Х.Баттулга: Тусгаар тогтнолоо тунхаглах түүхэн сонгууль болно, Монгол ялна

Admin
Өчигдөр 02 цаг 50 минут

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Халтмаагийн Баттулгын сонгуулийн сурталчилгааны нээлт Их эзэн Чингис хааны өлгий нутаг Хэнтий аймгаас эхэллээ. Нээлтийн ажиллагаа аймгийн Биеийн тамир спортын газрын харьяа Спорт ордонд болж, иргэд сонгогчид өргөнөөр оролцлоо. Мөн нээлтийн ажиллагаанд нэр дэвшигч Х.Баттулга, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ, Хэнтий аймгийн Ардчилсан намын дарга Ш.Батдэлгэр, МоАХ-ны гишүүд, дэмжигчид тэргүүтэй албаны хүмүүс оролцсон юм.



Нэр дэвшигч Х.Баттулга нээлтийн ажиллагааны үеэр хэлсэн үгэндээ “Монголчууд аа, хэнтийчүүд ээ. Өнөөдөр бид эцэг өвгөдийнхөө халуун амь, бүлээн цусаар олдсон тусгаар тогтнолоо бататгах түүхэн цаг үетэй нүүр тулгараад байна. Тиймдээ ч энэ удаагийн сонгууль зүгээр ч нэг Ерөнхийлөгчийн сонгууль бус тусгаар тогтнолоо тунхаглах түүхэн сонгууль болно. Одоогоос 72 жилийн өмнө буюу 1946 оны аравдугаар сарын 20-ны өдөр Монголын ард түмэн тусгаар улс болохоо тунхаглаж, бүх нийтээр гарын үсэг зурж баталгаажуулсан билээ. Үүнтэй адил тусгаар тогтнолоо дахин тунхаглаж түүхэн цаг үе иржээ. Өдгөө эрх баригч нам төрийн албыг авлига, хээл хахуулийн үүр уурхай болгож, 60 тэрбум төгрөгөөр арилжлаа. Эл бусармаг байдлыг таслан зогсоох өнийн хүсэл монгол хүн бүрийн зүрх сэтгэлд бий болов уу. Тиймээс монголчууд бид шударга төр, тусгаар тогтнолынхоо төлөө дахин нэгдэн нягтрах цаг иржээ” хэмээсэн юм.


Харин Ардчилсан намын дарга С.Эрдэнэ “Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Х.Баттулга “Монгол ялна” гэх уриатай оролцож байна. Тиймээ, Монгол ялбал монголчууд ялна, ардчилал ялна. Гэхдээ энэ зөвхөн Ардчилсан нам болоод Баттулгын ялалт бус тугсгаар тогтнолын ялалт байх болно” хэмээсэн юм.



Нэр дэвшигч Х.Баттулга нээлтийн ажиллагааны дараа Хэнтий аймгийн иргэд сонгогчидтой уулзаж, сонирхсон асуултад нь хариу өглөө.