Автобензин, шатахууны онцгой албан татвар нэмэгдэнэ


Дэлхийн томоохон нефть олборлогч орнууд олборлолтын хэмжээгээ бууруулах бодлого барьж буйн зэрэгцээ ам.долларын ханш 2016 оны УИХ-ын сонгуулиас хойш 400 орчим төгрөгөөр өссөнтэй холбогдуулан дотоодод шатахууны үнийг хэвийн хэмжээнд барих шаардлага үүссэн. Тиймээс Засгийн газрын зүгээс: 

 

2016.10.05 – Засгийн газрын хуралдаанаас Сүхбаатар, Замын-Үүд, Алтанбулаг боомтоор оруулж ирэх автобензинд ногдуулах онцгой албан татварыг тонн тутамд 260 мянга, дизелийн түлшинд тонн тутамд 280 мянга, Эрээнцаваар оруулж ирэх шатахуунд 130 мянга, дизельд 150 мянган төгрөг байхаар тогтоосон. 

 

2016.11.30-Засгийн газрын хуралдаанаас автобензин, дизелийн түлшинд ногдуулдаг онцгой албан татварын хэмжээг төрөл тус бүрт нь тонн тутамд 100 мянган төгрөгөөр бууруулах тогтоол батлав. Ингэснээр онцгой албан татварын хэмжээг автобензинд тонн тутамд 160 мянган төгрөг, дизелийн түлшинд 180 мянган төгрөг болгосон байна. 

 

2017.01.15 –Засгийн газрын тогтоолоор автобензинд ногдуулах онцгой албан татварыг 50 мянган төгрөг болгож, /90-ээс дээш октантайг 30 мянган төгрөг/, дизелийн түлшинд ногдох татварыг 70 мянган төгрөг болгон бууруулаад байсан юм. 

 

Эдгээр гурван удаагийн хөнгөлөлтийг хоёр үе шаттайгаар /2017.07.01, 2017.10.01/ хүчингүй болгохоор 2017 оны төсвийн тухай хуулиндаа тусгаж өгсөн юм. Тодруулж хэлбэл автобензин, дизелийн түлшний албан татварын хэмжээг бууруулснаар 210 гаруй тэрбум төгрөгөөр төсвийн орлого буурах байсныг болиулсан гэсэн үг. 

 

Жижиглэнгийн зах зээлд шатахууны хэрэгцээ эрс ихэсдэг улсын баяр наадмын амралтын үетэй зэрэгцэн холбогдох татвар нэмэгдэж буй нь энгийн худалдан авагчдад хүндээр тусахаар байна.