Ардчилсан хувьсгалын анхдагчдын нэг, физикч Л.Бямбажаргал:


-ОУВС-гийн манай улсын орж байгаа хөтөлбөрт ороод эдийн засгаа сайжруулсан улс байхгүй. Ер нь л иргэний дайн руу, дефолт руу л явсан. Та нар сэтгүүлч улс, судлаад үзээрэй. Аль оронд хэрэгжээд ямар үр дүнд хүрч вэ. Энэ тийм ч сайн биш, ганц хоёр оронд түр хэрэгжүүлэхэд хэрэг болсон. Украин зээлийн хөтөлбөр батлуулчихаад авч чадахааргүй болж, ерөнхийдөө улс байх, үгүй гэдэг асуудал яригдаж байна. Африкийн иргэний дайнтай  НҮБ-ын цэрэг орчихсон газрууд эндээс эхэлсэн байдаг, эх сурвалж нь ийм. Энэ хөтөлбөр хэрэгжээд тэр. Хөтөлбөр эдийн засгийг агшаадаг. Төсвийн үрэлгэн зардлаа багасга, татвараа нэм гээд ерөнхийдөө бүсээ чангалах шаардлага тавьдаг. Тэгэхээр тэртэй тэргүй нийгмийн хоёр тийш хэт ялгарал явчихсан үед энэ хөтөлбөр хэнд хамгийн хүнд тусдаг вэ гэвэл дунд давхаргад. Тэртэй тэргүй халамжийнханд их ч өгсөн, бага ч өгсөн адил идэж уугаад дуусгачихна. Баян хүн бол татвар их ч авсан, бага ч авсан хотойхгүй. Ингээд нийгмийн дунд давхаргынхан шууд доод давхарга руу шилждэг. Ийм учраас эдийн засгийн туйлшралыг нэмэгдүүлдэг. Зарим орон улс төрийн тогтолцоо нь дээшлэхгүй учраас дотооддоо дайн байлдаанд шилждэг, иймэрхүү. Гэхдээ би ОУВС-гийн хөтөлбөрийг тэр чигээр нь муу гэж хэлэхгүй.

 

-АН-ын нөхдүүд баахан өр зээл тавиад тэрийг нь өнөөдөр Ардын намынхан төлөх гэж үйлээ үзэж, үстэй толгойгоо зулгааж ийм юм руу орж байна гэж ойлгуулж байна л даа. Гэтэл энэ төлөх гээд байгаа евро бондын үлдэгдэл 580 сая ам.доллар чинь Сү.Батболдын Засгийн газар 2012 онд авч  сонгуульд тараасан мөнгө шүү дээ. Энэ бол аваад тараагаад өгчихсөн, эргээд ард түмнээрээ төлөхөөс аргагүй. Чингис бондын өрийг бол төлж эхлэх болоогүй байгаа шүү дээ. Дараа жилээс   төлнө. Чингис бондын мөнгө  буух эзэн, буцах газартай. Тиймээс 580 сая.ам долларын өр шиг хавтгайруулсан байдлаар  төлүүлж болохгүй. Яагаад гэвэл, Чингис бондын мөнгийг авсан нөхөд одоо Их хуралд сууж байна. Н.Номтойбаяр, Ц.Гарамжав, Эм-Си-Эс-ийн төлөөлөгчид байна. Ард түмэн нэг ч төгрөг аваагүй. Ёстой нөгөө Долоон буудлын Должин эмээ Чингис бондын мөнгөнөөс  шууд утгаараа нэг ч төгрөг хожоогүй. Дам утгаар бол хожсон л байх. Дэд бүтэц, зам, харилцаа гэх мэтээр. Харин одоо Чингис бондын мөнгийг төлүүлэхдээ комисс гарч, хугацааг нь тооцоод явах хэрэгтэй. Жишээ нь, зээл аваад  таван жил боллоо, танай үйлдвэр энэ хугацаанд татварт хэдэн төгрөг төлсөн бэ. Зээлээ яаж төлөх гэж байна вэ гээд тооцоо хий.

 

Ц.Гарамжав л гэхэд “Би төлсөн” гэсэн. Гэтэл зээлийн үлдэгдэл гэхэд л 100 гаруй тэрбум гэсэн байх аа, их л том тоо харагдсан. Эзэнтэй юм чинь учиртай шүү дээ. Наад үйлдвэрээ барьцаанд тавь гээд мөнгөө авчих хэрэгтэй. Тэгэхээр хамгийн гол нь Ардын нам өөрийнхөө тавьсан  өрийг л одоо өөрсдөө төлөх гэж байгаа. Түүнээс АН-ын өр биш. Дэлхий нийтэд бид Пифагорын теорём гэж гурвалжин өнцөгтийг боддог арга байнаа даа. Тэрэн  шиг татварын хувь хэмжээ, төсвийн орлого хоёрын хоорондын хамаарлыг харуулсан Лафферийн муруй гэж бий. Энэ муруйг интернэтээс хайхад  л гараад ирнэ. Татварын хувь хэмжээ ямар байхад төсвийн орлого өндөр байх вэ гэдэг нь  орон болгоны хооронд, эдийн засгийн систем болгоны хооронд  өөр, өөр байдаг. Түүнээс биш шууд утгаар, ердийн утгаар социализм шиг татварыг их аваад байвал татварын орлого ихсээд байдаг гэвэл худлаа. Яг үүн шиг зүйлийг, тухайлбал  нийгмийн даатгалын орлогыг бууруулах дохиог сая Засгийн газар өгчихлөө.