Н.Наранбаатарын найруулга олныг гайхшрууллаа


Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын нээлт өчигдөр /2017.07.11/ болж, олон түмэн монголчууд уламжлалт баяраа эхлүүлсэн. Баяр наадмын нээлтийг Улсын Драмын Эрдмийн Театрын Ерөнхий найруулагч, Төрийн соёрхолт Н.Наранбаатар хоёр дахь жилдээ найрууллаа. Өнгөрсөн жилийн улсын баяр наадмын нээлтийн сүр жавхаат үзүүлбэр олон нийтэд ихэд таалагдаж байсан. Энэ жилийн домгийн шинжийг агуулсан ёслол төгөлдөр нээлт өргөн түмний сэтгэлийг хөдөлгөж сонорыг мялааж чадсан юм. Энэ жилийн наадмын нээлтээр Алдарт эхийн одонтой ээжүүд  хүүхдийнхээ  хамт наадамчин олонтой мэндчилсэн юм. Н.Наранбаатар найруулагч энэ тухай “Хүн бүрийг ээжийгээ хайрлаж яваасай гэдэг үүднээс одонтой ээжүүдийг нээлтэд урьж оролцуулсан” хэмээсэн. Мөн нээлтэд ардын хувьсгалын хэсгээс оруулж өгч, анхны долоог Төв цэнгэлдэх хүрээлэнд саатуулж, Тэнгэрийн ташуур Атиллад “Никитон” хамтлагийн дуучин Б.Батчулуун  дүрд хувирсан нь бас л онцлог байв. Энэ талаар Н.Наранбаатар найруулагч “Монголчууд бид их түүхтэй ард түмэн. Түүхээ мэдэж, түүгээрээ бахархаж, хойч үедээ өвлүүлж уламжлуулж явах нь зүйтэй. Тийм учраас Монголынхоо түүхийн хэсгээс оруулж өгсөн” хэмээсэн юм. Ямартай ч наадмын нээлт үнэхээр сайхан болсон гэдгийг ард түмэн дуу нэгтэйгээр хэлж байлаа.

 

PAPARATSI.MN