Cайн үйлсийг санаачлан хэрэгжүүлнэ гэдэг сайшаалтай хэрэг. Гэвч тэрхүү сайн үйлсийн ард саар зүйл нуугдаж байна гэдэг бол гэмт хэрэг.
"Итгэл сэтгэлийн гүүр"-ийн Ц.Сувд-Эрдэнэ, "Нэг хүн нэг тоосго" аяны М.Сарнай гэхээр эрхэм уншигч та андахгүй байх. Учир нь тэднийг сайн үйлсийг дэлгэрүүлэгч хэмээх мэдээлэл сошиалаар олонтаа тархаж, санаачилсан аянуудад монголчууд маань маш идэвхитэй оролцож ирсэн. Гэвч энэ хоёр бүсгүй эв түнжин хагаралдсан бололтой мэдээлэл сошиалаар түгэж, сайн үйлсийн аянд идэвхитэй оролцсон иргэдийн итгэлийг хөсөрдүүлж, эргэлзээ төрүүлэхэд хүргээд байна.
Харин бид аль нэг талыг баримтлалгүйгээр хоёр бүсгүйн байр суурийг нэгэн зэрэг хүргэж байна.
Ц.Сувд-Эрдэнэ: М.Сарнай хүмүүсийн гэрийг барьцаалж, хүүхдээ өгөхийг шаарддаг байжээ
"Итгэл сэтгэлийн гүүр" ТББ-ын тэргүүн Ц.Сувд-Эрдэнэ "САРНАЙ ХҮҮХДИЙН ТӨВ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЯНЫГ АЛБАН ЁСООР ЗОГСООЖ БАЙНА" гэсэн мэдэгдлийг өөрийн фэйсбүүкээрээ дамжуулан хүргэсэн байна. Тэрбээр
"2017 оны 1 сарын 30 - ны өдөр нэгэн хүний хүсэлтээр 15 хүүхдийг тэжээдэг Сарнай хэмээх эмэгтэйд туслаач гэсний дагуу бидний нөхөд очиж амьдралтай нь танилцсан билээ. Тухайн үед Сарнай эгч өөрийн амьдралын тухай ярьж түүнийг нь фэйсбүүк хуудсандаа оруулснаар бидний хандивын аян эхэлсэн. Бид 6 ханатай гэр авч өгөхийг зорьж хандив цуглуулан гэрийг нь авч өгсөн. Маш олон хүн хоол хүнс хувцас хунар эд материалын туслалцаа үзүүлж байлаа. Гэтэл нэг өдөр өөрийгөө Лам хүн хэмээн танилцуулсан хүн "Асрамжийн төв" барихад санхүүжилт нэмэрлэнэ гэсэн тул Сарнай эгчтэй уулзуулснаар аян маань үргэлжилсэн юм. Явцдаа тэр хүн оролцохоос татгалзсан. Гэвч бид шантраагүй барьна гэсэн итгэлээр урагшаа явсан. 4 сарын 15-нд Дэлгэр эгч Сарнай эгчийн төрсөн өдрийг тэмдэглэж өгөөд бидэнд туслая хандивын аянаа идэвхижүүлэхийг хүсч "Нэг хүн нэг тоосго" аян болгож үргэлжилсэн. Ингэхдээ Дэлгэр эгч өөрийн нэр дээр данс нээж хандив цуглуулна гэсэн хүсэлтээр Дэлгэрийн 3 өөр банкны 3 данс. Итгэл сэтгэлийн гүүр сангаас төрийн банкинд данс нээж аяны бүх танилцуулга брошур дээр байршуулсан. Дараа нь 25-р суваг телевиз "Танайд хоноё" нэвтрүүлэгээр Сарнай эгчийнд хоносны дараа маш олон монголчууд дэмжиж хандив маш сайн цуглаж 40 орчим сая төгрөг болсон байх. Байх гэдэг учир нь өнөөдрийг хүртэл бид хайрцгаар цугласан хандив болон бэлнээр ирсэн хандивийг Дэлгэр эгчийн дансанд хийж байгаа. Аяны хугацаанд орлого зарлагын мэдээлэл аваагүй. Хамгийн сүүлд сарын өмнө сонссон дүн 40 сая. Энэ бүх хугацаанд Сарнай эгчид итгэж хүндэлж хайрлаж явлаа. Тэгтэл Сарнай эгчийн хороонд амьдардаг иргэн Баярмаа надад Сарнай эгчийн талаар миний төсөөлж байгаагүй мэдээлэл өгсөн. Энэ мэдээллийг нягталж шалгаад Сарнай эгчийнд байдаг хүүхдүүдийн 90% нь эцэг эхтэй болохыг оршин суугчдаас мэдсэн. Хүүхдүүдийн тухай судлаж үзэхэд Хогийн цэг дээр амьдарч байсан хүүхэд бараг байсангүй. Мөн хүүхдүүдийн 90%- нь эцэг эхтэй гэр оронтой хүүхдүүд. Үлдсэн 10%-ийг нь би мэдэхгүй. Хүүхдүүдийн эцэг эхтэй уулзахад Сарнай эгч тэдэнд гэртэй болгоно хүүхдээ өг гэсэн байна. Мөн зарим хүний гэрийг барьцаалж хүүхдээ өгөхгүй бол гэрийг чинь өгөхгүй гэж дарамталсан байна. Сарнай эгчийн талаар сөрөг зүйлс их ирдэг байсан ч би зөндөө өмөөрч хамгаалж байлаа. Харамсалтай нь олны үг ортой байжээ. Одоо утсаа ч авахгүй. Ерөнхий сайдаас шагнал авсны дараа сайтуудад мэдээлэл нь "Их нигүүсэл" ТББ - ийн тэргүүн М.Сарнай гэсэн гарчигтай мэдээллүүд цацагдсан. Утсаар залгаж учрыг нь асуувал тоймтой зүйл хэлсэнгүй. Дотор нь байгаа миний хувьд намайг түлхсэн явуулах гэсэн санаа илт харагдаж байна. Надаас нууж хийгээд байгаа зүйлс миний, ард түмнийг эргэлзэхэд хүргэж байна. Ирээдүйд энэ төвийг бизнес болгох гэж байгаа бол бид босгож чадахгүй. Таны гаргаж байгаа ааш аяг бүхэн өдөр шөнөгүй зүтгэх хэдэн залуусыг маань мохоож байна. Одоо надад таньд итгэх өчүүхэн итгэл үлдсэнгүй. Яриад байвал таны эсрэг маш олон баримт байна. Зах зухаас нь дурьдлаа. Энэ аян цаашаа явах ямар ч боломжгүй гэдгийг хатуу хэлэе. Таныг уйлаад ярих тоолонд зүрх зүсэгдэж байсан. Одоо бодохоор гомдох шиг болж байна. Та гэртээ байгаа хүүхдүүдээ гэр гэрт нь хүргэж өгөөд үр хүүхдүүдтэйгээ амар жимэр сайхан амьдар даа. Сарнай эгчийн зурагтаар ярьж хэлж байсан бүхэн худалаа байсныг хариуцлагатайгаар хэлмээр байна. Одоо таны жүжигт цэг тавих цаг болсон гэж бодож байна. Цагдаагийн байгууллагаар үнэн мөнийг тогтоолгох болно. Итгэл сэтгэлийн гүүр сангийн дансанд орж ирсэн Сарнай эгчтэй холбоотой хандивын орлого зарлагын тайланг удахгүй оруулах болноо.
Дэлгэр эгч дансны орлого зарлага бүх зүйлсээ гаргаж өгөөрэй. Дахин хэлэе энэ аян цаашаа явах ямар ч боломжгүй.
Хүнээ танихгүй та бүхнийг ийм зүйлд уриалсан би хамгийн том буруутан. Маш олон хүний сэтгэл маш олон хүний хөдөлмөрийг нурааж байгаадаа маш их харамсаж байна. Өөр ямар ч арга байсангүй. Уучлаарай. Та бүхэн намайг яаж ч шийтгэж болно. Үүнийг цааш нь үргэлжлүүл гэж битгий шахаж шаардаарай. Дахин уучлалт хүсэе.
ХҮНДЭТГЭСЭН: Ц.СУВД- ЭРДЭНЭ" хэмээжээ.
М.Сарнай:Ц.Сувд-Эрдэнэ мөнгөний л сонирхолтой хүн юм билээ
Харин энэхүү мэдээлэл хэр бодитой эсэхийг М.Сарнайгаас тодрууллаа.
-Таны тухай таагүй мэдээлэл тархаад байна. Энэ тал дээр байр сууриа илэрхийлнэ үү?
-Намайг ингэж аймар гүтгэсэнд үнэхээр эмзэглэж байна. Миний хувьд хүүхдүүд минь л аз жаргалтай, эрүүл энх байхыг бодож явдаг хүн. Иймээс төвөө байгуулж, үйл ажиллагаа нь цаашаагаа удаан үргэлжилж, олон хүүхдэд буян болоосой л гэх бодлын үүднээс энэ аянд оролцсон. Гэвч өнөөдөр Ц.Судв-Эрдэнэ намайг ингэж муухай гүтгэж байгаад харамсаж байна.
-Яагаад ийм нөхцөл байдал үүсэх болов?
-Угаасаа Сувдаагийн хувьд мөнгөний сонирхолтой хүн юм билээ. Хүмүүсийн хандиваар орж ирсэн мөнгөнөөс өөртөө 70 хувьддаг гэсэн. Гэвч энэ аянаас цугларч байгаа мөнгө Дэлгэр эгч, бид хоёрын дансанд төвлөрдөг.
-Ц.Сувд-Эрдэнийн хийсэн мэдэгдэлд дурдсанаар бол аяны мөнгө ямар ч хяналтгүй байгаа гэсэн байсан. Энэ тал дээр юу хэлэх вэ. Одоогийн байдлаар хэчнээн төгрөг цуглараад байгаа юм бэ?
-Дансаар орж ирсэн, цугларсан бүх мөнгө баримттай, хуулбартайгаа байгаа. Одоогийн байдлаар 42 сая төгрөг цугларсан байгаа. Би ийм их мөнгө амьдралдаа барьж үзэж байгаагүй. Энэ мөнгө тэглээ ч миний мөнгө биш. Хүүхдүүдийн мөнгө. Тийм болохоор би дур мэдэн үрж зарцуулах эрхгүй. Би тийм үйлдэл огт хийгээгүй. Иймээс ч би дансныхаа бүх мэдээлэл, хуулбар зэргийг аваад одоо 25 дугаар суваг телевизэд тодруулга ярилцлага өгөх гээд явж байна.
-Мөн таныг хүүхдүүдийн эцэг, эхийг дарамталж, хүүхдийг нь авсан гэсэн байсан. Тэр мэдээллийг Баярмаа гэдэг хүн өгсөн гэж байсан?
-Ийм сонин зүйл гэж юу байхав дээ. Миний хүүхдүүд 10 гаруй настай хүүхдүүд ч байна. Тэд юмны учрыг ойлгоно. Үнэхээр дарамтлуулж ирсэн бол намайг "Ээж ээ" гээд хамт амьдрах уу. Үнэхээр гайхаж байна. Харин тэр Баярмаа гэдэг хүний хувьд Хан-Уул дүүргийн 24 дүгээр хорооны хүн. Манайд ирж, хүүхдүүдээ хооллож явсан хүн. Нэг удаа надаас 100 мянган төгрөг зээлчих гэж байсан. Би байхгүй гэсэн. Гэтэл удалгүй дахиад 200 мянган төгрөг зээлчих гэсэн. Би мөн байхгүй л гэсэн. Угаасаа надад тийм их мөнгө байхгүй. Аяны мөнгө бол миний мөнгө биш. Гэтэл Баярмаа "За яахав% чамайг нэг чадна аа" гэж хэлээд гараад явсан. Тэгээд одоо намайг Сувдаатай нийлж, чадаж байгаа нь энэ юм байлгүй дээ.
-Ц.Сувд-Эрдэнэ та хоёр хоорондоо учраа олж болоогүй юм уу. Таныг утсаа ч авахаа байсан гэж бичсэн байна?
-Би Ц.Сувд-Эрдэнийг залгахад утсаа аваагүй тохиолдол ганц ч гараагүй. Миний утас унтарчихсан байсан ч дуудлага хадгалах үйлчилгээтэй болохоор хэн, хэзээ залгасан нь мэдэгддэг. Сувдаа над руу хамгийн сүүлд Засгийн газрын шагнал авдаг өдөр залгасан. Тэгэж залгахдаа " Та одоо юун сонин юм бэ. Манай ТББ-ын нэрийг гаргахгүй яасан юм. Битгий хоёр талд гүйгээд байгаарай" гэж загнасан. Тухайн үед би их гомдсон. Ер нь намайг дандаа загнадаг байсан. "Телевизээр ярилцлага өгөхдөө тэгэж ингэж хэлээрэй" гээд л...Сувдаа яг харагдаж байгаа шигээ хүн биш юм билээ. Мөнгөний л сонирхолтой хүн шиг санагдсан даа... гэсэн юм.
Хоёр бүсгүйн байр суурийг сонслоо. Тэдний хэн нь үнэн, хэн нь худлаа ярьж байгаа нь чухал биш. Гагцхүү олон нийтийг хууран мэхлэх замаар олз ашиг хайж болохгүй нь туйлын үнэн учраас энэхүү мэдээллийг бэлтгэн хүргэлээ.

С.БаярЭх сурвалж: ZINDAA.MN
2026-2030 онд мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг өсөх хандлагатай байна
А.Баяр: Хүүхдийн болон гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсооход НИТХ болон 9 дүүргийн 93 эмэгтэй төлөөлөгч хамтрахыг уриалъя
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлж, малчдын эрх ашгийг хамгаална
Бүгд Найрамдах Киргиз Улсын Элчин сайдыг “Найрамдал” медалиар шагналаа
“Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт өнөөдөр эхэлнэ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх орон нутагт ажиллаж малчидтай уулзана
Хамтарсан удирдлага, оновчтой менежментээр Түр хамгаалах байрны орчин, үйлчилгээг жишиг түвшинд хүргэжээ