ХУУЧИН, ШИНЭ ЕРӨНХИЙЛӨГЧИД 30 ХОНОГ ХАМТРАН АЖИЛЛАЖ, ТӨРИЙН ХАР ХАЙРЦАГНЫ БОДЛОГОО УЛАМЖЛУУЛАХ ЁСТОЙ


УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар /2017.07.10/ Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх тухай хуулийн төслийг хэлэлцүүлгийн явцад УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ санал хэллээ. Тэрээр хуучин, шинэ Ерөнхийлөгчид тамга солилцохын өмнө хамгийн багадаа хамтран 30 хоног ажилладаг байхыг Төрийн байгуулалтын байнгын хороо санаачлан, хуульчлах хэрэгтэй байна. Мэдээж баяр наадмын өмнө шинэ Ерөнхийлөгчтэй болох нь зөв. Энэ бол зүй ёсны хэрэг. Гэхдээ энэ хүн бол төрийн тэргүүн. Төрийн хар хайрцагны бодлого гэдэг бол харилцан туршлага солилцох явдал юм. Бусад улс оронд ч ийм жишиг үйлчилдэг. Ингэж байж хоёр хөрштэй харьцах харилцаа, хуучин Ерөнхийлөгчийн бодлогын залгамж, алдаа оноо зэргийг харилцан солилцохын тулд хуулийн хүрээнд хамгийн багадаа 30 хоног хамт ажилладаг байх ёстой. Ингэхгүйгээр нэг, хоёр хоногийн дотор тамгаа солилцож, шинэ Ерөнхийлөгчийн бүрэн эрх хэрэгждэг өнөөгийн байдлаар цааш явах юм бол жижиг Монгол Улс засаглалын хувьд ч тэр, төрийн байгуулалтын хувьд ч тэр, төрийн тогтвортой байдал, бодлогын залгамжийн хувьд ч тэр алдаа гарч магадгүй юм. Алдаа гарлаа гэхэд түүнийг аливаа улс төрийн хүчин өөрсдөө бурууг хайж, асуух хэрэгтэй. Өөрсдөдөө дүгнэлт хийх хэрэгтэй. Тэрнээс биш үүнийг сонгогчдын боловсролтой холбон тайлбарлах гэсний хэрэггүй. Сонгуулийн “хөөс” буусны дараа “хөөс”-гүй дүгнэлт хийх ёстой. Олон том асуудлыг агуулгын хэмжээнд авч үзэх шаардлагатай байна. Үүнийг протоколд тэмдэглүүлэхийг хүсэж байна хэмээсэн юм. Энэ үг үнэний ортой. Шинэ ерөнхийлөгч гарч ирээд л бүгдийг шинэ болгодог. Гадаад улсын харилцаа ч тэр. Өмнөх хүнийхээ хийсэн тарьсан балгийг мэдэхгүй өөрөө нэмж тарьдаг. Энэ нь хуучин, шинэ ерөнхийлөгч хамтран ажилладаггүйн маш том жишээ билээ. 

 

PAPARATSI.MN