Наадмын найруулга цэнгэлдэхэд

Moderator
2019/07/11

Үндэсний их баяр наадмын нээлт шинэлэг, өнгөлөг, нүд баясгасан үзүүлбэртэй боллоо. Их бүрээ, хэнгэрэгийн үзүүлбэрээр нээж, “Талын монгол айл” дуу хүүхдийн цангинасан хоолойгоор эгшиглэсэн нь уярам зөөлөн, уясгам яруу байлаа.

Ботго нь гунганах сүргийн дэргэдээс

Гэгээ татан наран ургана

Таанын амтат цайгаа дээжлээд

Талын монгол айл өглөөг угтана

Монгол наадам ийнхүү эхлэв. Эрийн гурван наадмын сүр болсон хүдэр, хүчирхэг эрчүүдийг хүнд модоор наадах “Хүчтэний үзүүлбэр”-ээр илэрхийлсэн нь үзүүштэй, нүд баясгам байв. Цэц мэргэн, хурд мэргэнийг илэрхийлсэн бүжгийн үзүүлбэрүүд наадам доторх наадмыг амилуулав.

Мөнх тэнгэрийн зарлиг шингээж

Хөдсөн дээлэндээ өсч, өндийсөн

Хүчтэй их дээдсийн минь өвлүүлсэн

Хэзээ ч тасраагүй угийн бичээс

“Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн, “Хар сарнай”-н С.Амармандах, “Номин талст” хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн нар “Нууц товчоо” дуугаараа үндэсний их баяр наадмыг хоёр дахь удаагаа нээлээ. “Нууц товчоо” дууны хүчирхэг хэмнэлд их хаадыг урьж, морины үзүүлбэрийг уяж өгсөн нь үзэгчдийг уйдаахгүй оновчтой шийдэл болжээ.

Богд хаант засаг, Ардын хувьсгалын түүхэн цаг үеийг бүжгээр илэрхийлж, Халх голын ялалтын 80 жилийг тодотгон, зэвсэгт хүчин, энхийг сахиулагчид, онцгой байдал, цэргийн жагсаалаар наадам үргэлжилж, Атар газар эзэмшсэний 60 жилийн ойг онцолж, Атрын  I, II аянд зориулсан бүжгийн үзүүлбэрээр нээлтийн үзүүлбэр үргэлжиллээ.

Өмнөх жилүүдийн наадмын нээлтийн тоглолтод цэргүүдийг хэдэн зуугаар нь дайчилдаг байв. Урт урт дээлэндээ хөглөрөлдсөн, жад сэлэм барьсан цэргүүд тарж бутарч гүйлдсэн үзүүлбэр энэ жил давтагдаагүй нь сайн хэрэг.

Хөтлөгчдийн дунд өвөрмөц хоолойгоороо үзэгчдийн сэтгэлд нийцдэг жүжигчин Ц.Цэрэнболд багтсан нь наадмыг үзүүлбэрийг улам сүрлэг, тэнэгэр болгож өглөө. Бас хөгжим, дуу, бүжиг дундуур бусад үзүүлбэрийг багтаан, цэнгэлдэх тойруулж, үзэгчдэд толилуулсан нь цаг хугацаа хэмнэсэн, сонирхол татах хэмнэлийг бий болгосон болов уу. Мөн сүүлийн жилүүдийн наадамд харж дасал болсон төгсгөл хэсэг давтагдсангүй. Байгууллага, компаниуд цэнгэлдэх тойрон жагсдаг, тэр жагсаал хэнд хэрэгтэй нь ойлгомжгүй болж, утга нь  алдагдсан байсныг хассан нь магадгүй зөв байх.  

Ерөнхийдөө наадмын нээлтэд мэргэжлийн бүжигчдийг үзүүлбэр бүрт түлхүү ашигласан нь эмх цэгцтэй, илэрхийллийн хувьд ойлгомжтой болгов.

Найруулагч Ц.Цоггэрэлд баяр хүргэе. 

Агуу Б.Шаравын ая, Загдын Түмэнжаргал агсны үг “Монголын тал нутаг” дууг Ардын жүжигчин А.Долгор, саяхан Гавьяат жүжигчин цолоор энгэр мялаасан Э.Анхбаяр, “Увертюра” хамтлагийнхан наадамчдын сэтгэл дүүртэл дуулснаар энэ жилийн их баяр наадмын нээлт ёслол төгөлдөр өндөрлөлөө.  

Дүүжүү алсаас ирээд

Дүүрэн амьсгал авахад минь

Мөнхийн усыг амсах шиг

Цээж зүрх минь цэлмэнэ

Ямар цэнгэг юм бэ

Монголын ариун агаар

Яасан цэлмэг юм бэ

Монголын хөх тэнгэр

Аяны шувуудын цуваа

Алжаан цуцаж гатлаад

Алаг нүдний үзүүрт

Хаяа хязгааргүй цэлийгээд

Ямар уудам юм бэ

Монголын тал нутаг

Яасан уужуу юм бэ

Монгол хүний сэтгэл



НААДМЫН НЭЭЛТ, ХААЛТЫН ЁСЛОЛ ЗОХИОН БАЙГУУЛАХ БАГ
 

  • Ерөнхий найруулагч: Урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Цоггэрэл
  • Ерөнхий продюсер:  Б.Отгонбат
  • Ерөнхий хөдөлгөөний найруулагч, бүжиг дэглээч, гүйцэтгэх найруулагч: Г.Ган-Очир
  • Зохиолыг санаачлагч: Г.Цоггэрэл, Г.Ган-Очир
  • Зохиолч: МЗЭ-ийн шагналт зохиолч Б.Цогнэмэх
  • Ерөнхий менежер: П.Цэрэндагва
  • Ерөнхий Зураач: О.Баярмагнай
  • Хөгжмийн зохиолч: М.Бирваа 
  • Ерөнхий бүжиг дэглээч: Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Баярбаатар 
  • Арт костюм дизайнер: Д.Ариундэлгэр
  • Ерөнхий ивээн тэтгэгч: “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ