Манай нийгэмд гажуудал их байгаа. Нэгэнтээ л эрх мэдлийг атгасан бол бүрэн эрхийнхээ хугацааг дуустал хуулийг гууль болгодог, бусармаг үйлдлүүдийг нь хэн ч таслан зогсоож чаддаггүй харамсалтай жишиг тогтжээ. Ерөөс эрх мэдлийг дагасан хяналтыг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлэхгүй бол эрх мэдэлтнүүд хуулийг цаасан дээр сараачсан хэнд ч хэрэгцээгүй хэдэн үгс болгож дуусч байна. Зөвхөн хэсэг бүлгийн эрх ашигт нийцсэн хууль гээчийг үйлдэж байна. Эрх мэдлээр түрий барин хуулийн эсрэг бүрэн бүрэлдхүүнээрээ ажиллаж байна. Энэ бол өнөөгийн бодит дүр зураг л даа. Тиймээс ч иргэд олон нийт төрийн эрх мэдлийг жинхэнэ утгаар нь өөрсдийнхөө гарт байлгахын тулд эрх олгож илгээсэн хүмүүстээ эргээд хяналт тавьдаг байх хэрэгтэй байгаа юм. Түүнчлэн төрийн албан хаагчдын үйл ажиллагаанд байгаа алдаа дутагдалтай зүйлсийг харсан ч, хараагүй царайлдагаа болих хэрэгтэй байгаа юм. Төрд тавих хяналтад иргэн бүр хүчээ нэгтгэх ёстой билээ. Хуульч, судлаач Х.Бат-Ялалтын тухайд энэ чиглэлээр хамгийн их дуугардаг, хэлж ярьдаг. Тэрчлэн “Дүрмээс дордсон хууль” –ийн талаар тэрбээр бичсэнийг энд ишлэн хүргэж байна.
“Төрийн хяналт, шалгалтын тухай ойлголт ихээхэн өөрчлөгдсөн байна. Орчин цагийн төрийн хяналт шалгалтын байгууллагын түүхийг судлан үүссэн шалтгаан, нийгэмд гүйцэтгэж ирсэн үүргийг тогтоох юм бол ихээхэн сонирхолтой зүйл ажиглах болно.
Монгол улсын төрийн хяналт шалгалтын байгууллагын орчин цагийн түүхийг 1921 оны ардын хувьсгалаас өнөөдрийг хүртэлх цаг хугацаанд хамааруулж ойлгох нь зүйтэй.
Анх хувьсгалын дараа хувьсгалт хатуу сахилга бат, ёс журам тогтоож, хөрөнгө мөнгийг хайрлан хамгаалж, тогтоол шийдвэрийг чанд биелүүлж байх нь хувьсгалын амин чухал эрх ашгийн асуудал, хувьсгалын ялалтыг хангах нэг үндсэн арга байсан байна. 1921.4-р сард Ардын түр засгийн газраас тушаасныг зөрчиж, Хиагтад гарсан гал түймрээс аварсан бараа, зүйлээс хувьдаа авсан Бямбажав гэгчийг донгодон шийтгэж, 5-р сард албан хэргийг цалгардуулж хувийн хэргийг урьдал болгов гэж бэйс Сумъяаг Ардын журамт цэргийн дэд жанжин ба баруун замын цэргийн жанжны тушаалаас огцруулж оронд нь Х.Чойбалсанг томилж байснаас төрийн дотоод хяналт шалгалтын тусгай эрх бүхий байгууллага байгуулах зайлшгүй шаардлага үүсч байжээ.
Төрийн хяналт шалгалтын үүсэл, сэдэл нь төрийн албанд сахилга бат, ёс зүйг сахиулах, хөрөнгө мөнгийг үр ашигтай зарцуулахад хяналт тогтоох, төрийн тогтоол шийдвэрийн биелэлтийг хангуулах зэрэг шаардлагатай шууд холбоотой байгааг бид дээрх жишээ баримтуудаас харж болно.
Төрийн хяналт шалгалтын тухай ойлголт нь 1990-ээд оныг хүртэл энэ л утгаараа хөгжиж ирсэн байдаг бөгөөд Хянан байцаах хэлтэс |1922-1925 он|, Хянан байцаах яам |1925-1926|, Эдийн засгийн зөвлөлийн дэргэдэх Хянан байцаах хэлтэс |1926-1930 он|, Хянан байцаах яам |1930-1932 он|, 1932-1940 онд төрийн хянан байцаах тусгай байгууллага байгаагүй ч ижил төстэй байгууллага Ардын төрийн хянан шалгах алба нэртэйгээр үйл ажиллагаа явуулж байж. Засгийн газрын тогтоол тушаалын биелэлтийг хянан шалгах тасаг ба хэлтэс |1940-1947 он|, Сайд нарын зөвлөлийн дэргэдэх Улсын байцаан шалгах газар |1947-1949 он|, Улсын хянан шалгах комисс |1949-1956 он| Хянан шалгах яам |1957-1959 он|, Улсын хянан шалгах комисс |1959-1972 он|, Ардын хянан шалгах байгууллага, яам |1972-1990 он| нэртэйгээр тус тус ажиллаж ирсэн байна.
1990-ээд онд Монгол улсад өрнөсөн Ардчилсан хувьсгалын үр дүнд төрийн дотоод хяналтын агуулгад ихээхэн өөрчлөлт орсон нь өнөөдрийн нийгмийн гажуудлыг үүсгэх үндсэн шалтгаан болсныг энд заавал онцгойлон дурдах ёстой. Төрийн хянан шалгах хороо |1995-2003 он|, Үндэсний Аудитын газар |2003-одоог хүртэл|нэртэйгээр төрийн хянан шалгах үйл ажиллагаа үргэлжилж байгаа мэт харагдаж байгаа боловч төрийн хяналт шалгалтын тухай ойлголт үндсэн агуулгаа алдсан болохыг дээрх байгууллагуудын мөрдөж байсан дүрэм, журам, хууль тогтоомжуудаас илэрхий харж болох юм.

Ажилчин, хөдөлмөрчин ангийн эрх ашгийг хамгаалж, хүн хүнээ дарлан мөлжих явдалтай хатуу тэмцэж, төрийн албан хаагчдад төрийн хууль тогтоомжийг сахин мөрдөхийг шаардаж, төсвийн хөрөнгө мөнгийг үр ашигтай, хэмнэлттэй байдлаар зарцуулах, албаны сахилга бат, ёс журмыг мөрдүүлэхийн төлөө олон нийтийн, ард иргэдийн оролцоотойгоор ажилладаг байсан байгууллага одоо нэр төдий ямар ч хүч чадалгүй байгууллага болон хувирсан нь хэнд ашигтай байгаа юм бэ?Маш тодорхой зорилготойгоор үйл ажиллагаа явуулдаг байсан байгууллагын зорилго, үйл ажиллагаа яагаад суларч, бүдгэрч, ойлгомжгүй байдалд хүрч дээрээс нь олон нийтийн оролцоотой хэрэгждэг байсан үйл ажиллагаа алдагдсан бэ?
Юмс үзэгдлийг үзэх үзэл, олон ургальч үзэл, хувь хүний эрх, эрх чөлөөг өргөтгөж хуульчилсан нь аливаа төрийн өмчийг завших, шамшигдуулах боломжийг давхар олгосон болохыг та бид одоо маш сайн ойлгож үр дүнд нь төрөөс төрсөн тэрбумтан, хөрөнгөжсөн хурандаа нар гэх мэт нэр томъёонуудыг өргөнөөр хэрэглэдэг болсноор дээрх асуултуудад хариултуудыг авч байгаа юм.
Эх сурвалж: Шуурхай.мн
Таксигаар үйлчлэх нэрийдлээр эмэгтэйчүүдийг дээрэмдэн, хүчирхийлсэн байж болзошгүй этгээдүүдийг баривчилжээ
Бүх нийтийн их цэвэрлэгээг хоёрдугаар сарын 10-15-нд зохион байгуулна
Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө
Улсын аварга малчин, саальчин, фермер, тариаланч хамт олон, тариаланчдыг шалгарууллаа
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбар 2026 оныг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жилээр зарлалаа
Чингис хааны өв соёлын хүрээлэнг “Чингис хаан” үндэсний музейд нэгтгэлээ
Засгийн газрын урт хугацаат бонд, Монголбанкны үнэт цаас худалдан авахад зарцуулах хөрөнгийн хэмжээг баталлаа