ЖАСТЫН Ш.БАТХҮҮД БУЙ 14 САЯ ДОЛЛАРЫН ХӨРӨНГИЙГ НЬ АВНА ГЭВ

Moderator
2019/08/28

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн хоёр дахь шатны хэлэлцүүлэг ямар шалтгааны улмаас гацаанд орсон талаар УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнээс тодрууллаа.

Чуулганы хуралдааны ирц бүрдэхгүй хоёр хонолоо. Ямар шалтгааны улмаас Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл гацаанд ороод байна вэ?

Байр суурь нэгдэж чадаагүй байна. Монгол Улсын Үндсэн хууль гэдэг бол тулгуур баримт бичиг. Эцэг хууль юм. Тийм учраас УИХ-ын гишүүд өөрсдийн итгэл үнэмшлээр оролцох нь зүйтэй. Ардчилал гэдэг бол цөөнх нь олонхдоо захирагддаг хуультай. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт хийхээр гарын үсэг зурсан гишүүд ажилдаа хариуцлагатай хандаасай гэж бодож байна. УИХ-ын гишүүд миний тойрог яах бол, би яах бол гэдэг дээр анхаарал хандуулж байх шиг байна. Ийм байвал Үндсэн хууль цаашаа явахгүй. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт одоо зогсвол дахиад найман жил Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэхгүй байх магадлалтай. Үндсэндээ засаглал тойрсон маргаантай асуудлууд хэвээрээ үлдэнэ гэсэн үг.

Шүүх засаглалтай холбоотой заалтууд гацаа үүсгэсэн үү?

Үндсэн хууль өөрөө тулгуур баримт бичиг учраас олон хүмүүс өөрийн саналаа тусгахыг оролддог юм байна. Босго нь 57 гишүүний саналаар явдаг учир тэр бүрийг хүний санаанд нийцүүлнэ гэдэг амаргүй. Яагаад гэвэл Үндсэн хууль өөрөө мөрөөдлийн жагсаалт биш. Миний хувьд энэ 7 хоногтоо багтааж эцэслэн шийдэх ёстой гэж үзэж байгаа. Үндсэн хуулийг заавал өөрчлөх ёстой биш. Одоогийн Үндсэн хууль маргаан дагуулдаг хэдий ч огт болохгүй болчихсон зүйл бол биш.

Шүүх засаглал аль нэг институтийн хяналтад байх ёстой юм уу?

Үндсэн хууль хүндрэлтэй байдалд орсон нэг л шалтгаан байгаа. Тэр бол засаглалын асуудал юм. Ард түмнээс сонгогддог хүчтэй Ерөнхийлөгч, цөөн тооны парламентын гишүүнтэй учраас нэг гишүүнд ногдох саналын жин асар өндөр байдаг. 19 гишүүн өдрийн цайндаа Засгийн газрыг огцруулах хэмжээний лобби хийж чаддаг ийм онцлогтой Үндсэн хуультай. Үүнээс болж гүйцэтгэх засаглал хүчгүй байж ирсэн. Өнгөрсөн 27 жилд нэг Засгийн газрын бүрэн эрхийн дундаж хугацаа 1.5 жил байснаас үүнийг харж болно. Нөгөө талдаа Төрийн тэргүүн, Гүйцэтгэх засаглалын тэргүүн хооронд эрх мэдэл булаацалдах, муудалцах байдал үүсч байсан. Үндсэн хуулийн асуудлыг бодитоор шийдье гэвэл Ерөнхийлөгчийн засаглалтай болох эсвэл Ерөнхийлөгчийг Парламентаас сонгодог болох юм. Гэтэл үүнийг бид хийж чадахгүй байна. Ерөнхийлөгчийг ард түмнээс сонгохоо болиод Парламентаас сонгодог болъё гэхээр үүнийг хүлээж авахгүй байна. Тиймээс гишүүдийн тоог нэмж, Ерөнхий сайдыг огцруулахдаа, дараагийн Ерөнхий сайдын нэрийг тодруулдаг байхаар асуудалд хандаж байна. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Засгийн газрын тогтвортой байдлыг бий болгохыг хүсч байгаа юм.

Хөгжлийн банкнаас авсан зээлээ төлөхгүй байгаа компаниудын асуудал ямар шатанд яваа вэ?

Хөгжлийн банкнаас авсан зээлээ төлөөгүй нэр бүхий 11 компани байгаа. Эдгээр компаниудыг шүүхэд шилжүүлсэн. Тухайн компаниудын барьцаа хөрөнгийг авна гэсэн үг шүү дээ. Хөгжлийн банкнаас зээл авсан компаниуд энэ бол төрийн мөнгө юм чинь гэдэг байдлаар асуудалд хандаж ирсэн. Хэрэв арилжааны банкнаас зээл авсан бол ийм асуудал үүсэхгүй байсан. Ийм хариуцлагагүй байдлын хэлхээг таслахаар ажиллаж байна.

"Жаст" группийн асуудал юу болсон бол?

Хөрөнгийн битүүмжилсэн байгаа. "Жаст" группийн захирлаас Төрийн өмчийн хорооны даргад захидал ирүүлсэн байна лээ. 11 колонк, 2 нефтийн үйлдвэр, газар гээд нийт 13-14 сая ам.долларыг төлөх боломжтой гэсэн бичиг ирсэн. Үүнийг прокурорт шилжүүлж байгаа.