Энэ сарын 15-ны өдөр 7 сартай эхийн гэдэс гэнэт базлан өвдөж, яаралтай тусламж дуудаж нэгдүгээр амаржих газар хүргэгдэн иржээ. Ирсэн эхийг У гэгч эмч хүлээн авсан ба түүнийг үзээд ямар ч асуудалгүй байна хэмээгээд гуянд нь тариа хийж төрөх дөхөөгүй учир гэртээ хэвтрийн дэглэм сахь гэжээ. Эмчийн хэлснээр эмэгтэй гэртээ ирж хэвтсэн ч 16-ны шөнө бие нь улам муудаж дахин түргэн дуудахад өрхийн эмнэлэгтээ ханд гэсний дагуу өглөөний 07:45 цагийн орчим өрхийн эмнэлгийн эмч ирж үзээд нэгдүгээр амаржих газар яаралтай хүргэж өгсөн байна. Эмнэлэгт ирсний дараа эмчилгээний өрөөнд нэлээн хэдэн цаг болсны дараа ар гэрийнхэнд нь эхийн бие их муудаж ураг амьгүй болсон талаар дуулгасан байна. Ингээд эмч нар орой нь эх мөн нас барсан талаар хэлжээ. Хамгийн гол нь талийгаачийн ар гэрийнхэнд ямар шалтгаанаар амиа алдсан талаар эмч сувилагч нар ам нээгээгүй гэнэ. Хачирхалтай нь өмнөх өдөр нь хүлээж авсан У гэх эмч талийгаачийн картанд эх хүүхдийг бие эрүүл, ямар ч асуудалгүй хэмээсэн тэмдэглэл нь байгаа юм. Гэтэл эмнэлэгт ирээд л хэдхэн цаг болоод амиа алдсан нь дэндүү хачирхалтай бас аймшигтай. Ар гэрийнхэн нь амиа алдсан шалтгааныг нь мэдэхийг хүсэж Нэгдүгээр амаржих газрын захирал, эмч нартай уулзахыг хүссэн ч таныг хүлээн авч уулзах өрөө алга гэсэн инээдтэй бас эмгэнэлтэй хариуг өгчээ.
Талийгаачийн ар гэрийнхэнтэй уулзаад амиа алдсан шалтгааныг нь сууж байгаад хэлээд өгөх өрөө тэр том эмнэлэгт байхгүй байна гэж байх уу? Тэнэг хүмүүстэй ярьж байгаа юм шиг ийм хариу хэлсэн гэнэ. Үүнээс хойш талийгаачийн ар гэрийнхнээс эмнэлгийн эмч ажилтан зугтаасаар байсан гэнэ. Ингээд арай ядан байж 06-р сарын 22-ны өдөр эмнэлгийн дарга Энхбаяртай уулзахад олон эрхтний дутмагшил, зүрхний дутагдалд орсноор нас барсан байх хэмээн таамаглаж байна гэжээ. Талийгаачийн ар гэрийнхэн Энхбаяр даргын өрөөнд ороход тэрээр согтуу байсан ба та нар шүүх цагдаагаараа яв угаасаа надаа наадах чинь үйлчлэхгүй миний бие өвдсөн удахгүй суудлаа хүлээлгэж байгаа хэмээн хэл амаар доромжилсон гэнэ. Мөн хүний амь нас эрсэдсэн ч ялгүй гараад ирэх хууль чинь 7-р сарын 1-нээс хэрэгжээд эхэлнэ хэмээн томорч агсан тавьсан гэнэ. Хүний амь эндчихээд байхад хариуцсан хүнийх нь хэлж байгаа үг ердөө энэ.
Ажлын байран дээрээ архидан согтуурсан энэ дарга одоо суудлаа шилжүүлж өгчихөөд зүгээр л сайхан амьдрах эрхтэй юу? Ар гэрийнхнийх нь үзэж байгаагаар хүлээн авсан У гэх эмч мэдлэггүйгээсээ болж хүний аминд хүрчихлээ гэж үзэж байгаа аж. Учир нь талийгаачийг 15-ны өдөр хүлээн авч тариа хийсэн эмч нь эмнэлэгт ажлаад жил болж байгаа учраас хүний амь насанд хүрэх алдаа гаргасан гэж үзэж байгаа гэнэ. Монгол хүний эрүүл энхийн манаанд зогсох ёстой эмнэлгийн байгууллага ийм байдалтай байгаад үнэхээр зүрх шимширч байна. Өнөөдөр нэг эмэгтэй ийнхүү эмч нарын буруугаас болж амиа алдлаа. Дахин ийм зүйл болохгүй гэсэн баталгаа алга. Хэдхэн сарын өмнө Хоёрдугаар амаржих газар бас л жирэмсэн эх үртэйгээ хамт амиа алдсан. Ийм байхад Монгол улс хөгжиж, Монгол хүн нэмэгдэх үү? Бүгд эндээд дуусах нь. Эмчийн ажил хүний үхэл амьдралыг зааглаж өгдгөөрөө хамгийн их хүндлэлийг хүлээдэг. Тэр ч утгаараа эрдэнэт хүний амийг аврахын тулд өдөр шөнөгүй тэмцэх ёстой байтал тэрнээсээ тээр шааж, залхуурч, нойроо харамлаж байж олон эх хүүхдийн аминд хүрсээр байна. Мэдээж хүний амийг аварна гэдэг тийм амар зүйл биш. Хүн эндэж амиа алдах тохиолдол байж л байдаг. Гэхдээ хоёрын хоёр хүний амь зүгээр байж байгаад эндчихээд байхад эмч нар нь тайлбар хийхгүй зугтаад, дарга нь ажлын байрандаа согтуу байж байгаад ар гэрийнхнийг нь доромжилж мөнгө өгөөд л ялгүй болчихно гээд томроод сууж байгаа нь энэ салбарынхны ёс зүй мөн үү? Талийгаачийн ар гэрийнхэн хэн нэгнийг төмөр торны цаана суулгахдаа гол нь бус зөвхөн үхлийн шалтгаан, уучлалт хоёрыг л сонсохыг хүссэн биз. Монгол хүний амь өдөр эрх тусам, минут секундээр үнэгүйдэж байна. Энэ хэргийг ингээд хаалгүй хууль хүчний байгууллага шалгаж хариуцлага алдсан эмч, ажлын байран дээр согтуу танхайрсан дарга нарыг шалгаж хөөрхийлөлтэйгөөр амиа алдсан эх, эхийнхээ хэвлийд бойжиж байсан ч цэлмэг уудам тэнгэрийг харж чадаагүй хүүхдийн төлөө үнэн зөвийг нь олох хэрэгтэй билээ.
PAPARATSI.MN
Н.Учрал: Жагсаалтад ороход намын анхан, дунд шатанд гурван жил ажиллаж бэлтгэгдсэн байх шаардлагыг тавина
2026-2030 онд мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг өсөх хандлагатай байна
А.Баяр: Хүүхдийн болон гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсооход НИТХ болон 9 дүүргийн 93 эмэгтэй төлөөлөгч хамтрахыг уриалъя
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлж, малчдын эрх ашгийг хамгаална
Бүгд Найрамдах Киргиз Улсын Элчин сайдыг “Найрамдал” медалиар шагналаа
“Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт өнөөдөр эхэлнэ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх орон нутагт ажиллаж малчидтай уулзана