Барилгын материал бөөнөөр нь худалдаалдаг томоохон захуудад сүүлийн дөрөв хоногт цементийн үнэ огцом өсчээ. Тодруулбал, зуун айл болон гурвалжингийн гүүрний ойролцоох бүх барилгын дэлгүүрүүд нэг уут цемент 7000-8000 төгрөг байсныг 12000 төгрөг, нэг тонн тутам нь 150 мянган төгрөг байсныг 240 мянган төгрөг болгон, тонн тутамд 80 мянган төгрөгөөр нэмсэн байна.
Барилгын салбарын гол бүтээгдэхүүн болох цемент ингэж нэмэгдсэн нь компаниуд болон иргэдэд ихээхэн дарамт болж эхэллээ. Урин дулаан цаг ирсэнтэй холбогдуулан бүтээн байгуулалтын ажил эхэлж, барилга байгууламж барих ид цагаар ийнхүү ямар ч шалтгаангүйгээр цементийн үнэ өссөнд иргэд ихээхэн бухимдаж байна. Цемент үйлдвэрлэгчдийн үнэд өөрчлөлт ороогүй бөгөөд ченжүүд эрэлтийг дагуулж энэхүү үнийн өсөлтийг бий болгосон гэж холбогдох яамны зүгээс үзэж байгаа юм.
Ченжүүд хэлэхдээ, нэр бүхий дотоодын цемент үйлдвэрлэгч нар ямар учраас гэнэт өөрсдийн дураар бүтээгдэхүүнийхээ үнийг огцом нэмсэн шалтгааныг мэдэхгүй байна. Нэг компани үнээ нэмэхээр дагаад бүгд нэмчихсэн. Хятад цемент бараг зарагдахгүй байгаа гэв.
Энэхүү үнэ нэмэгдсэн шалтгааныг холбогдох яамнаас тодруулахад “Хоногт 2000 тонн цемент үйлдвэрлэдэг “Хөтөл”-ийн үйлдвэр цахилгааны хязгаарлалтад өртөж, үйлдвэрлэл нь 2-3 хоног зогссон. Мөн 700-800 тонн цемент үйлдвэрлэдэг “Монцемент” компани өнгөрсөн долоо хоногт Оюутолгой компани руу шууд бүтээгдэхүүнээ нийлүүлж таарсан.
Хятадын хөрөнгө оруулалттай “Мөнхийн баян гал” компаний тухайд “Хөшиг”-ийн хөндий дэх шинэ нисэх онгоцны буудал руу зам тавихад зориулсан цемент нийлүүлж, зах зээлд нийлүүлдэг хэрэглээний цементээ түр зогсоосон байсан. Гэхдээ цементийн нийлүүлэлт өнөөдрөөс хэвийн болж, үнэ нь тонн тутамдаа бууж, 180 мянган төгрөг боллоо. Нийлүүлэлтийн хомсдолоос үүссэн цементийн үнийн хөөрөгдөл ойрын хугацаанд буурч, 170 орчим мянгад хүрэх таамаг ажиглагдсан. Дээрх гурван компани Улаанбаатарт хоногт 4000 тонн цемент нийлүүлдэг” гэсэн тайлбар хийв.
Манай улсад дотоодын дөрвөн үйлдвэр нийлээд жилд гурван сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай юм. Тиймээс Засгийн газар үндэсний үйлдвэрүүдээ дэмжин, 2015 оны наймдугаар сард тогтоол гаргаж, импортын цементийн тонн тутамд ногдуулах татварыг 20 хувиар нэмэх шийдвэр гаргасан байдаг.
Эх сурвалж: Medee.MN
Н.Учрал: Жагсаалтад ороход намын анхан, дунд шатанд гурван жил ажиллаж бэлтгэгдсэн байх шаардлагыг тавина
2026-2030 онд мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг өсөх хандлагатай байна
А.Баяр: Хүүхдийн болон гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсооход НИТХ болон 9 дүүргийн 93 эмэгтэй төлөөлөгч хамтрахыг уриалъя
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлж, малчдын эрх ашгийг хамгаална
Бүгд Найрамдах Киргиз Улсын Элчин сайдыг “Найрамдал” медалиар шагналаа
“Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт өнөөдөр эхэлнэ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх орон нутагт ажиллаж малчидтай уулзана