УИХ-ын ээлжит бус чуулган ирэх долоо хоногт хуралдах нь тодорхой болчихлоо. Засгийн газрын хувь заяа тус чуулганаар шийдэгдэнэ. Мэргэжлийн засгийн газрын нөхөд чухам ямар мэргэжлийн хүмүүсээс бүрдсэн гэдгийг харуулсан цаг хугацаа дэргэдүүр гэлдэрч өнгөрөв.
Засгийн газраа чуулган зарлахгүйгээр авч үлдэхээр хичнээн мэрийсэн ч энэ удаад үнэний талд арай олонх нь гараад зогсчихлоо. Засгийн газар унах олон шалтгаан дундаас тэдний өөртөө барьсан бэлэг-концессын гэрээ гол хүчин зүйл болчих шиг боллоо. Мэдээж 60 тэрбумын асуудал, офшорт нуусан мөнгөний эзэдийн эсрэг ямар нэг алхам хийгээгүй байдал мөн Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр болсон зарим нэг үйл явдал, ялагдал зэрэг нөлөөлсөн хүчин зүйл бол их.
МАН-ын хотын фракцынхан ээлжит бус чуулганы үеэр ямар сум тавих нь нууц үлдлээ. У.Хүрэлсүхийн өөдөөс нисгэсээр байгаад, ер нь сумаа барчих шиг болсон. Тэд Засгийн газрынхаа хувь заяаны төлөө АТГ-аар хүртэл Хэвлэлийн бага хурал зарлуулж, У.Хүрэлсүхийн эсрэг турхирч үзээд ч тусыг эс олов. “Мэргэжлийн Засгийн газар унах ёсгүй” гэдэг мессежийг дэлхий тойруулан илгээж үзэв. Бүр улсаа дампууруулах тухай Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Нямаа гэгчээр зарлуулсан ч амжилтанд бас хүрсэнгүй.
Төрийн байгуулалтын байнгын хороонд шургалсан нөхдийнхөө ачаар ганц хүний илүүтэй дэмжлэг хүлээснээ, “Засгийн газраа авч үлдэхээр боллоо” гэж итгүүлэн, тархи угаалт хийх гэсэн ч мөн л байндаа туссангүй. Мөн намын бүлгээ хуралдуулан аврал хайсан ч тэднийг гэх бурхан бүү хэл буг ч цухуйсангүй. Ийнхүү тэдний “мөнгөний” Засгийн газар мухардалд орж, бодит байдалтай эвлэрэхээс өөр гарц үлдсэнгүй.
М.Энхболдын “хөрөнгө оруулалттай”, удирдаачаар Ж.Мөнхбат, найруулагчаар нь Ж.Эрдэнэбатыг ажилласан “Мэргэжлийн” гэдэг гоё нэртэй улс төрийн хамтлагийн уналт, бутралтын өдрүүд ирж буй долоо хоногт эхэлнэ. Намаас нэгэнт аврал ирэхгүйг ойлгосон учир тэд гадагш нүд халиаж эхлэв.
Өнчин ишиг хүртэл үнэд орох энэ мөчид МАХН-ын ганц туулай О.Баасанхүү ч тэдэнд хэрэг болох нь гарцаагүй. Тэр гэхдээ хаана нь ч хэрэггүйгээ мэдээд чуулганы үеэр хаашаа ч хамаагүй дэгдээд алга болох биз. АН-ын ес бол, тэдэнд ёстой “есөн эрдэнэ”. Харамсалтай нь АН-ын бүлэг “мэргэжлийн”-хний эсрэг талд нэгдэхээр шийдчихлээ.
Тэдэн дундаас М.Энхболд ахдаа хайртай, “үерхэлдээ үнэнч”-ээрээ Б.Наранхүү гишүүн сугарч нийлж болох юм. Ацан шалаанд орсон Нараа гишүүн байнгын хорооны хурлаас “бултсан”. Ээлжит бус чуулганд суулгүй ороолж, тэр үеэр төрийн ордноо тойрон гороолох нь дамжиггүй. За ингээд “мэргэжлийн”-хэн маань байр байрандаа ирэх нь гарцаагүй болж байх шиг. Яагаав өнөөх гарын үсэг зурсан 31 дээр АН-ын найм, бас зураагүй гишүүдээс тийш хуйлрах гишүүдийн нэр нэг хоёроор тогтохгүй тодорч эхлээд байгаа. Ингээд бодохоор, УИХ-ын ээлжит бус чуулган дээр “Засгийн газрыг яагаад ч унагаж болохгүй” ямар нэг шалтгаан л олохгүй бол Ж.Эрдэнбатаа дагаад сайд нар Засгийн газрын танхимыг чөлөөлөх дүр зураг байна.
Засгийн газар унаад тогтохгүй Нийслэлийн удирдлагууд суудлын бүсээ зүүхгүй бол “осолдож” мэдэхээр цаг үе өмнө нь тулчихлаа. НИТХ-ын дарга Ц.Сандуй “60 тэрбум”-аа хүлээн зөвшөөрөөд, сандал ширээгээ хүлээлгэж өгөхөөр өөрөө шийдчихлээ. Хөндлөнгөөс харахад эр зориг гаргаж байгаа юм шиг үзэгдэл ч гэсэн айдас дүүрэн, аврал эрсэн байдалтайгаар өргөдлөө сарвайлаа.
Мэргэжлийн хэмжээнд хийсэн “60 тэрбум”-ын ажлыг нь “мэргэжлийн” Засгийн газрын ах, эгч нар нь дуурайн Концессын гэрээний төсөл босгон завшихаар ангайсан ч амаа олсонгүй баригдчихлаа... Тэдний концерт энэ хүрээд өндөрлөж байх шив... Дараагийн Засгийн газар ард иргэдрүүгээ хандаж ажиллах биз ээ...
www.zindaa.mn
2026-2030 онд мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг өсөх хандлагатай байна
А.Баяр: Хүүхдийн болон гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсооход НИТХ болон 9 дүүргийн 93 эмэгтэй төлөөлөгч хамтрахыг уриалъя
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлж, малчдын эрх ашгийг хамгаална
Бүгд Найрамдах Киргиз Улсын Элчин сайдыг “Найрамдал” медалиар шагналаа
“Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт өнөөдөр эхэлнэ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх орон нутагт ажиллаж малчидтай уулзана
Хамтарсан удирдлага, оновчтой менежментээр Түр хамгаалах байрны орчин, үйлчилгээг жишиг түвшинд хүргэжээ