Хотын мээр Г.Мөнхбаярт иргэд талархсанаа илэрхийллээ


-Нийслэлийн ажилгүй иргэдийг газар тариалан эрхлүүлэх хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна. Ажилгүй 1050 иргэн ажилтай ч, орлоготой ч болов

-…Яг л хүүхдээ асарч байгаа юм шиг санагддаг. Хөдөлмөрлөж үр шимийг нь хүртэхийн жаргалыг амсч явна аа, эгч нь. Ажилтай орлоготой ч боллоо. Бүр гэр бүлээрээ ногооныхоо газарт ажиллаж эхэлсэн шүү. Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Жаргалант тосгонд ажлын аагинд халууцсан ажилтай, орлоготой болсондоо баяртай байгаа 1050 нийслэлийн иргэний хэлсэн үг ийм.

2011 онд нийслэлийн дүүрэг, хороо бүрээс судалгаа авч ажилгүй иргэдийг бүртгэн ажлын байраар хангах, бүр тодруулбал тэдэнд газар тариалан эрхлүүлэх санаачилгыг хотын мээр Г.Мөнхбаяр гаргаж билээ.

Эхний жилдээ төмс тариалж нэг га-гаас 9,5 тонн ургац хураан өрхийн орлогоо өсгөж байсан 800 иргэн өнөө жил хүлэмжтэй болж, нарийн ногоо тариалан улсын баяр наадам гэхэд ургацаа хураахаар шамдаж байна. “Өнгөрсөн жилийн ургацын дээжээ олонтойгоо хуваалцаж дүүргийнхээ хөгжлийн бэрхшээлтэй болон өндөр настай хүмүүст өгөхөд тэдний хэлж байсан ерөөлийн үг өнөөдөр бидний ажилд урам өгч байна. Энэ бүхэн хотын даргын иргэдээ гэсэн сэтгэл, бидний хамтын хүч хөдөлмөр юм шүү” гэсэн иргэдийн үгэнд ямар нэгэн нэмэлт хачир байхгүй, үнэн сэтгэлийнх байв.

“Нийслэлийн ажилгүй иргэдийг бүлгийн зохион байгуулалттайгаар газар тариалан эрхлүүлэх хөтөлбөр” хоёр он хэрэгжихдээ хоосон амлалт, хий хийрхэл байсангүй. Бодитой үр дүнтэй, иргэддээ, эздэдээ хүрсэн ажил байсныг өнөөдөр ногоогоо тарьчихаад, үр шимийг нь хүртэн аз жаргалтай алхаж байгаа 1050 хүний хөдөлмөр баталж байна.

Төсөлд хамрагдсан 800 иргэнийг хөтөлбөрт хамруулж 40 бүлэг болгон зохион байгуулалтад оруулахдаа төмс, хүнсний ногоо болон бусад нарийн ногоо тариалах аргад суралцсан байна. Олны хүч оломгүй далай гэдэг. Өнгөрсөн жил иргэд 500 тонн төмс хураан авч, өрхийн хэрэгцээгээ хангаснаас гадна, 340 тонн төмс зарж борлуулан орлого олжээ. Харин энэ жилийг нийслэлээс “Иргэдийн оролцоо-Өрхийн үйлдвэрлэлийг дэмжих” жил болгон зарласан учир хөтөлбөрийг өргөжүүлэн ажилгүй, орон гэргүй орцны гэр бүлийг хамруулснаар 1050 иргэн төсөлд хамрагдаж хүрээгээ улам тэлжээ. Нэг иргэний цаана ам бүлийн гурван хүн байгаа гэж тооцвол төслийн үр дүн иргэдийн амьдралд өгөөжөө өгч эхэлсэн нь илт. Төсөл хэрэгжиж байгаа Тарвагатайн аман дахь 53 га тариалалтын талбайд 105 тонн төмс,  41 хүлэмж шинээр барьж 11 га талбайд найман нэр  төрлийн нарийн ногоо тариалж байна.

Ажил хийвэл ам тосдоно гэдэг. Зөвхөн ногооныхоо талбайг бөөцийлж суусангүй, тэд. Олон бүтээн байгуулалтын ажил Жаргалантад өрнөж байна. Тариалангийн талбайг хашаажуулан, цахилгааны шугам татаж, худаг гарган дэд бүтэц бий болгож, цас тогтоох, салхинаас хамгаалах зорилготой ногоон зурвас байгуулжээ. Сонгинохайрхан дүүрэгт шаваа тавьсан нийслэлийн UB Agro парк бусад дүүрэгт ч мөн хэрэгжих төлөвлөгөөтэй.

Хамгийн гол нь иргэд ажлын байртай, тасралтгүй орлоготой болсноо ам булаалдан ярьж Нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаярт баярласан сэтгэлээ илэрхийлж, ярих биш хийдэг хүн гэдгийг нь нотолж байв.

2012 онд 800 иргэний тоо 1050-д хүрч эгнээгээ улам өргөжүүлсээр. Нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаярын иргэн төвтэй эдийн засгийн бодлогын нэг жигүүр нь энэ.