Нийгэмд аюулын харанга дэлдэн, мэдээлэх эрхээ хамгаалахын төлөө тэмцсэн хэвлэл мэдээллийн эсэргүүцэл тэдэнд нэгийг сануулсан нь тодорхой байлаа. Тиймдээ ч танхимд ирц хангалттай, гишүүд ч хуулийг тун няхуур хэлэлцлээ. Гишүүдийн хэлсэн үгнээс тоймлон хүргэе.
Д.Сарангэрэл: Монголын тэр дундаа сэтгүүлзүйн түүхэнд байгаагүй хараар тэмдэглэн үлдэх үйл явдал энэ парламентын үед гаргалаа. Энэ үйлдлийг хэвлэл мэдээллийн байгууллагууд эсэргүүцсэн нь зөв. Ард түмний үнэнийг мэдэх эрх ашгийн талд зогслоо гэж харж байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслийн хэвийн үйл ажиллагаа алдагдаж, олон нийт цочирлоо. Ийм байдалд хүргэснийхээ төлөө улстөрчид уучлал гуйх ёстой. Монголын төрийн парламентын нэр хүндийг сэвтүүллээ. Хэвлэлийн түүхэнд ийм үйл явдал гарч байсан ч олноороо эсэргүүцэл илэрхийлж байсныг санахгүй байна. Улстөрчид бие биеэ хаацайлдаг. Чингис бондоос хэн нь хэдийг авсныг бодитойгоор мэдэхгүй байгаа. Үүнийг хаах, санхүүжилтээр нь боож хэвлэл мэдээллийг боомилох гэсэн санаа гэж хэвлэлийнхэн үүнийг дүгнэж байгааг буруу гэхгүй. Бичсэн сэтгүүлчийг нь мөшгөөд явдаг.
Гүтгэхийг хэн ч дэмжихгүй байгаа. Сэтгүүлч санаатайгаар хүн гүтгэдэггүй. Яарч даараад сонин нь буух, телевизийнхний хувьд цаг нь болох гээд алддаг онодог юм бий. Хэрэв тэгсэн бол алдааныхаа төлөө уучлал гуйх ёс зүйн зөвлөлийг байгуулаад ажиллаж байгаа. Хууль өнөөдөр хэнд үйлчилдгийг бүгд мэднэ. Эрх мэдэлтэй мөнгөтэй хүнд үйлчилдэг. Парламентын 76 гишүүн бүгдээрээ торгуулийг өсгөхөөр ажилласан гэж бодохгүй байна. Дөрөв таван гишүүн төгөлдөр хуур дарсан, бусад нь мэдээ ч үгүй байгаа. Сэтгүүлчийн бичсэн материалыг биш сэтгүүлчийг шалгадаг тогтолцоо байж болохгүй.