Яагаад ИЗНН зөв сонголт гэж?


Өнөөдөр бидний Монголчууд өөр, зөв сонголт хийх торгон мөчид тулж ирээд байна. Хэдийгээр сонгогчид өөрийн сонголтоо хийж байгаа ч гэлээ саналаа өгөхөөсөө өмнө дахин нэг тунгаахад илүүдэхгүй байх. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хамтран засгийн эрх барилцсан хоёр нам “МАНАН”-ийн амлалт буюу халамж нэртэй зовлон дуудсан 21 мянган төгргөнд иргэд хангалттай хууртлаа. Дараагийн дөрвөн жилд  ийм өнгө аястай байхыг ард иргэд маань хүсэхгүй байна . Энэ нөхцөл байдал нь ИЗНН-ыг сонгох суурь шалтгаан болж байна.

ИЗНН бол авлигагүй, бодлоготой, зарчимтай, шинэ цагийн, амжилттай яваа нам.

  1. Бодлоготой:

-       Авилгал хээл хахууль нь нийгмийг бүхэлд нь дарангуйлан өмнөө сөхрүүлэгч архагшсан үзэгдэл болж буйг ИЗНН аль 2000 оны хавар болсон зохион байгуулах Их хурал дээрээ эрх баригчид болон олон нийтэд анх хандан анхааруулж байлаа.

-       Тийм учраас авилгал хээл хахууль хамгийн их бугшсан Монголын нийгмийн удирдлагын хүрээ буюу улс төрд шинэ хэм хэмжээ, шинэ соёл нэвтрүүлэхийг ИЗНН анхнаасаа л хичээж ирсэн. УИХ дахь ИЗНН-ын төлөөлөл С.Оюун гишүүн анх удаа сайн дураар хөрөнгө орлогоо мэдүүлж нийтэд зарласан Монголын түүхэн дэх анхны улстөрч.

-       Авилгал, ажилгүйдэл, архидалтыг амьдралаас зайлуулахыг уриалсан анхны нам. Боловсролтой, бүтээгч, баян амьдралтай иргэдийн төлөө тэмцэхээ илэрхийлсэн анхны нам.

  1. Зарчимтай:

-       ИЗНН-ын улс төрийн тэмцэл бол нийгэмд тулгамдсан асуудлын хамгийн зохистой зөв шийдлийн төлөөх тэмцэл юм. Эрх мэдэл, албан тушаалын төлөөх улстөрчдийн хэрүүл тэмцэлд татагдан орж бусдыг өөлөн муучлах нь ИЗНН-ын арга барил биш.

-       С.Зориг агсны хэлсэнчлэн нэн тэргүүнд нь нийтийн эрх ашгийг эрхэмлэе” хэмээх зарчмыг тууштай баримталж чадсан цорын ганц нам

-       Улс төрийн хүчнүүдийн өрсөлдөөн дунд ИЗНН ямагт ардчиллын төлөөх хүчнүүдтэй хүчээ нэгтгэхийн төлөө байж, тэднийг дэмжиж байдаг. 

  1. Шинэ цагийн:

-        Нийгэмд тулгамдсан эсвэл хөгжлийн зорилт болсон аливаа асуудлыг тодорхойлж, шийдэх хувилбарыг нь санал болгож чаддаг учраас ИЗНН шинэ цагийн нам юм. Өмнөх үеийхний байгуулсан гавьяаг өөртөө нааж, хүмүүс сэтгэхүйн хувьд ижил дасал болсон намын нэрээр эрх мэдэлд хүрэхийг хүссэн улстөрчдийн цуглуулга биш. Түүхэн гавьяа тоочихоос гадна өнөөгийн тулгамдсан асуудлыг олж хардаг, тодорхойлж томьёолдог, шийдлийг нь олж санал болгодог чадвар намд байх ёстой.

-       Явцуурсан бүлэглэлээс ангид, олон түмний өмнө нээлттэй байж чаддаг, дэвшилтэт үзэл бодолтой, шинэлэг хандлагыг дэмждэг нам.

  1. Амжилттай:

-       Анх байгуулагдахдаа л дэвшүүлж байсан зорилтуудаа амжилттай хэрэгжүүлсэн нам. Гурван УИХ-ын турш өрнүүлсэн тэмцлийн дүнд Авилгын эсрэг хуулиа батлуулсан, Авлигатай тэмцэх газрыг байгуулсан. Улстөрчид, албан тушаалтнууд жил бүр хөрөнгө орлогоо мэдүүлэх үүрэгтэй боллоо. Ийм болохоор би ИЗНН-ыг дэмжиж байгаа юм.