П.Баярхүүг огцруулъя


Улаанбаатар хот эзэнгүй болжээ.   Нийслэлийн эргэн тойронд өрнөж буй үйл явдлууд үүнийг гэрчилж эхлэв.  Тухайлбал,  энэ сарын 15-аас   хэрэгжиж эхэлсэн   Энхтайвны өргөн чөлөөний долоон уулзвар, тодруулбал, зүүн дөрвөн замаас баруун дөрвөн хүртэл  зүүн гар тийш эргэхийг хязгаарласан  зохицуулалт.   Эл арга хэмжээ  сахил хүртээд шал дордов гээчээр түгжрэлийг сааруулах бус бүр таг гацдаг болгож орхисон.   Өмнө нь Энхтайвны өргөн чөлөөний долоон уулзварын нэг уулзварт цагт 4000-4500,  Төв шуудангийн уулзвараар 4500 тээврийн хэрэгсэл дамжин өнгөрдөг байсан юм.  Харин эдүгээ  энэ бүх ачаалал жижиг уулзваруудад шилжсэн төдийгүй иргэдийг тэр хэрээр бухимдуулах болсон.
 
Энэ бүхнийг анзаарсан Ерөнхий сайд  иргэдийн бухимдал газар авахаас өмнө урьдчилсан сэргийлж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Засаг дарга С.Батболдод   "Иргэдээсээ асууж, илүү боловсронгүй болгох" үүрэг даалгаврыг  өгсөн.   Хотын мэр тухайн үед ямар нэг тайлбар хийлгүйгээр Ерөнхий сайдын үгийг сонсоод л гарсан. Гэтэл өнөөдөр  “Би ийм захирамж гаргаагүй” гээд сууж байх юм.  Түүний хийж буй мэдэгдлээр бол  С.Батболдтой бус  Нийслэлийн Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч   П.Баярхүүтэй хариуцлага тооцох учиртай аж.  
 
Мань хүн Засаг даргад  мэдэгдэлгүйгээр дур мэдэн  ийм арга хэмжээг авсан бололтой.   Түшиж, тулах орлогч  нь Засаг даргаа үл тоон түүнээс давсан шийдвэрийг гаргаж байна гэхээр   Улаанбаатар хот эзэнгүй юм байна гэх  бодол хэн хүнд төрж буй за.  Шулуухан хэлэхэд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч  С.Батболд  бэлэг тэмдэг  төдий “амьтан” болжээ.  Тийм биш, атлаа “Би  ийм захирамж гаргаа­гүй” гээд сууж байх хэрэг үү.  
 
Эсвэл  хотын мэр олон жил улс төрд явсан хүний хувьд уснаас хуурай гарах гэж ийм арга сэдсэн юм болов уу.   Үгүй гэвэл Засаг даргыг эцгээ гэж эндүүрч эрхэлдэг Засаг даргын орлогч П.Баярхүү уйдаж цөхсөндөө   нийслэлийн замын хөдөлгөөнөөр тоглосон  байж таарах нь.  Ямартай ч  замын хөдөлгөөнийг хуучин хэвэнд нь оруулж таарах нь шиг байна.
 
Эдийн засаг хямарсан эл цаг үед  уг зохицуулалтыг хэрэгжүүлэхтэй  холбогдож  шинээр ашиглалтад оруулсан 100 м тутамд тавигдсан  гэрлэн дохионууд,  жижиг уулзваруудад хийсэн замын өргөтгөлүүд, нийтийн тээврийн үйлчилгээний чиглэлүүд хийсэн өөрчлөлтүүд  гэх мэтчилэн  замын хөдөлгөөний шинэчлэлтэд   шаардагдах зардал төсөв зардлаас гадна   зүүн эргэхийг хориглосон  зохицуулалтыг хэрэгжүүлэхийн  төлөө  15 хоног  нойр хоолгүй ажиллаж байгаа замын цагдаагийн хичээл зүтгэл, хөдөлмөр цаашлаад  замын хөдөлгөөнд оролцож буй иргэд, жолооч нарын цаг зав гээд мөнгөөр хэмжиж үл болох зардлуудыг яах болж болж байна вэ.  Өөр нэг зүйл  бол эл зохицуулалт хэрэгжиж эхэлсэнээс хойш зөрчил гаргаж торгуулсан иргэдийн асуудал.
 
С.Бат-Үүл даргын үед дэд бүтэц хийгээд замын зохицуулалттай холбоотой асуудлыг   нийслэлийн  ИТ-ийн ээлжит хуралдаанаар хэлэлцэн шийддэг байсан санагдах юм.  Гэтэл НИТХ  хуралдахаа больсон дуулдсан. Тэгэхээр орлогч нарын  албан тушаал, эрх мэдлээ ашиглан дураар авирлах нь зөв. Тэгээд ч дэд бүтэц бол мөнгөгүйгээр шийдэгддэг ажил биш.  Учир иймээс   эрх мэдэл, албан тушаалаа буруугаар ашигласан, Засаг даргаас  давсан шийдвэрийг гаргасан   Нийслэлийн Засаг даргын орлогч, Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан дарга П.Баярхүүг албан тушаалаас нь огцруулаад зогсохгүй хариуцлага хүлээлгэх   ёстой бус уу.

 

Medee.MN