Аавыг нь хаачсаныг хамгийн сайн мэдэх хүн нь УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил


Бяцхан охин зөнгөөрөө тэр зургийг зурсан. Хар өнгөөр ханын цаасанд зурсан түүний зураг цэцэг, нар, ээж, аавтайгаа хөтлөлцөж алхаж буй өмнөх зургаас нь тэс өөр. Буудуулж буй өрөвдөлтэй хүний тухай. Тэнд нар байхгүй. Цэцэг ч байхгүй. Зөвхөн араатан адил хүн хүнээ буудаж буйг л охин зурсан. Гэхдээ олон удаа. Дөрвөөс ч олон удаа. Харамсалтай нь тэр зураг биелсэн. Аавдаа тохиолдох явдлыг охин мэдсэн юм шиг зурсан. Аавыгаа сэрэмжлээсэй, хараасай гэсэн шиг ханын цаасанд буулгасан. Хар өдрийг сануулах мэт зурагтай ханын цаасаа одоо ч солиогүй гэсэн. Охин аавыгаа хаачсаныг мэдэхгүй. Гэрийнхэн нь хэлэхгүй. Өглөө үнсээд гарсан. Орой эргэж ирээгүй. Охины хувьд аав нь хол явсан. Хаашаа явсаныг ээж нь хэлж зүрхлээгүй. Эргээд ирэхэд нь тэр зургаа харуулж, эцгээ болгоомжлуулахаар охин хүлээн суугаа.

 

Аавыг нь хаачсаныг хамгийн сайн мэдэх хүн нь УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил. Гэсэн ч тэр охинд үнэнийг бас хэлээгүй. Хэлэхийг ч хүсээгүй. Ардчилсан гэх энэ улсад үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө нохой шиг буудуулсан дөрвөн хүнийг дурсаач үгүй. 21 зууны ардчилсан нийгэмд монгол хүн эрх баригчдын намын байранд гавлуулаад шатаж үхсэн. Үнэн нь тэр. Харанхуй бүдүүлэг дундад зууны мухар сүсэгтнүүдийн харгис цаазаар шүү. Талийгаачийн ар гэрийнхнийг тавлах мэт шатсан байрны суурин дээр татвар төлөгчдийн мөнгөөр шинэ ордон барьсан. Шатсан байр байхгүй. Буудуулсан хүн босч ирэхгүй. Ингээд нотлох баримтгүй болсон гэсэн шиг Ц.Мөнх-Оргил иргэдийн төлөө ажиллана гэж УИХ-д нэр дэвшиж байна. Түүнийг төлбөртэй ярилцлага, телевизийн нэвтрүүлгийг харах болгондоо бэлэвсэрсэн эхнэр, хүүгээ алдсан эцэг, эцгээ хүлээх охидууд горьдлогын харцаар харж суугаа. Харин дөрвөн хүний амь үрэгдэхэд Онц байдлын штабын дарга байсан Ц.Мөнх-Оргил уучлалт гуйгаагүй. Харин ч “Цагдаа нар буруугүй” гэж үхсэн хүмүүсийн сүнсийг тайван орхиогүй. Цагдааг шууд удирдаж байсан тэрээр ингэж хэлсээр байгаа нь харин ч цагдаа нар буруутайг сануулаад байна.

 

Долоон сарын 1-ний хэрэгт буруутгагдаад буй цагдаагийн удирдлагуудын шүүх хурал хоёр өдрийан турш үргэлжилж, энэ сарын 7-нд ЦЕГ-ын үүрэг гүйцэтгэгч асан, хошууч генерал Ч.Амарболд, Эргүүл хамгаалалтын газрын дарга асан, цагдаагийн хурандаа Ш.Батсүх нарт 3,6 жил, Нийслэлийн цагдаагийн газрын дарга асан, цагдаагийн хурандаа О.Зоригтод 2,6 жилийн ял оноолоо. Хэв журмын хэлтсийн дарга асан, цагдаагийн дэд хурандаа Г.Ганбаатарыг өршөөлийн хуульд хамруулж ял оноосонгүй. Ингээд бүх асуудлыг шийдчихлээ гэсэн шиг Ц.Мөнх-Оргил УИХ-д дахин нэр дэвшиж байна. Гомдол тайлагдаагүй. Түүнийг хэзээ нэгэн цагт шүүнэ гэдгийг тэр мэднэ. Мэдэхийн дээдээр мэдэж байгаа учраас УИХ-ын гишүүний хамгаалалтанд орохоор улайрч явна. Ингэхдээ ичихгүй “Иргэнд тэгш боломж, Нийгэмд шударга ёс” хэмээн хуурч явна. Уг нь өөрөөсөө шударга ёс нэхэх ёстой хүн.

Таван айлын амьдралыг харлуулчихаад яаж ингэж хэлж, унтаж чаддаг байна аа. Уучлалт гуйх нь байтугай УИХ-д нэр дэвшихгүй гэх совесть ядаж түүнд байсангүй гэж үү. Харвардыг дүүргэсэн хүн ийм байдаг юм болов уу. Малийтлаа инээсэн зургаа зам дагуу байруулчихсан харагдана лээ. Адаглаад Баянгол дүүрэгт амиа алдсан хүний ар гэрийнхэн байгаа гээд арай төв царайтай зураг наах сэтгэл байсангүй, түүнд.

 

Түүнтэй хариуцлага тооцохыг Долдугаар сарын 1-ний хэрэгт хохирогсдын холбооныхон мэдэгдээд буй. Харин Ц.Мөнх-Оргил “Би өөрийгөө сонгуульд оролцох ёс зүйн бололцоотой гэж үзэж байгаа. Үүнтэй санал нийлэхгүй хүмүүс гарах л байх. Гэхдээ үймээн самуун үүсгэж, нийтийг хамарсан эмх замбараагүй байдалд хүргэсэн хүмүүс сонгуульд оролцох эрхтэй гэж үзээд нэрээ дэвшүүлж байгаа цагт миний сонгуульд оролцох эрх хаагдахгүй. Хариуцлага хүлээх хүн нь би биш. Сонгуульд нэр дэвшихэд энэ огт хамаагүй” гэж хэлсэн байгаа юм. Үймээн гаргасан хүмүүстэй хүний амийг хөнөөсөн явдлыг жигнэж болно гэж үү. Энэ нөгөө яриад байгаа тэгш боломж, шударга ёс уу. Хариуцлагагүйгээс чинь болж амиа алдсан гэмгүй таван хүний ар гэрийнхэнд ичихгүй тэр ингэж хэлжээ. Одоо тэрэнд охиных нь өмнөөс харж байгаад “Аавыг чинь үхсэнд би буруугүй” гэж хэлэх л үлдэж. Тэр чадах л байх. Харин түүний энэ үг охинд хичнээн чанга цохилт өгөх бол оо. Охин түүнийг насан туршдаа эцгийг холын холд явуулахад хүргэсэн буруутан гэж ойлгосоор хүмүүжих нь дамжиггүй. Аав нь хэзээ ч эргэж ирэхгүйг мэдсэн өөрөөр яах билээ дээ. Тэрэнд ийм ёс зүй байгаа бол баянголчуудад түүнийг сонгохгүй байх ёс зүй бий гэдэгт итгэх л үлдэж.