Эмч нарын цалинг нэмэхгүй бол ажил хаяна


Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооноос өнөөдөр /2017.09.15/ мэдээлэл хийж эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалинг 50 хувиас доошгүй нэмэх зардлыг 2018 оны төсөвт тусгахыг шаардлаа. Энэ салбарын 20 мянган хүний гарын үсэгтэй энэхүү шаардлагыг УИХ, Засгийн газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Сангийн яам, Эрүүл мэндийн яаманд хүргүүлээд байгаа аж. Мэдэгдлийн үеэр Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооны дарга Б.Мягмар “Одоогоор эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа хүмүүс өнөөдрийг хүртэл ажлаа цалгардуулахгүйн төлөө зүтгэсээр байгаа. Гэтэл тэдний дундаж цалин 520-620 мянган төгрөгийн хооронд байна. Үүнээсээ татвар, нийгмийн даатгал, цалингийн зээлээ төлөөд хармаанд нь мөнгө үлдэхээ байсан. 2015 онд 500 гаруй тэрбум төгрөгөөр эмч нарын цалинг нэмнэ гэж Засгийн газар хуурсан. Дараа жил нь 90 гаруй тэрбум төгрөг нэмнэ гэж дахин хуурсан. Саяхан Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө “Эмнэлгийн ажилчдын цалинг энэ онд нэмж чадахгүй, 2018 онд ч нэмэхгүй, 2019 онд нэмэх талаар ярьж болох юм” гэж Н.Номтойбаяр сайд гурван талт хэлэлцээрийн бүрэлдэхүүнд хэлж байсан. Бид 2019 он хүртэл бүсээ чангалж чадахгүй.

 

Иймээс бид жагсаал цуглаан хийж хамтын тэмцэл, хөдөлгөөн өрнүүлнэ. Ажил хаялт хийх хүртэл тууштай тэмцэх болсноо мэдэгдэж байна” гэсэн юм. Шаардлагын хариуг өнөөдрөөс эхлэн ажлын тав хоногийн хугацаанд хүлээх юм байна. Мөн тэд эмнэлгийн ажилчид ердөө нэг цаг ажил хаяхад ямар байдалд хүрэх вэ гэдгийг сануулж байлаа. Б.Мягмар “Засгийн газар одоогоор үүрэг гүйцэтгэх сайд нартай байгаа. Одоо яриад дэмий юм биш үү гэж хүмүүс хэлж байгаа. Үүнтэй санал нийлэхгүй байна. Дараагийн сайд, дарга нараа хурдан томилж, ажлаа хийгээч гэж хатуу шаардаж байна. Улсын гурван талт хэлэлцээрийг яаралтай хийх хэрэгтэй” гэв. Шаардлага шийдэгдээгүй тохиолдолд бүх шатны тэмцлийг цааш үргэлжлүүлэх гэнэ.