Монгол Улсад амьдрах арга алга гэж олон хүн ярьдаг. Ганц удаа ч болов би орчин тойрноо өөрчлөхөд юу хийж чадах вэ гэж бодож үзсэн үү. “Таны Монгол Улсын хөгжилд оруулж чадах хамгийн том хөрөнгө оруулалт юу вэ” гэх асуултад хүн бүр өөр өөрийнхөөрөө хариулна. Магадгүй зарим нэг нь энэ асуултад би хэт өндөр боловсролтой биш, би мөнгөгүй, би эрх мэдэлгүй учраас том хөрөнгө оруулалт хийж чадахгүй гэх биз.
Танд ямар ч эд хөрөнгө, эрдэм боловсрол, эрх мэдэлтэй зүйрлэшгүй том хөрөнгө оруулалт бий. Тэр бол Үндсэн хуулиар олгогдсон таны сонгох эрх. Автобусанд эсвэл гудамжинд гээд хаа нэгтээ “Сонгуульд саналаа өгөхгүй. Миний саналаар дутахгүй” гэх яриа өрнөх нь энгийн үзэгдэл мэт болжээ. Эсвэл гурвууланг нь дугуйлна, хоосон өгнө гэх мэтээр бусдыг уриалсан санал ч олны танил хүмүүсээс гарах аж.
Тэр тусмаа залуучуудын дунд энэ мэт өөрийн саналыг үнэгүйдүүлсэн сөрөг яриа их гарч байгаа сонсогддог. Монгол Улсын хөгжлийг гартаа атгасан хүн бол хэн нэгэн улс төрийн зүтгэлтэн бус зөвхөн та. Өөрөөр хэлбэл, таны сонголтоос бүх зүйл шалтгаална гэсэн үг. Дээхэн үед хүмүүс саналаа өгөхөөр явахдаа хамгийн сайхан хувцасаа өмсч, өвөө эмээ нар одон медалиа зүүдэг байсан гэх сайхан түүх бий. Одоо ч гэсэн настан буурлуудын дунд энэхүү сайхан уламжлал үргэлжилсэн хэвээр.
Гэвч манай улсын иргэдийн сонгуулийн идэвх жил ирэх тусам буурч байгаа нь олон судалгаанаас харагддаг. Тухайбал, Монголчууд 1993 оны Ерөнхийлөгчийн сонгуульд 92.7 хувийн ирцтэйгээр оролцож байжээ. Энэ бол маш өндөр тоо. Харин 1997 онд сонгогчдын ирц 85.06, 2001 онд 82.94, 2005 онд 74.3, 2009 онд 73.59, 2013 онд 66.50 хувийн ирцтэй оролцсон байна. Уг судалгаанаас харахад сонгуульд саналаа өгөх иргэдийн оролцоо 26.2 хувиар буурчээ. Дөрвөн хоногийн дараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль орон даяар өрнөнө. Сонгуулийн бэлтгэл ажил ч жигдэрч байна.
Энэ жил сонгуулийн бэлтгэл ажилд зориулж 14 тэрбум 900 сая төгрөг төсөвлөсөн билээ. Өөрөөр хэлбэл, энэхүү мөнгө өөрийн биеэр сонгуулийн байранд очиж саналаа өгч чадахгүй ахмад настнуудыг зөөх машины шатахууны зардал, сонгуулийн штаб, хар машиныг 21 аймагт зөөх тээврийн зардал гэх мэтчилэн зүйлд зарцуулдаг.
Зөвхөн таныг сонгуульд идэвхтэй оролцуулж, санал өгүүлэхийн тулд улсын төсвөөс ийм хэмжээний мөнгө гаргадаг гэсэн үг. Хэрвээ хэн нэгний санал сонгуульд огт хэрэггүй, ямар ч ач холбогдолгүй бол Үндсэн хуульд сонгох эрхийг тусгаж, жил бүр улсын төсвөөс мөнгө гаргахгүй байсан биз.
Таны санал улс эх орны ирээдүйн хөгжилд хэрэгтэй учраас, таны санал үнэ цэнэтэй учраас Сонгууль болгоноор улсын төсвөөс мөнгө гаргаж, орон даяар зохион байгуулдаг юм. Тиймээс энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд хариуцлагатай хандаж, хүн бүр саналаа өгөхийг уриалж байна.
Учир нь бүх ард түмний эв нэгдлийн билэгдэл, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийг сонгох түүхэн, хариуцлагатай үе ирээд байна. Мөн Монгол Улсын өрийн хэмжээ, ядуурал, ажилгүйдэл ихэсч, улс орны эдийн засаг туйлдаа хүрсэн гэхэд болно.
Тухайлбал, нэг хүнд ногдох өрийн хэмжээ 12 сая хол давчихаад байна. Шинээр төрсөн хүүхэд бүр энэ хорвоод мэндэлсэн цагаасаа эхлэн өрийн дарамтад орох болжээ. Нийгмийн орой бусгай цагт болж буй сонгуульд таны оролцоо хамгийн чухал. Тиймээс хүн бүр зургадугаар сарын 26-нд болох Ерөнхийлөгчийн сонгуульд идэвхтэй оролцохыг уриалж байна. Таны санал Монгол Улсын хөгжилд оруулах хамгийн том хөрөнгө оруулалт юм.
Сарьсан багваахайн дуудлагыг Нийслэлийн байгаль орчны газарт өгнө
Шадар сайд Н.Номтойбаяр: Орон нутаг хөгжихөд чөдөр болж буй хууль, эрхзүйн орчныг шинэчилнэ
Нарантуул, Дүнжингарав, Шинэ 100 айл худалдааны төвүүдийн авто зогсоолыг түр хаана
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 31 дуудлага мэдээлэл бүртгэгджээ
Аюулт үзэгдэл, ослын 35 удаагийн дуудлагаар 17 иргэний амь насыг авран хамгааллаа
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2189 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Согтуугаар жолоо барьсан 67 зөрчил бүртгэгджээ