгаа тус тэмцээнд манай тамирчин таван өдөрт 700км замыг туулсан бөгөөд энэ хугацаанд уралдааны тойрог замыг 1600 удаа тойрчээ. Дэлхийн шилдэг 200-аад тамирчнаас эхний тавд ороод байгаа бөгөөд үлдсэн хугацаанд эхний гурван байрын төлөө өрсөлдөх юм. Тэмцээнийн дүн өнөөдөр 22 цагт гарна.

Уралдаан АНУ-ын олимп, дэлхийн хэмжээний тамирчдыг бэлтгэн гаргадаг, мөсөн ордонд болж байгаа юм. Энэ нь тамирчдын эрүүл мэндэд төдийлөн таарахгүй байгаа аж. Үүний улмаас дэлхийн хэмжээний зарим тамирчин дундаас нь тэмцээнийг орхижээ. Харин Б.Буджаргал эрүүл мэндийн асуудал үүссэн ч, хүнд үеийг ардаа орхин гүйлтээ үргэлжлүүлж чадсан байна. Энэ талаарх мэдээллийг доорх бичлэгээс авна уу.