О.Баасанхүүг МАХН-аас хөөгөөгүй, гэхдээ чөлөөлсөн


МАХН-ын ганц гэгддэг УИХ-ын гишүүн О.Баасанхүү болон намынхных нь хоорондын харилцаа хурцдаж эхэлсэн бололтой. Учир нь, түүнийг намаас нь хөөсөн гэж МАХН-ын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллагын тэргүүн Ч.Долгорсүрэн цахим хуудсаараа мэдэгдсэн нь өчигдрийн халуун сэдвийн нэг байлаа.  Харин энэ талаар О.Баасанхүү "Хүмүүс надаас Та МАХН-аас гарсан уу? гэж асууж байна. Компаниас гарах амархан. Улстөрийн нам бол өөр. Нам хариуцлагатай, шударга, ёсзүйтэй байх ёстой. Үүнийг ярихаар намын эсрэг, намын даргын эсрэг үзэлтэн болдог юм байна. Намаас хөөсөн эсэх талаар надад ямар нэг мэдээлэл алга. Манай намын даргын худ фэйсбүүкээр энэ тухай мэдэгдсэн байна лээ. Энэ талаар надад албан ёсоор мэдэгдсэн зүйл алга. Намайг МАХН-аас хөөн хөөтөл нь би гарахгүй ээ” гэж мэдэгдээд байсан. Тэгвэл МАХН-ын нарийн бичгийн дарга Б.Тулга тайлбар үүсээд байгаа асуудлаар тайлбар өгчээ. Тэрбээр "Манай намын дүрмэнд хөөх тухай заалт байдаггүй. Харин намын дотоод ажилдаа оролцохгүй, хуралдаа ирэхгүй хүнийг чөлөөлөх заалт бий. Энэ дагуу О.Баасанхүү гишүүнийг МАХН-д хашдаг албан тушаалаас нь чөлөөлсөн” хэмээсэн байна.