БСШУСЯ танилцуулга ч үгүй ТББ, эрх мэдэлтний холбоог улсын төсвөөр тэтгээд байна уу


2016 оны УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөртөө татвар нэмэхгүй гэж тусгасан. Гэвч гарсан даруйд татваруудыг нэмж, хүүхдийн мөнгийг хасч, тэтгэврийн насыг өндөрсгөсөн. Үүнийгээ ОУВС-тай холбон тайлбарлаж, орлогоо нэмэгдүүлэн, зардлаа танах шахалт үзүүлсэн хэмээн тайлбарладаг.

Гэвч одоогийн УИХ, Засгийн газар иргэдийн нуруунд хүнд ачаа үүрүүлж байгаа шигээ өөрсдийн мэдэлд байгаа зардлыг танаж чадаж байна уу, үгүй юу гэдэг эргэлзээтэй. Танадаггүй юмаа гэхэд эдийн засаг эмзэг байгаа энэ үед үргүй зардал, шаардлагагүй хөрөнгө мөнгийг улсын төсвөөс гаргамааргүй байгаа юм.

 

-БАЙДАГ ҮГҮЙ НЬ МЭДЭГДЭХГҮЙ ТББ-Д 26 САЯ 990 МЯНГАН ТӨГРӨГ ТӨСӨВЛӨВ-


Боловрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2017 оны зургадугаар сард гаргасан тушаалыг харцгаая. Спортыг дэмжих сангаас 2017 онд яамнаас нийт 10 төслийг 599 сая 933 мянга 780 төгрөг зарцуулан санхүүжүүлж байна. Үүний нэгд заасанчлан, нийтийн биеийн тамир, хүн амын идэвхитэй хөдөлгөөнөөр хичээллэхэд чиглэсэн төсөл арга хэмжээний хүрээнд таван төслийг санхүүжүүлж буй юм байна.

 

1.Монголын Параволейболын холбоо – 22 сая 836 мянган төгрөг


Энэ жил Биеийн тамир, спортын газрын харьяа Монголын Параволейболын холбоо хөдөө орон нутагт суугаа иргэдэд волейболын спортыг сурталчлах, тамирчдын залгамж халааг бэлтгэх зорилгоор улсын төсвөөс 22 сая 836 мянган төгрөг гаргуулахаар болжээ.

 

2.Биеийн тамир, спорт, чийрэгжүүлэлтийн арга зүйчдийн нийгэмлэг – 22 сая


Энэхүү нийгэмлэг нь ихэвчлэн эрдэм шинжилгээний ажилд төвлөрөн ажилладаг бөгөөд нийтийн эрүүл мэндийг спортоор дамжуулан хэрхэн чийрэгжүүлэх нарийн судалгаануудыг гарган ажилладаг байна. Энэ жил тэд “Итгэл найдвар, гэрэл гэгээ” нэртэй төслөөрөө улсын төсвөөс 22 сая төгрөг гаргуулахаар болсон байна.

 

3.Энх орших эрх нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага – 26 сая 990 мянган төгрөг


Бид дээрх төрийн бус байгууллагын талаархи мэдээллийг олж чадаагүй бөгөөд албан ёсны хаяг, байршил, мэдээллийн хуудас, фэйж байсангүй. Урд өмнө нь сонсогдож байгаагүй энэ төрийн бус байгууллага энэ жил салбар яамнаас зорилтот бүлгийн мэдлэг оролцоонд тулгуурлан, илүүдэл жин таргалалтыг бууруулах хөтөлбөр хэрэгжүүлэхээр 26 сая 900 мянган төгрөг гаргуулахаар бичүүлсэн байх юм.

Гэвч улсын төсвөөс хөрөнгө гарган хийхээр төлөвлөгдсөн, эсвэл хийгдсэн энэ ажил өдгөө болтол сураг чимээгүй, гүйцэтгэл, биелэлт, төлөвлөгөөгүй. Тэр бүү хэл мөнгийг нь авч байгаа байгууллагын талаар цагаан дээр хараар бичсэн тодорхой танилцуулга ч байсангүй. Уншигч та ч энэ төрийн бус байгууллагын талаар хайгаад үзвэл олдох нь ховор

 

4.“Тэгш хийморь” төрийн бус байгууллага – 19 сая 762 мянган төгрөг


Ихэвчлэн ахмад настнуудаар хүрээгээ тэлж байдаг явган аяллын “Хийморь” клубын автор “Тэгш хийморь” төрийн бус байгууллага энэ жил улсын төсвөөс 19 сая 762 мянган төгрөг гаргуулж байна. “Идэвхитэй хөдөлгөөнөөр эрүүлжицгээе, бид танд тусалъя” нэртэй хөтөлбөрөө тэд ахмадуудад явган аялал, идэвхитэй хөдөлгөөний ач тусыг мэдрүүлэх, бусдад түгээх чин хүсэлтэй хамт олныг бүрдүүлэх, идэвхтэй хөдөлгөөнийг олон нийтэд сурталчлан, сургах, зорилготой хэмээн тайлбарлаж байна.

 

5.Архангай аймгийн залуучууд, оюутны холбоо – 73 сая төгрөг


Одоогийн Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат, УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг нарын хамтран байгуулсан Архангай аймгийн Залуучуудын оюутны холбоо энэ жил улсын төсвөөс 73 сая төгрөг авахаар болжээ.

Бусад төсөл, хөтөлбөрүүдээс гурав дахин их энэ их хөрөнгөөр Архангай аймгийн зүүн бүсийн оюутан залуусын дунд спорт өдөрлөг зохион байгуулах юм. Жил бүр уламжлал болгон зохиодог энэ наадам арай жил бүр 73 сая төгрөгөө улсын төсвөөс гаргуулдаг юм биш биз гэх хардлага төрүүлж байна.

 

Одоо аймаг бүр залуучуудын байгууллага, холбоотой болж, тэд ч ийм төрлийн наадмыг жил бүр зохиож байна. Тэгэхдээ “сэтгэлээрээ” мандат, бүртгэлийн мөнгөөр заалны мөнгө босгож, уралдаан тэмцээнээ зохион явуулдаг байхад Архангай аймгийн Залуучууд, оюутны холбоо ямар эрх дархаар энэ их хөрөнгө мөнгийг гаргуулж байна вэ гэдэг сонирхолтой.

Бусад аймгийн оюутан залуус жил бүр уралдаан тэмцээнээ өөрсдийн, эсвэл аймаг, сумдын зардлаар гаргаж болоод байхад Архангай аймаг яагаад тусгайлан яамны төсөл хөтөлбөрт хамрагдан, улсын төсвөөр тэжээлгэж байна вэ гэдэг ч хачирхалтай. Нэг үгээр хэлбэл, нэг аймгийг онцлон “тэжээж” дэмжих шаардлага байхгүй.

 

-ТАНИХ, ТАНИХГҮЙ, ТОДОРХОЙ БУС ТББ-УУДАД МӨНГӨ ТАРААХАА БОЛЬЁ-


Энэ мэтээр Монголын үндэсний сурын холбоо 81 сая төгрөг, Монголын допингийн эсрэг үндэсний төв 200 сая төгрөг төсөвлүүлсэн байх жишээтэй. Дээрх цөөхөн төсөл хөтөлбөрүүдээс л харахад танаад өгч болохоор хэд хэдэн хувилбар байна. Бага гэж чамлахгүй, бидэнд өнөөдөр хэмнэлт хэрэгтэй. Хэмнэлт гэхээсээ илүүтэй үнэнч, зөв бодлого хэрэгтэй байхад Боловрол, соёл шинжлэх ухааны яам хэрэгтэй, хэрэггүй, таних танихгүй, тодорхойгүй төрийн бус байгууллагуудад хэдэн арван саяар нь цацаж суугаа нь тоогүй.

 

Medee.MN