НААДМЫН НЭЭЛТ ЁСЛОЛ ТӨГӨЛДӨР САЙХАН БОЛЛОО


Ардын хувьсгалын 91 жилийн ой, Их Монгол Улс байгуулагдсаны 806 жилийн ой өргөн дэлгэр сайхан болж өндөрлөлөө. Монгол түмэн хотол даяараа дэнж хотойтол нааддагаа хэдийнэ мэддэг ард түмэн. 

 

       Нар хур тэгширсэн энэ сайхан өглөө Төв Цэнгэлдэх Хүрээлэнд наадамчин олон үндэсний хувцсаараа гоён өглөөний 11.00 цаг хэдийнэ цугласан байлаа. Энэ жилийн наадмын нээлтийн үйл ажиллагааг үзэх тасалбарын үнэ хэдийгээр 180.000 төгрөг хүрсэн ч стадион пиг дүүрэн байлаа.  

 

Есөн хөлт цагаан тугаа залан, Монгол улсын ардчилсан Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж үг хэлснээр наадам албан ёсоор эхэлсэн юм. 

 

    Эрэмгий хүчит бөхчүүд, эрхий мэргэн харваачид, гийнгоо цангинуулсан бяцхан хүүхдүүдийн уухайн дуугаар чимэглэсэн Монгол түмний их баяр цэнгэл наадам ёслол төгөлдөр сайхан болж байна. Зууны Манлай Эстрадын дуучин, МУГЖ Б.Сарантуяа “Цацал” хэмээх дуугаараа ая дуу өргөн, түүний дараа Universe Best Songs наадмын шилдэг оролцогч залуус “Цэнхэр дэлхийгээ дуулъя” хэмээх дуугаа ч ард түмэндээ толилууллаа. 

 

    Шүхрээр буулт, Үлээвэр найрал хөгжим, ҮДБЭЧ-ын бүжиг зэрэг үзүүлбэрүүд ч нээлтийн үйл ажиллагаанд багтсан байсан. Энэ жилийн Үндэсний бөхийн барилдааны зүүний магнайг даян аварга Г.Өсөхбаяр өнгөлж, барууны магнайг улсын аварга О.Балжинням тэргүүлж, улс, аймгийн алдар цолтой 512 бөх зодоглож байна. Өнөөдөр нэг хоёрын даваа явагдаж харин 7 сарын 12-ны өглөө гурвын даваа цол дуудсанаар эхлэх болно.

 


...Монгол түмний Үндэсний Их Баяр наадамд дараах есөн “заавал” болон “заавал биш ч ...” дэг болон тогтжээ. Үүнд: 

 

   1. Монгол улсын Ерөнхийлөгч наадмыг нээж үг хэлдэг

 

   2. Ард түмэн Монгол үндэсний хувцсаараа гоёдог 

 

   3. Заавал хуушуур иддэг

 

   4. Ард түмэн Хүй долоон худагт заавал очдог 

 

   5. Олны танил эрхмүүд эхнэртэйгээ дээлээрээ хосолдог

 

   6. Соёолонгийн тоосонд заавал дарагддаг

 

   7. “Томчууд” морь уян, Хүй долоон худагт тансаг гэр барин гардаг 

 

   8. Сүхбаатарын талбайд 7 сарын 11-ний орой заавал шоу болдог

 

   9. Бөхийн тааврыг хэн ч таадаггүй.  

 

Наадмын арга хэмжээнээс бэлдсэн фото сурвалжлагыг та бүхэнд хүргэе.