Цэцэрлэгт хүрээлэн ХАР ЗАХ хэвээрээ байсаар


Нийслэлийн иргэд машины утаанаас хол, ногоон байгууламжтай газарт гэр бүлээрээ салхинд гарч, амралт чөлөөт цагаа өнгөрүүлэхээр том жижиггүй Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг бараадах болсон. Гэвч жил бүр нэмэгддэг моддыг нь, цэвэр цэмцгэр орчныг нь, үр хүүхдээ алхуулах, дугуй машиныг нь унуулах зам талбай царайчлан очсон эцэг эхчүүд цэцэрлэгт хүрээлэнгийн хаалгаар ороод л сэтгэлд дундуур буцаж байна. Нийслэлийн өмчит үйлдвэрийн газар болох Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд орохын тулд юуны өмнө автомашин байршуулахаас асуудал эхэлнэ. Төрийн өмчийн, олон нийтэд зориулсан энэ байгууллага зогсоолоо үйлчлүүлэгчиддээ “зардаг”. Тодруулбал, нэг машин хоёр цаг нь 1000 төгрөг, хэрэв цагаасаа хэтэрвэл цаг тутамд 3000 төгрөгийн торгууль ноогдуулна. Мянгахан төгрөгөө төлөлгүй яахав гэж бодох хэдий ч өдөр бүр хүүхдээ салхилуулах гэж ирэхдээ ингээд л төлөөд байвал халаасан дахь хэдийгээ зогсоолд л зориулаад дуусах шинжтэй. Төлбөртэй зогсоолуудад машин сийрэг харагдаж, замын урд болон хойд талын нэгдүгээр эгнээгээр машинууд битүү байх юм. Явган хүний зам ч ялгаагүй, хүн алхахын эцэсгүй болтол нь машинуудаар дүүрчээ. Цэцэрлэгт хүрээлэнд ролик, дугуйгаа унах гэж ирсэн хүүхдүүд явган хүний зам дээгүүрээ ч явж чадахгүй, дайруулан алдаад л хэдэн машин тойрч яваа харагдана. Уг нь төрийн өмчийн газар болохоос, ашигтай ажиллах ёстой бизнесийн байгууллага биш тул ядаж л машины зогсоолоо орой үдэшдээ чөлөөтэй болгочихдог бол энэ хавийн түгжрэл багасаж, нэгдүгээр эгнээ болон явган хүний зам эзэлсэн машинууд хумигдаж, эрсдэл багасна. Мөн нөгөө л нэг дэлгүүр хоршоо, шорлогны утаа ханхалсаар л байна. Хэзээ ногоон байгууламжийг бүрэн утгаар нь ашиглаж сурахыг мэдэхгүй юм. Хүн амьтан олон цугладаг газар худалдаа наймаа дагаад л өргөжиж байдаг ч ногоон байгууламж, амралт зугаалгын газар ийм байж болохгүй гэдгийг хэзээ ухаарах вэ дарга нар минь..