Монгол эмэгтэйг Эрээний хятад дэлгүүрийн эзэн 100 юаниас болж зоджээ

Admin
13 цаг 56 минутын өмнө

 

“МАНАЙ ДЭЛГҮҮРТ УНАСАН МИНИЙ МӨНГИЙГ ЧИ АВЛАА”


Өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт буюу наймдугаар сарын 19-ний өдрийн 10 цагийн орчимд Эрээний “Жу гуайн хоёр юанийн өдөр тутмын бараа” нэртэй дэлгүүрийн худалдагч хятад эр монгол эмэгтэйг зодсон хэрэг гарчээ. Дээрх дэлгүүр нь БНХАУ-ын ӨМӨЗО-ы Эрээн хотын Хуучин зээл худалдааны төвийн баруун хойд буланд байдаг “Москва” гэх зоогийн газрын хажууд байрладаг байна.

 

Тухайн өдөр болсон үйл явдлыг харсан монгол залуугийн мэдээлснээр, тэндэхийн “Москва” хэмээх зоогийн газарт хооллоод гарч явахад нь гэнэт орилоон шуугиан болоод, хятад эрэгтэй нэгэн эмэгтэйг үсдэж зодож байхыг олж харжээ.

Энэ хэрэг 100 юаниас үүджээ. Монгол Улсын иргэн, Дархан хотын харъяат Т гэх бүсгүй хамт яваа хоёр эмэгтэйн хамт тус дэлгүүрээр үйлчлүүлэхээр очжээ. Бараа сонирхож явахдаа мөнгөө тоолоход 100 юань дутуу байсан тул эргэж хартал дэлгүүрийн үүд хавьцаа унасан байж. Буцаж эргээд авах гэтэл дэлгүүрийн эзэн “Манай дэлгүүрт унасан миний мөнгийг чи авах гэлээ” гэжээ. Т бүсгүй хэл ам хийгээд яах вэ гээд “Чи талыг нь ав. Би үлдсэн 50-ийг нь би авъя” гэж. Хятад эр хариуд нь “Тийм юм байхгүй. Чи миний мөнгийг авах гэлээ” хэмээн уурлан түүнийг зодсон байна.

 

Удалгүй цагдаа нар ирж, дэлгүүрийн камерыг шүүхээр болжээ. Энэ үеэр дэлгүүрийн эзэн цагдаад “Энэ эмэгтэй миний мөнгийг авсан, бас надаас 600 юань хулгайлсан” хэмээн хэлж гүтгэсэн байна. Цагдаа нар дэлгүүрийн камерыг шалгаж, бүсгүйн буруугүй болохыг тогтоожээ.

 

Бичлэгээс дэлгүүрийн эзэн хохирогчийг гүтгэж, дүүгийн хамт бүсгүйг хайр найргүй зодож байгаа, дэлгүүрийн гадна унасан ээмгийг нь цагдаа авсан зэрэг нь бүгд илэрхий харагдсан байна. Тэнд цугласан монголчууд монгол бүсгүйгээ өмөөрч, асуудлыг дор нь шийдвэрлүүлээгүй бол гэмгүй нэгэн эмэгтэй хохироод үлдэх байсан аж. Тухайн үед монголчуудын төлөөлөл Эрээн дэх консулын газрыг эрж сурсаар хоёр ажилтныг нь цагдаагийн газарт арайхийн аваачсан боловч ямар ч тус нэмэр болоогүй байна.

 

Энэ хэргийн талаар Гадаад харилцааны яамнаас тодруулахад “Монгол эмэгтэй зодуулсан хэргийн тухай мэдээлэл ирэх нь ирсэн. Холбогдох албаныхан нь шалгаад, эргээд хариу ирүүлнэ гэсэн. Түүнийг нь хүлээж байна. Мэдээлэл ирүүт эргэж мэдээлье” гэсэн хариулт өгөв. Бид дээрх хэргийг нүдээр үзсэн монгол залуугаас яг юу болсон талаар тодрууллаа.

 

-МОНГОЛЧУУДЫН НҮДЭН ДЭЭР ХЯТАД ЭРЭГТЭЙ МОНГОЛ ЭМЭГТЭЙГ 
ИХ МУУХАЙ ӨШИГЛӨСӨН-


-Эрээний дэлгүүрийн үүдэнд яг юу болсон юм бэ?


-Биднийг “Москва” зоогийн газраас хооллоод гараад иртэл хүмүүс гэнэт шуугилдаад орилоод эхэлсэн. Юу болсныг сонирхоод очтол хятад эрэгтэй нэг эмэгтэйг зодож байсан. Эхэндээ өвөрмонгол эмэгтэй байна гэж бодсон. “Хамт яваа хүнээс нь монгол эмэгтэй гэж сонсоод, тэнд байсан монголчуудаа цуглуулж, энэ эмэгтэйг дээрэлхүүлж хохироож болохгүй, тарж болохгүй, хамт шаардлага тавья, цагдаа дуудъя, энэ эмэгтэй хохироод үлдвэл маргааш танд биш юмаа гэхэд таны ойр дотны хэн нэгэнд ийм зүйл тохиолдсоор байх болно гэж ярилцацгаасан. Тэр үед хятад эр эмэгтэйн гарыг чанга барьчихсан тавихгүй байсан. Эмэгтэй “Гарыг минь тавиач” гэж дахин дахин хэлж байсан.

 

-Цагдаа дуудсан уу?


-Тэгсэн. Цагдаа ирэх хооронд эмэгтэй гар өвдөж байна, тавиач гээд гараа салгах гэж оролдоход тэнд цугларсан бүх монголчуудын нүдний өмнө хятад нөхөр эмэгтэйг их л муухай өшиглөсөн. Бид орилж “Болиоч” гэж хэлсэн ч хүрч чадаагүй. Цаанаас хятад нөхрийн дүү нь бас гүйж ирээд, зодох оролдлого хийсэн. Бид дөхөж очоод болиоч гэж хашгирсан.

 

-Цагдаа нар ирээд ямар арга хэмжээ авсан бэ?


-Дэлгүүрийн камерыг шалгахаар болсон. Бид хэрвээ камерт бичлэг байхгүй бол эмэгтэйг зодсон хүнийг 100 хувь буруутга гэсэн шаардлага тавьсан. Эхлээд камерын бичлэг устсан байна гэх яриа гараад, хэсэг хугацааны дараа бичлэг устаагүйг мэдсэн. Тэр хооронд бид дэлгүүрийн үүдэнд хохирогчийн ээмэг газарт унасан байсныг олсон юм. Гэтэл цагдаа нар зураг авч баримтжуулан, гар хүргээгүй. Цагдаа нар камерын бичлэгийг шалгахад Т бүсгүйн бидэнд ярьсан бүхэн үнэн байсан. Камерийн бичлэгт хохирогчийг илт гүтгэж, хайр найргүй дэвсэж зодож байгаа нь тодорхой байсан. Цагдаа хохирогчийн ээмгийг авчихсан.

 

-Дараа нь юу болсон бэ?


-Цагдаа нар хохирогч эмэгтэй Т болон гэрч гэх нэгэн эмэгтэйг цагдаагийн машинд, хэрэгтэн хоёрыг нөгөө машинд суулгаад аваад явсан. Бид эмэгтэйг ганцааранг нь явуулж болохгүй гэж үзээд “УАЗ 469” машинд 9-үүлээ суугаад араас нь явсан. Цагдаагийн газрын хүлээлгийн танхимд нөгөө хоёр хэрэгтэн сууж байсан. Тэд ямар ч гэмшсэн царайгүй, их зэвүүн санагдсан. Бид эмэгтэйг тайвшруулаад, одоо ингэж хэл, бичиг баримтаа өгч болохгүй, өнөөдөр асуудлыг шийд гэж шаард гэх мэт зөвлөгөө өгч байлаа. Тэнд уг нь наймааны алба гэж бий л дээ. Бид ганцхан консулынхныг л бодсон.

 

-Тухайн үед эмэгтэй ямар байдалтай байсан бэ?


-Эмэгтэйн гар нь салгалж, цочролд орсон, бие дааж явж чадахгүй байсан.

 

-Яг юу болсон талаар хохирогч Т та нарт юу гэж ярьсан бэ? Хэр их бэртэл гэмтэл авсан байв?


-Дэлгүүр ороод бараа сонирхох үедээ үлдсэн юаниа тоолоход 100 юань дутуу байхаар нь гайхаад эргээд хартал үүд хавьцаа нь унасан байсан гэсэн. Эргээд авах гэтэл дэлгүүрийн эзэн “Манай дэлгүүрт унасан миний мөнгийг чи авах гэлээ” гэж гүтгэсэн юм билээ. Тэгтэл Т за яршиг гэж бодоод “Тэгвэл чи талыг нь ав, би үлдсэн 50-ийг нь авъя” гэхэд “Тийм юм байхгүй, чи миний мөнгийг авах гэлээ” гээд шууд зодож унагасан байсан. Бас дүү нь гарч ирээд хамт зодож цохин унагаад, үснээс нь чирж, дэлгүүрээс гарган өшиглөж зодсон байсан. Дэлгүүр дотор зодуулах үедээ Т бүсгүй аягануудын дээр унаад, гар нь зүсэгдсэн байсан. “Биеийн маань энд тэнд өвдөж байна” гэж хэлсэн.

 

-Хохирогчийн ээмгийг цагдаа аваад явсан гэсэн. Буцааж өгсөн болов уу?


-Хохирлуудыг тооцож байхад ээмэг санаанд орж цагдаагаас асуухад би үзчихээд буцаагаад тэнд тавьсан гэж улайм цайм худал хэлсэн. Тэгээд бид тийшээ хамт очоод шалгая гэхэд цагдаа зөвшөөрөөд, манай хоёр залууг дагуулаад очиж шалгасан ч олоогүй ирсэн.

 

ereen

 

КОНСУЛЫН АЖИЛТАН: АЖЛЫН БУС ЦАГААР АЖИЛЛАХГҮЙ, АСУУДЛАА 
НЭГ ДЭХЭД ЯРЬ, БИД ЯВЛАА-


-Манай консулынхан асуудалд хэрхэн хандав? Хэргийн газар ирсэн үү?


-Бид Эрээн хотод байгаа Монголын консултай холбоо барих гээд утсыг асуухад тэнд байсан 60-аад монголоос нэг нь ч консулын дугаар болон байршлыг мэдэхгүй байсан. Тун харамсалтай санагдсан. Тэгээд интернэтээр хайж байж хоёр дугаар олоод залгатал холбогдохгүй байсан. Тэнд суудаг консулыг хаана байдаг, холбоо барих утас, юу хийдэг, Монголын иргэдэд үйлчилдэг үү, яаж үйлчилдэг талаар мэдэж байгаа хүн нэгийг ч хараагүй. Товчхондоо монголчуудад хамааралгүй газар мэт санагдсан. Энэ асуудлыг  холбогдох эрх дархтай улсууд, яам тамга нь сайн анхаараасай гэж их хүсэж байна.

 

-Эрээний цагдаа асуудлыг хэрхэн шийдсэн бэ?


-Асуудлыг хууль журмын дагуу шийдье гэхэд эхлээд эмнэлэг орж, гэмтлийн зэрэг тогтоох, байцаалт дахин дахин өгөх, хүлээх, удах, улмаар хэрэг шийдэгдэхгүй хэрэгсэхгүй болгох эрсдэлтэй. Бас тэнд эмэгтэй олон хоног хонох гэх мэт чирэгдэл учрах нь тодорхой байсан учраас хохиролтой гэж үзэцгээсэн. Гол нь эмэгтэй ардаа нялх хүүхэдтэй байсан. Тэнд явж байсан нэгэн өвөр монгол залуу бидэнд, та нар асуудлаа өнөөдөр шийдүүлж авахгүй бол юу ч үгүй хоцорно шүү гэж хэлсэн. Тэгээд ард үлдсэн монголчуудаас хоёр нь консулын байршлыг сурагласаар олоод, хэл хүргэхэд хоёр хүнийг явуулсан байсан. Тэднээс тус болсон юу ч үгүй.

 

ereen

 

-Консулынхан ирээд юу гэж хэлсэн бэ?


-Тэдний хэлсэн үгийг товчхон хэлэхэд “Бид амралтын өдөр, ажлын бус цагаар ажиллахгүй. Та нар асуудлаа нэг дэхэд ярь, бид явлаа” гэсэн. Гэрч эгч шөнийн 2 цаг хавьд байцаалт өгсөн. Хятад цагдаа нар “Та нар хоорондоо тохир” гээд хохирогч эмэгтэйд 100 юанийг нь буцааж өгөн, хохирол гэж хэрэгтэн хоёроос 2300 юань авч өгсөн. Ингээд гомдолгүй гээд салцгаасан даа.

 

-Урд нь Эрээний хятадууд монгол худалдан авагчдыг дарамталж зоддог тухай мэр сэр сонсогдож л байсан. Тэнд цугласан монголчууд энэ талаар юу хэлж байсан бэ?


-Ийм явдал анх удаа биш өмнө нь бас тохиолдож байсан юм билээ. Хажууд байсан нэг ахимаг насны эмэгтэй бас нэг залуу эмэгтэй хоёр “Бид бас зодуулж байсан. Тэр үед бидэнд хэн ч туслаагүй” гэж ярьж байсан.

 

-Хохирогч эмэгтэй Эрээнд түр очоод байсан юм болов уу?


-Наймаа хийдэг юм билээ.

 

-Танд энэ үйл явдлын дараа ямар бодол төрсөн бэ? Монголчууддаа хандаж юу хэлэх вэ?


-Хятад худалдаачид их даварсан, учиргүй бараагаа шахдаг. Олноор ав гэдэг юм байна. Анх удаа ирсэн хүнийг ялгаж мэдээд, муу бараагаа үнэтэй зарах гэж оролддог юм байна. Үзээд авахгүй бол загнаж орилоод, муухай үгээр доромжлох нь хэвийн үзэгдэл болжээ. Ер нь хоёр юаний бараа гэдэг энэ дэлгүүрт битгий ороорой гэж монголчууддаа уриалмаар байна. Тэнд монголчуудын олон олон эрх ашиг зөрчигдөж хохирдог юм байна. Хүмүүс, ялангуяа залуу эмэгтэйчүүд буцаж хил давтлаа их л айдастай явдаг юм билээ. Бас өвөрмонголчуудын дунд монголоо гэж нүүрээ харуулдаг хүн тун цөөрчээ гэж бодогдсон.