-ЕРӨНХИЙ САЙД ЯАГААД ГЭНЭТ УЛСЫН ОНЦГОЙ КОМИССЫН АСУУДАЛД ОРОЛЦОВ -
Сайн анзаарсан бол наадмын дараа олон нийтийг сандаргасан түймрийн үеэр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Шадар сайд У.Хүрэлсүхээр ахлуулсан Улсын онцгой комиссын шийдвэрүүд хоорондоо тувт зөрж байв. Ерөнхий сайд долдугаар сарын 15-ны өдөр гэнэт түймрийн асуудлаар шуурхай хуралдаан хийж, таван чиглэл өгөн, өөрөө түймрийн голомтод ажиллахаар мордлоо. Үүнтэй зэрэгцээд пиарын багаас нь “Түймэр асч байхад Шадар сайд хаана байна” гэх утга бүхий жиргээг хөврүүлээд амжсан. Гэтэл тэр өдөр нь буюу Ерөнхий сайдыг цөөн хэдэн албаныхан цуглуулж, шуурхай хийх үед Шадар сайд У.Хүрэлсүх Төв аймагт түймрийн голомт дээр ажиллаж байсан болж таарав.
Ерөнхий сайд шуурхай хуралдаанаараа шаардлагатай бол цэргийн албан хаагчид, нэмэлт унаа тэрэг дайчлах асуудлаар чиглэл өгч, түймэр дэгдээсэн этгээдэд хариуцлага тооцохыг үүрэгдсэн. Харин маргааш нь Шадар сайдаар ахлуулсан Улсын онцгой комисс жинхэнэ утгаараа өргөн бүрэлдэхүүнтэй хуралдаж, цэргийн албан хаагчдыг одоохондоо дайчлах шаардлагагүй, ойрын өдрүүдэд бороо орно гэж тайлбарлав. Улмаар үдээс хойш Шадар сайдын эзгүйд Засгийн газар ээлжит бусаар хуралдахдаа цэргийн албан хаагчдыг бэлэн байдалд байлгах, ОХУ-аас шүршигч онгоц авах зэрэг асуудлыг хэлэлцэж, шийдвэр нь бүр ч зөрж орхилоо.
Энэ өдрүүдэд иргэд олноороо нэгдэж, гал түймэр унтраах ажилд идэвхийлэн оролцсоны зэрэгцээ ОБЕГ-т хандив өгсөөр байв. Эцэст нь, Улсын онцгой комиссын хуралдаан дээр яригдсанчлан бороо орж, гал түймэр унтарлаа. Эндээс онц чухал асуудал дээр олон нийт нэгдэж чаддагийг хангалттай сайн харав. Мөнхүү МАН доторхи дотоод зөрчил ойн түймрээс ч хүчтэй асаж буй нь илчлэгдлээ. Тусгайлсан шат дараатайгаар боломжит нөөцүүдээ дайчилдаг Улсын онцгой комиссын асуудалд гэнэт Ерөнхий сайд оролцож, түймрийн голомт дээр хүртэл ажилласан нь эргээд намын дарга, Засгийн газрын танхимынх нь бүрэн бүтэн байдалтай хамааралтай асуудал байв.
-ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН Ц.ЭЛБЭГДОРЖТОЙ М.ЭНХБОЛД, Ж.ЭРДЭНЭБАТ, Т.БАДАМЖУНАЙ НАР УУЛЗЖЭЭ-
Ингэж цурманд байсан МАН-ын дотоод зөрчил түймэр болон дэгдэж эхэлсэн нь ирэх есдүгээр сард зохион байгуулагдах Их хуралтай нь холбоотой. Энэ хурлаараа тэд зоригтой шинэчлэлүүдийг хийж, 2020 оны УИХ, 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн хувь заяаг шийдэх намын даргаа сонгох учиртай. Нэлээд дээрээс яригдаж байсанчлан МАН-ын даргад Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Шадар сайд У.Хүрэлсүх нар өрсөлдөнө. Чухам тиймээс Ерөнхий сайдын зүгээс У.Хүрэлсүхээ муухай харагдуулах ажилд шамдаж, нөгөөх нь хуралдаа ирдэггүй сайд дарга нараа хайр найргүй загнаж, ард түмэнд таалагддаг арга барилаараа ажлаа явуулж байна.
Гэвч энэ бүхэн дөнгөж эхлэл. МАН-ын Их хурал хүртэл зай ч байна. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат энэ хуралд бүр Ерөнхийлөгчийн сурталчилгааны өдрүүдээс анхаарч, тусгайлсан тролчид /коммент бичигчид/ тэргүүтэй пиарын багаа ажиллуулж эхэлжээ. Дээрээс нь түүнд нэг ашигтай өнцөг байна. Тэр нь, МАН-ын дарга М.Энхболд ноолоход номхон Ерөнхий сайдыг намын дарга болгосноор өөрт нь хийгээд хотын фракцид ихээхэн ашигтай тусахыг мэдэж байгаа явдал. Тиймээс ч шууд байдлаар Ж.Эрдэнэбатын асуудалд санаа тавьж эхэлсэн аж.
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хотын фракци болон М.Энхболдын хүчийг зөв ашиглаж гэмээнэ түүнд давуу тал үүсэх боломж ч бий. Ойрын өдрүүдэд л гэхэд МАН-ын дарга М.Энхболд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой Хөвсгөл далайн эрэгт уулзсан гэх мэдээлэл хөврөх болов. Баттай эх сурвалжийн мэдээлж буйгаар, уг уулзалтад Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, хотын фракцын хамаг чухал ажлыг эмхлэгч Т.Бадамжунай нар байлцжээ.Уулзалтаар МАН-ын Их хурал, Бага хурал, шинэ даргын санал хураалтыг хэрхэн зохион байгуулах, улмаар шинэ Ерөнхийлөгчийн томилгооны зохицуулалт, Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Ерөнхийлөгчийн эрхийг хэрхэн хязгаарлах гэхчилэн олон асуудал яригдсан сурагтай.
Тодотгууштай нь, улс төрийн болон намын дотоод ертөнцдөө цагтаа цахилж явсан ч эдүгээ үнэ хүндээ багагүй алдаж буй МАНАН-гийн лидерүүдийн уулзалтаар тэд дахин хүчтэйгээр оршин тогтнох гарцаа ярилцсан нь тодорхой билээ. Одоо л тэд хүчээ хадгалж эс чадваас мөддөө сэргэхэд хүнд байдал үүсэх нь тодорхой юм.
-ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИАР ТАРААСАН МӨНГӨНИЙХӨӨ ҮЛДЭГДЛИЙГ МАН-ЫН ИХ ХУРЛЫН ҮЕЭР ГИШҮҮДДЭЭ ӨГӨХӨӨР ТӨЛӨВЛӨСӨН ҮҮ-
Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүн МАН-ыг зайлшгүй шинэчлэгдэх цаг болсныг, АН-д шинэчлэгдсэнээр ямар хожил ирснийг харуулав. Парламентад 65 суудал авсан үлгэрийн тохиолдлоос 2020 оны УИХ-ын сонгуулиар бүр цөөнх болж чадах эсэх том эрсдэл байгааг ард түмэн эрх баригчдад сануулж дөнгөлөө. Тэгэхээр жирийн гишүүдийн хувьд ч тэр, өндөр сэнтийд заларсан намын лидерүүд нь ч тэр, намд шинэчлэл хэрэгтэйг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй болж байна. Гэхдээ энэ завсар мэдээж МАН-ын фракци хоорондын эрх ашгийн том зөрчил явагдах нь тодорхой билээ.
Одоогоор Сү.Батболд болон У.Хүрэлсүхийн толгойлдог Зүүний хүчний холбооныхон амь нэгтэй байна. УИХ-ын гишүүдийн дийлэнх нь У.Хүрэлсүхийг дэмжсэн байдалтай байгаа ч хотын фракцын том нөлөөллөөс айсан байдалтай, ажиглагч байр сууринд шилжжээ. Гол нь, МАН-ын Их хурлын гишүүдийн саналаар даргын сунгаа явагдана. Тэгэхээр гол хүчээ тэнд хаяна гэсэн үг юм.
Уг асуудалтай холбогдуулан МАН дотор яригдаж буй хамгийн ноцтой асуудал нь Ерөнхийлөгчийн сонгуулиар тараасан мөнгөний үлдэгдлийг Их хурлын гишүүдэд хуваарилан өгөх. МАН-ын Их хурал 1100 гаруй гишүүнтэй. Тэдгээрийг мөнгөөр угжих санааг хотын фракциас гаргасан гэх мэдээлэл байна.
Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа болон санал хураалтын өдрүүдэд мөнгө тараасан явдал удаа дараа илчлэгдэж байсан ч цагдаагийн байгууллага түүнийг нүдэн балай, чихэн дүлий оргисоор чимээгүй өнгөрүүлсэн. Мөнгө тараах ажиллагаа дахин санал хураалтын үеэр бүр ч гаарч, иргэн бүрт 60 мянган төгрөг тараасан талаар сошиалчид бичиж байв.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар, энэ өдрүүдэд тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүд намаасаа их хэмжээний мөнгө авч, ард түмэнд хуваарилах ажлыг гардан зохион байгуулжээ. Нийслэлийн томоохон дүүргээс сонгогдсон нэр бүхий УИХ-ын гишүүнд л гэхэд 500 гаруй сая төгрөг ногдсон байна. Ингэж МАН сонгуулийн өдрүүдэд 173 тэрбум орчим төгрөгийг баруун, солгойгүй цацсан гэх мэдээллийг баттай эх сурвалж өгөв.
Гол нь энэ мөнгө дуусаагүй. Бас уг мөнгийг "Засгийн газрын тэргүүн Ж.Эрдэнэбат намын даргадаа босгож өгсөн, тэр нь урд зүгээс орж ирсэн" гэх мэдээллийг эх сурвалж өгч байгаа нь анхаарал татна. МАН доторхи хөдөлгөөн товчхондоо ийм байна. Нэг талд намын дарга болохоор сэтгэл шулуудсан, өөрийнхөө нэр хүндэд итгэл төгс У.Хүрэлсүх. Нөгөө талд М.Энхболдын хүчинд дулдуйдсан, ямар ч аргаар хамаагүй суудлаа хадгалж, намаа атгах хүсэлтэй Ж.Эрдэнэбат. Ирэх өдрүүдэд эдгээр хүмүүсийг тойрсон дуулиан улам ч ихсэх биз ээ.
Эх сурвалж: Medee.MN
2026-2030 онд мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг өсөх хандлагатай байна
А.Баяр: Хүүхдийн болон гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсооход НИТХ болон 9 дүүргийн 93 эмэгтэй төлөөлөгч хамтрахыг уриалъя
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлж, малчдын эрх ашгийг хамгаална
Бүгд Найрамдах Киргиз Улсын Элчин сайдыг “Найрамдал” медалиар шагналаа
“Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт өнөөдөр эхэлнэ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх орон нутагт ажиллаж малчидтай уулзана
Хамтарсан удирдлага, оновчтой менежментээр Түр хамгаалах байрны орчин, үйлчилгээг жишиг түвшинд хүргэжээ