Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч М.Энхболд, Х.Баттулга, С.Ганбаатар нарын хөрөнгө орлогын мэдүүлгийг хуулийн дагуу Авлигатай тэмцэх газраас гаргажээ.
-М.ЭНХБОЛД ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР ҮНЭЛЭГДЭХ ХОЁР ОРОН СУУЦТАЙ-
Монгол Ардын намаас нэр дэвшигч М.Энхболд жилийн 91 сая төгрөгийн орлоготой. Харин хадгаламждаа 483 сая төгрөгтэй, гэр бүлийн нийт орлого нь 117 сая төгрөг гэж мэдүүлжээ. Түүний хувьд 1987 онд МУИС-ийг төлөвлөгч-эдийн засагч мэргэжлээр төгссөн. Сургуулиа төгссөний дараа буюу 1987-1989 онд Улаанбаатар хотын Ахуйн үйлчилгээний удирдах газарт эдийн засагчаар ажиллаж байжээ. Тэрбээр 2013 оноос хойш МАН-ын даргаар ажиллаж буй юм.
1999-2005 онд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар, 2005 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсон байна. Үүний дараа 2006-2007 онд Монгол Улсын Ерөнхий сайдаар, 2007-2012 онд Шадар сайдаар ажиллаж байсан. Харин өнгөрсөн парламентын үед УИХ-ын дэд даргаар ажиллаж байв.
Нэг ёсондоо төрийн алба болон улс төрийн албан тушаалууд хашиж байжээ. Тэрбээр хөрөнгө орлогын мэдүүлэгтээ “Ланд круизер” маркийн нэг машинтай, хурдан удмын 60 адуу, 300 адуутай, эдгээр нь нийт 90 сая төгрөгөөр үнэлэгдэнэ гэжээ. Түүнчлэн 290 сая төгрөгөөр үнэлэгдэх хоёр эмээл, есөн хөөрөгтэй, нэг тэрбум төгрөгөөр үнэлэгдэх хоёр орон сууцтай, хувийн эзэмшлийн байшинтай, ашиглах эрхийн зөвшөөрөлтэй 1300 м2 газартай хэмээн мэдүүлсэн байна.
Нэр дэвшигч М.Энхболд “Говь” ХК, “Зоос гоёл” ХК, “Авто импекс” ХК, “Зоос банк” ХК, “Женко Тур Бюро” ХК, “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Технологийн дээд сургууль” гэсэн долоон компаниас хувь эзэмшдэг байна.
-Х.БАТТУЛГА 26 КОМПАНИД ХУВЬ ЭЗЭМШДЭГ-
Ардчилсан намаас нэр дэвшигч Х.Баттулгын жилийн орлого 130 сая төгрөг, гэр бүлийн нийт орлого нь 31 сая төгрөг байна. Харин хадгаламждаа таван сая төгрөгтэй гэж мэдүүлжээ. Түүний хувьд 1982 онд Дүрслэх урлагийн дунд сургууль Зураач мэргэжлээр төгссөн.
1979-1990 онд Самбо бөхийн улсын шигшээ багт тамирчин, 1982-1990 онд Дүрслэх урлагийн байгууллагад зураач, 1990-2004 онд "Женко" ХХКомпаний Ерөнхий захиралаар ажиллаж байжээ. Мөн 1997-2004 онд "Баянгол зочид буудал" ХКомпаний гүйцэтгэх захирал, 1999-2004 онд "Мах Импекс" ХКомпаний гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаад 2004-2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсон.
2008-2012 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд, 2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2012 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдаар тус, тус ажиллаж байв. Нэг ёсондоо хувийн бизнес хийж байгаад хожуу улс төрд оржээ.
Тэрбээр хөрөнгө орлогын мэдүүлэгтээ Лексус 570 маркийн машинтай, 12 саяар үнэлэгдэх нэг адуутай, 35 саяар үнэлэгдэх нэг хөөрөгтэй гэжээ. Түүнчлэн 912 сая төгрөгөөр үнэлэгдэх нэг орон сууцтай, өмчлөх эрхтэй 384 м2 талбай бүхий газартай юм байна.
“Мах импекс” ХК, “Женко Тур Бюро” ХК, “Талх чихэр” ХК, “Баянгол Зочид буудал” ХК, “Баялгийн хувь” ХК, “ХИД” ХК, “Вебсофт” ХХК, “Ай Номадик” ХК, “Өүпэнспейнс” ХХК, “Наранбаянбүрд хоршоо”, “Баян Игрийт” ХХК, “Их Монгол Чага Интернэшнл” ХХК, “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Түмэнхишигтэн” ХХК, Монголын Ардчилсан холбоо, Монголын Жүдо бөхийн холбоо, Монголын Жүдо бөхийн ордон сан, Их Майдар сан, Монголын Жүдо бөхийн академи, Монголын малчдын холбоо, Олон Улсын Жүдо бөхийн холбооны бодлого зохицуулах зөвлөл, Монголын Бодибилдинг фитнессийн нэгдсэн холбоо гэх зэрэг 26 компанид хувь эзэмшдэг байна.
-С.ГАНБААТАР “ПРИУС” МАРКИЙН НЭГ МАШИНТАЙ-
Монгол Ардын Хувьсгалт намаас нэр дэвшигч С.Ганбаатарын жилийн орлого 22 сая төгрөг. Гэр бүлийн гишүүдийн нийт орлого нь 105 сая төгрөг бол хадгаламждаа 36 сая төгрөгтэй. Түүний хувьд 1988-1989 МУИС-ийн Германы инженерийн хэлний бэлтгэл, 1989-1991 онд Монгол улсын Политехникийн их сургуулийн Геологийн факультетэд сурч байжээ.
1991-1994 онд Кемерево хотын Уул уурхайн их сургуулийн Геофизикийн инженер техникийн ухааны магистрт сурч байсан аж. Мөн 1994-1998 онд Хамерсмит вест Лондон коллежийг HND бизнес санхүүгийн удирдлагын ангид сурч байжээ.
Ажилласан туршлагын хувьд 1997-2000 онд Английн Сала Женерал банкинд дадлагын менежер, 2001-2002 онд ХААН банкинд тусгай активийн газрын захирал, 2002-2003 онд Санхүү, эдийн засгийн дээд сургуульд багш, 2003-2005 онд Удирдлагын академийн багш, 2005-2007 онд Эрс шинэчлэл хөдөлгөөний тэргүүн, 2006-2008 онд Үндэсний “Соёмбо” хөдөлгөөний тэргүүн, 2007-2011 онд Боловсрол, соёл, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны даргаар ажиллаж байсан.
С.Ганбаатар 2007 оноос Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны Ерөнхийлөгчөөр ажиллаж байгаад 2012 оны УИХ-ын ээлжит сонгуулиар УИХ-ын гишүүнээр сонгогдон ажилласан билээ. Тэрбээр иргэний хөдөлгөөнийг эхлүүлж олонд танигдсан юм.
Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ “Приус” маркийн нэг машинтай, 35 саяар үнэлэгдэх 60 хонь, хоёр адуу, 47 үхэртэй гэжээ. 17 саяар үнэлэгдэх хөөрөг, мөнгөн хазаар, хэт хутга тус тус байгаа аж. Мөн 80 сая төгрөгөөр үнэлэгдэх нэг орон сууцтай, эзэмших болон өмчлөх ямар нэгэн газаргүй гэжээ. Нэр дэвшигч С.Ганбаатар “Баршим” ХХК-д хувь эзэмшдэг юм байна.
Гурван нэр дэвшигчдийн хувьд ямар нэгэн өр зээлгүй, авлагагүй гэж хөрөнгө орлогын мэдүүлэгтээ бичжээ.
Сарьсан багваахайн дуудлагыг Нийслэлийн байгаль орчны газарт өгнө
Шадар сайд Н.Номтойбаяр: Орон нутаг хөгжихөд чөдөр болж буй хууль, эрхзүйн орчныг шинэчилнэ
Нарантуул, Дүнжингарав, Шинэ 100 айл худалдааны төвүүдийн авто зогсоолыг түр хаана
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 31 дуудлага мэдээлэл бүртгэгджээ
Аюулт үзэгдэл, ослын 35 удаагийн дуудлагаар 17 иргэний амь насыг авран хамгааллаа
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2189 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Согтуугаар жолоо барьсан 67 зөрчил бүртгэгджээ