Шинэ цэнгэлдэх хүрээлэнгийн загвар, зураг төслийн уралдаан зарлажээ

Moderator
2019/08/12

Үндэсний хэв шинж, орчин үеийн техник  технологийн шийдэл бүхий “Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн” байгуулах төслийн концепц, загвар зураг төсөл боловсруулах 30 сая төгрөгийн шагналын сантай уралдаан зарлагджээ.

Уралдаанд зураг төслийн мэргэжлийн байгууллагууд мөн хувь уран бүтээлчид, мэргэжлийн ангийн оюутнууд оролцох боломжтой юм байна. Уралдаанд өрсөлдөх загвар, материалыг энэ сарын 16-ны өдрийг хүртэл нийслэлийн төр, захиргааны байр “Хангарди” ордон, Хот байгуулалт, хөгжлийн газарт хүлээн авах аж.

Ирүүлсэн бүтээлүүдийг 2019 оны 08 дугаар сарын 17,18,19-ний өдрүүдэд Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын вэб сайт www.uda.ub.gov.mn –д байршуулж олон нийтийн саналыг цахимаар хүлээн авах бөгөөд дүгнэхдээ Нийслэлийн Засаг даргын захирамжаар батлагдсан Комисс хуралдаж олон нийтийн саналын дүн болон уралдааны удирдамжид заагдсан шалгуур үзүүлэлтүүдийг үндэслэн шалгаруулах юм байна.

Уралдаанд ирүүлэх бүтээлүүдэд тавигдах гол шаардлага нь үндэсний онцлог хэв шинжийг агуулсан, байгаль орчинд ээлтэй, орчин үеийн дэвшилтэт технологийн шийдэл бүхий үндэсний их баяр наадам төдийгүй спортын олон төрлийн арга хэмжээг жилийн дөрвөн улиралд зохион байгуулах боломжтой байхаар төлөвлөх ёстой аж.