“Сохо мебель”-иин захирал Б.Жадамбааг бүсгүйн үхэлд холбогдолгүй гэж үзжээ


Энэ сарын 5-нд 22 настай бүсгүй Нарны хорооллын ...р байрны 22-р давхараас орой 17:00 цагийн үед унаж амиа алдсан. Хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж буй талаар манай сайт анхлан мэдээлж, талийгаачийн ар гэрийнхэнтэй уулзаж ярилцсанаа та бүхэнд хүргэсэн билээ. Талийгаач Ж өнгөрсөн тавдугаар сарын 31-нд Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст “Ажилладаг газрынхаа захиралд зодуулчихлаа” хэмээн гомдол гаргаж очсон байдаг. Цагдаагийн байгууллага түүний гомдлыг шалгах явцад амиа хорлосон юм. Тэрбээр “Эх Монгол” группийн харьяа “Сохо мебель” ХХК-ийн захирлын туслахаар ажилд ороод гуравхан сар болж байсан байдаг. Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэс талийгаач охины захиралдаа зодууллаа гэсэн өргөдөл гомдлыг шалгаж байсан бол Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст амиа хорлосон хэргийг нь шалгаж байсан юм. Эх сурвалжын хэлж байгаагаар энэхүү хэргийг Хан-Уул болон Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэсүүд шалгаж дуусаад, Нийслэлийн цагдаагийн газрын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шалгуулахаар шилжүүлсэн байна.

 

Талийгаачийн ар гэрийнхэн болон зарим эх сурвалжийн хэлж буйгаар энэ хэрэг тун удахгүй амиа хорлосон гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болох магадлал өндөр байгаа аж. Учир нь хэргийн гол буруутан гэгдээд байгаа “Сохо мебель” компанийн захирал Б.Жадамбааг энэ хэрэгт холбогдолгүй гэдгийг камерын бичлэг болон бусад нотлох баримтуудаар тогтоосон гэдгийг цагдаагийн байгууллагын эх сурвалж мэдээлж байна. Тиймээс тэрбээр Монгол Улсын хил даван гадаад орныг зорьсон бололтой. “Сохо мебель” компанийн захирал Б.Жадамбаад Эрүүгийн хуулийн 95.1 буюу бусдыг амиа хорлоход хүргэх гэдэг зүйл ангиар эрүү үүсгэн шалгаж байсан билээ. Эрүүгийн хуулийн 95.1-д “Эд хөрөнгө, албан тушаалын болон өөр байдлаар эрхшээлдээ байгаа болон өөр бусад хүмүүстэй харгис хэрцгий харьцсан буюу нэр төр, алдар хүндийг нь байнга гутаан доромжилсны улмаас хохирогч амиа хорлосон бол хоёроос таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж заасан байна. Ингээд хөөрхийлөлтэй охины амийг хэн ч төлсөнгүй. Гол буруутан Жадамбаа гэх этгээд гадагшаа гаран зугтаж, түүний туслах, өмгөөлөгч нар нь ийнхүү хэргийг түүнээс хамааралгүй болгоод өглөө. Мөн охины гаргасан гомдол алга болсон, яг ямар шалтгаантай талаар хэн ч ам нээсэнгүй. Цагдаа хүчний байгууллага яаж шалгаасныг мэдэхгүй юм. Үхсэн хүн юм хэлэх биш ингээд хэрэг харамсалтайгаар дуусаж байна. 

 

PAPARATSI.MN