Ерөнхийлөгчийн томилгоо хүлээлт үүсгээд байна


Шинэхэн ерөнхийлөгчөөсөө их л зүйлийг ард түмэн хүлээж байгаа. Орон даяар түймрийн асуудал дэгдэхэд өөрийн биеэр очиж тусалсан түүний талаарх мэдээллүүд үүнийг гэрчилнэ. Түүнийг дэмждэг иргэд Х.Баттулга ийм л хүн болохоор Ерөнхийлөгчөөр сонгосон хэмээж байгаа бол нөгөө хэсэг нь хүрз, төмөр бариад хэвлэлийнхний өмнө шоуд гэж сонгоогүй байлтай гэж шуугих. Үүнээс харахад хийж буй үйлдэл, хэлж буй үгийг олон нийт анхааралтай гэгч нь ажиглаж, өмнөх Ерөнхийлөгчидөөс өөр ямар ажил хийхийг хараа салгахгүй байна. Одоо түүнээс хүлээж байгаа зүйл бол шадар зөвлөхүүдийн томилгоо Тэрбээр тангараг өргөсөн өдрөө тамгын газрыг даргаараа З.Энхбодыг сонгосон. Хэнийг, ямар чиглэл хариуцсан зөвлөхөөр томилох нь Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааны цаашдын чиглэл тодорхой болох нь дамжиггүй. БНХАУ-тай харилцах харилцааг нэн яаралтай тодорхой болгож, ойр дотно харилцах үүднээс Гадаад бодлогын зөвлөхөөр БНХАУ-д Элчин сайдаар ажиллаж байсан Ц.Сүхбаатарыг томилох тухай яриа наадмын өдрүүдэд гарсан ч шийдвэр яаж ч эргэх магадлалтайг хэвлэлийнхэн онцолж байна. Түүнээс гадна хэд хэдэн хүнийг зөвлөхөөрөө томилбол ард түмний таашаалд нийцнэ гэх. Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан П.Цагаан, Ерөнхий сайд асан Р.Амаржаргал нар бол АН-ын лидерүүд. Тиймдээ ч түүнтэй хамт Ерөнхийлөгчийн эхний даваад өрсөлдөж байсан. Хашиж байсан албан тушаалдаа хийсэн үр бүтээлтэй, хэлэх үгтэй эдгээр хүмүүсийг Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажилаасай хэмээн Ардчилсан намын гишүүд хүсэж байгаа гэнэ. Түүнээс гадна Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл, мэдээллийн албыг хэн удирдах бол гэдэг нь сонирхол татаж байна. Тус албан тушаалд горилогчдын тоо өдөр ирэх бүр нэмэгдэж буй сурагтай. Тиймээс Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч гэсэн албан тушаалыг сэргээж, горилогчдоос хэн нэгнийг томилох асуудал яригдаж магадгүй байна. Өмнө нь тус албан тушаалд сэтгүүлч С.Батзаяа болон өдгөө АН-ын нарийн бичгийн даргаар ажиллаж буй С.Эрдэнэболд нар ажиллаж ирсэн ч Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж бүрэн эрхийн хугацаагаа дуустал хэвлэлийн төлөөлөгчгүй байсан юм. Тэдгээрээс сэтгүүлч Ж.Цэсэн, О.Батханд нарын талаар нэлээд ул суурьтай ярьж буй бололтой. Ж.Цэсэн нь Х.Баттулгын хэвлэл мэдээллийн багт сүүлийн арав гаруй жил ажиллаж буй бол О.Батханд нь УИХ-ын дарга З.Энхболдын үед Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийг удирдаж байсан юм.